Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдүүд машин, робот, онгоц бүтээж байна

Э.Бэрцэцэг
2015 оны 1 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

Чулуун гэр, бургасан шилбүүрээр тоглодог байсан Монгол хүүхдүүд машин, робот, онгоц бүтээж эхэлсэн нь 1975 оноос эхтэй. Учир нь тухайн үед ЗХУ /хуучин нэрээр/-ын хөрөнгөөр байгуулсан Залуу техникчдийн ордон анх ашиглалтад орж байжээ.

Харин 1990-ээд оны зах зээлийн шуурганд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хороо татан буугдсанаар манайд инженер техникийн ажилтан, чадвартай боловсон хүчин бэлтгэдэг Залуу техникчдийн ордон бараг үндсэндээ байхгүй болчихоод байв. Тиймээс энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж дахин сэргээгээд байгаа юм.

Бүр тодруулбал, БШУ-ы сайдын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн А/350 тоот тушаалаар Өсвөрийн зохион бүтээгчдийн , лаборатори ахлах сургууль болон зохион байгуулагдаж, өнгөрсөн сард албан ёсоор нээлтээ хийгээд байгаа юм.

Тиймээс энэ удаагийн сурвалжлагаар тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, загвар зохион бүтээх, шинийг хийх, инженер техникийн ажилтан болох хүсэлтэй хүүхдүүдэд мэдээлэл өгөхийг зорьсон юм.

 Үүдээ нээгээд удаагүй байгаа тус төв одоогоор 400 гаруй сурагчтай, 40 орчим багштай ажиллаж байнa. Гол төлөв ахлах ангийн хүүхдүүд суралцдаг аж.

Өмнө нь Ерөнхий боловсролын долдугаар анги төгссөн хүүхдүүдээс Математик, Монгол хэл, Англи хэлний шалгалт авч элсүүлдэг байжээ. Харин ахлах сургууль гэсэн статустай болсон учраас ирэх жилээс аравдугаар анги төгссөн хүүхдүүдээс шалгалт авч элсүүлнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байв.

Хэд хэдэн дугуйлангийн анги танхимаар орж, хүүхдүүдийн хичээлтэй танилцлаа. Аль ч ангид орсон тэнд жинхэнэ ажил ид өрнөх ажээ.

Гарын уртай охид гоё, ганган хувцас урлаж байна. Бүтээлч сэтгэлгээ сайтай хөвгүүд зурах, будах, цавуудаж наах ажилд анхаарлаа хандуулаад, биднийг анзаарах завгүй шахам ажиллах юм.

1970-аад оны үед энэ ордон шинжлэх ухаан, техник спортын гэсэн хоёр танхимтай. ЗХУ-д ч байхгүй техник, тоног төхөөрөмжтэй, техникийн сэтгүүл, сурах бичиг бүхий номын сан, будаг, гагнуур, хэвлэлийн жижиг цехээс гадна металл боловруулдаг том цехтэй байжээ.

Эхэндээ элсэхийг хүссэн хүүхэд бүрийг авдаг байсан бол яваандаа өргөжиж, тодорхой шалгуураар хүүхдүүдийг элсүүлэх болсон байна.

Мөн

  • Автомашин,
     
  • Усан, нисэх онгоцны,
     
  • Пуужин загвар,
     
  • Фото зураг,
     
  • Одон орон судлал зэрэг 30 орчим дугуйланд 2000 гаруй хүүхэд хичээлээс гадуур суралцдаг байв.

Харин одоо тухайн үетэй харьцуулахад үйл ажиллагаа нь бага зэрэг хумигдсан ч тус сургууль дотроо олон курс дугуйлан хичээллүүлдэгээрээ бусад сургуулиас ялгардаг хэвээрээ байна.

Тухайлбал, үсчин гоо сайхан, хувцас дизайнерийн дугуйланд охид ихэвчлэн суралцдаг юм байна. Энэ хичээлийн жилээс нээгдэж байгаа усан онгоц, нисэх загвар, робот загварын дугуйланд хөвгүүд илүү суралцдаг гэдгийг багш нар хэлж байсан.

