Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурван сая дахь иргэний төрөх өдөр, цаг, минутыг хэн ч мэдэхгүй"

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

2014 онд шинэ төрсөн хүүхдийн тоо өмнөх жилүүдээс хамгийн их буюу 82 839-д хүрч, өмнөх оныхоос 3.8 хувиар нэмэгджээ.

Ийнхүү төрөлт нэмэгдсэн сайхан мэдээлэлтэй зэрэгцэн Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сард багтан төрнө хэмээн Статистикийн үндэсний хорооноос мэдэгдсэн. 

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар өнгөрөгч оны сүүлээр гурван сая дахь иргэн болон чацуутнуудыг нь урамшуулах тогтоол  гаргаж  энэ сард нярайлах эхчүүд, гэр бүлийнхнийг нь догдлолд автуулаад буй.

Энэ үед гурван сая дахь иргэнийг хэрхэн тодруулах, урамшуулан алдаршуулах талаар МУ-ын Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас тодруулсан юм.

Гурван сая дахь иргэн төрчихлөө гээд шууд мэдээлэх боломжгүй

Энэ сард багтан Монгол Улсын гурван сая дахь иргэн төрнө гэсэн тооцооллыг манай судлаачид хийгээд байгаа.

Гэхдээ яг хэдний өдөр гэдгийг тогтоох боломжгүй. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дундаж төрөлт, нас баралтыг харьцуулаад тэдний өдөр гурван сая дахь иргэн төрнө гээд дэмий юм яриад  байгаа.Тэр нь ямар ч баталгаагүй.

Бидний зүгээс ч шууд энэ гурван сая дахь иргэн төрж байна гээд мэдээлэх боломжгүй.

МУ-ын харьяалалтай иргэнээс хот, хөдөө орон нутаг, бүр гадаадад төрсөн хүүхдүүдийг бүгдийг төрсөн өдөр цагаар нь дараалуулж, мөн нас баралтын мэдээллийг цуглуулаад гурван сая дахь иргэнийг тодруулж зарлана.

Тэгэхлээр мэдээлэл бүрэн цугларч дууссаны дараа буюу гурван сая дахь иргэн мэндэлснээс 3-4 хоногийн дараа мэдээлэх боломжтой болох ба мэдээллийг нэгэн зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгөхөөр төлөвлөж байна.

 

Хагалгаагаар төрөх нь гурван сая дахь иргэнийг тоолоход оруулахгүй байх үндэслэл биш

Кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүдийг гурван сая дахь иргэнийг тоолоход оруулахгүй гэсэн нь ташаа мэдээлэл.

Кесар хагалгааг тухайн төрөлт эх хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай гэж үзсэн тохиолдолд хийдэг.

Хагалгаагаар төрлөө гээд гурван сая дахь иргэнийг тоолоход оруулахгүй гэх үндэслэл байхгүй.

Гурван сая дахь иргэнийг төрүүлэх гээд санаатайгаар хагалгаа хийлгэх ээж, шаардлагагүй хагалгаа хийх ёс зүйгүй эмч байхгүй гэж найдаж байна.

Ер нь гурван сая дахь иргэний төрөх өдөр, цаг минутыг жирэмсэн эхчүүд, эмч нар байтугай би ч мэдэхгүй. Дундаж утгаар л энэ сард төрнө гэж таамагласан.

Мэдээлэл цуглуулж нэгтгэн дүгнэх ажлыг манай судалгааны ажилтнууд хийгээд тэдний өдөр, тэдэн цагт мэндэлсэн тэр хүүхэд гурван сая дахь иргэн мөн байна гэж мэдээлнэ.

Тэгэхээр хагалгаагаар төрлөө гээд гурван сая дахь иргэнийг тоолоход оруулахгүй гэх үндэслэл байхгүй.

 

30 хүүхэд 70 хүртэлх сая, 220 орчим хүүхэд гурван сая төгрөгийн урамшуулал авна

“Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 400 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70 сая  хүртэл төгрөгийн  үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. 

Судлаачдын зүгээс гурван сая дахь иргэнтэй чацуутан 250 гаруй хүүхэд төрнө гэж тооцож байгаа.

Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх бөгөөд тухайн өдөр төрсөн хүүхдүүдийг чацуутнууд хэмээн үзэж тус бүр гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгохоор журамд заасан.

Мөн 21 аймаг, есөн дүүргийн Засаг даргад гурван сая дахь иргэнтэй хамгийн ойрхон мэндэлсэн хүүхдийг тодруулан 70 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгохыг зөвшөөрсөн.

Манай судлаачдын зүгээс гурван сая дахь иргэнтэй чацуутан 250 гаруй хүүхэд төрнө гэж тооцож байгаа.

Гурван сая дахь иргэнээс гадна 30 хүүхэд 70 хүртэлх сая төгрөгийн урамшуулал, 220 орчим хүүхэд гурван сая төгрөгийн урамшуулал олгоно гэсэн үг.
 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 400

МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДОРХОЙЛОХ, АЛДАРШУУЛАХ ТУХАЙ


Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 25 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар байгуулсан Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комиссын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, бүртгэн баримтжуулж нийтэд мэдээлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханд зөвлөсүгэй.
     
  2. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70,0 (далан) сая  хүртэл төгрөгийн  үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, түүний чацуутнуудад 3,0 (гурван) сая төгрөгийн 1 удаагийн тэтгэмж олгон, нийтэд алдаршуулах арга хэмжээ авсугай. 
     
  3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд  шаардагдах 958,0 (есөн зуун тавин найман) сая төгрөгийн зардлыг хавсралт ёсоор баталж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрсүгэй.
     
  4. Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн 1 чацуутанд энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй. 


Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ч.САЙХАНБИЛЭГ
Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын сайд                                                                 С.ЭРДЭНЭ  

 

Энэ сард нярайлах жирэмсэн эхчүүдээ тайван байлгая

Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг урамшуулан, алдаршуулахтай холбоотогоор энэ сард нярайлах эмэгтэйчүүд дор бүрнээ догдлолтой, гурван сая дахь иргэнийг төрүүлчих юмсан гэсэн хүсэлтэй байгаа.

Жирэмсэн эхийн төрөх өдөр, цаг, минутыг яг таг нарийн  тооцоолох боломжгүй хүн бүр өөр өөр байдаг. 

Энэ үед нь тухайн эмэгтэйн ар гэрийнхэн, хамаатан садан, найз нөхөд нь төрсөн нэгнийгээ "Байж байгаад гурван сая дахь иргэнийг төрүүлэхгүй яав аа", эсвэл төрөх хараахан болоогүйг нь "Бушуухан энэ сардаа амжиж гурван сая дахь иргэнийг төрүүл" гэдэг ч юмуу тоглом шоглоомоор хэлэх нь нярайлаад удаагүй, давхар биетэй ээжүүдэд догдлол дагуулахын хажуугаар бас  сэтгэл зүйн дарамт дагуулж байгаа учир иргэд та бүхэн минь асуудалд хүлээцтэй хандаж, жирэмсэн эхчүүдээ тайван байлгаачээ гэж уриалмаар байна.

Гурван сая дахь иргэн ганц, түүнтэй чацуутнууд 250 орчим тодорно. Харин энэ сард олон мянган эх нярайлах учир тэднийхээ сэтгэл санааг тайван байлгаж амаржуулая.