Мөн тус сургуулийн дугуйлануудад бусад сургуулиудаас ч бас ирж суралцах боломжтой. Зохих хэмжээний төлбөрөө  төлөөд, долоо хоногт хоёр удаа хоёр цагаар хичээллэх боломжтой гэж байсан.

Хүүхдүүд ч бас олон сонирхолтой зүйлсийг өөрсдийнхөө хүсэл сонирхлоор, хүссэн загвараар хийж бүтээж байгаад баяртай байгаагаа хэлж байв.

Залуу техникчдийн ордонд өмнө нь сурч байсан хүүхдүүд:

  • Монголын анхны машин "Мазаалай” (модоор хийсэн), салхиар ажилладаг салхин тэрэг,
     
  • “Пионер" компьютер,
     
  • Хэрэм’' мотоцикль,
     
  • Алсын удирдлагаар ажилладаг "Сансар" робот,
     
  • Цахилгаан хөгжим
     
  • Нүүр гарын саван,
     
  • Үнэртэй ус зэргийг бүтээж,
     
  • Уран сайхны кино хийж, "Залуу зохион бүтээчид" гэсэн гарын авлага бүхний сэтгүүл гаргаж байсан гэдэг.

Харин одоо тэнд суралцаж байгаа хүүхдүүд илүү ихийг хийж бүтээхийн төлөө хичээн суралцаж байна. Энэ тухай зарим хүүхдийн сэтгэгдлийг сонссон юм.

Би нисэх загварын  дугуйланд сурдаг 8б ангийн сурагч Б.Төрмөнх:

-Би энэ сургуулийн  Тооны сонгоны ангид суралцдаг. Нийслэлийн 20 дугаар сургуулиас шилжиж, ирсэн.

Энд ирсэн шалтгаан нь сайн багш нартай, сурагчдаа сайн шахаж өгдөг. Дугуйлан олонтой. Би нисэх загварын дугуйланд сурдаг. 

Би инженер болох хүсэлтэй 8б ангийн сурагч Д.Зулсар:

- Би 31 дүгээр сургуулиас шилжин ирсэн. Энэ сургууль Олон дүгуйлантай учраас надад их таалагддаг. Би робоконы дугуйланд сурдаг. Цаашид инженер болох хүсэлтэй. Тиймээс инженер техникч болох хүсэлтэй хүүхдүүдийг манай сургуульд ирж суралцаарай.

Энд ирснээр олон сонирхолтой зүйлсййг сурч мэдэх болио гэдгийг хэлье. Энэ сургуульд суралцах болсон зорилго бол мэргэжлээрээ дагнадаг, багш нар нь хүүхэд бүртэй тулж ажилладаг зэрэг олон давуу талуудтай гэв.

Ингээд тус сургуулийн Сургалтын менежер, тэргүүлэх багш Г.Энхтогоотой уулзаж, элсэлтийн шалгалт, сургалтын төлбөр зэргийг тодруулав.

Ирээдүйн инженерүүдийг бид бэлтгэнэ

-Залуу техникчдийн ордны үйл ажиллагаа нэлээд идэвхжижээ. Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль болж, өөрчлөгдөөд үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн өмчийн сургууль гэсэн үг үү. Сургуулийн онцлог, сургалтын төлбөрийн талаар товч мэдээлэл өгөөч?

-Хувийн сургууль байсныг нь гаргаад, улсын сургууль нээгдэж байгаа юм байна гэсэн ойлголт хумүүст байх шиг байна. 1975 онд Залуу текникчдиин ордон гэж анх нээгдсэн.

Улсын өмчид хамаарагдах сургууль юм. 

Зөвхөн дугуйлан хичээллүүлэх биш, ерөнхий эрдмийн хичээлээ үзээд хажуугаар нь авьяас чадварыг хөгжүүлэх нь зөв юм гэж үзээд Ерөнхий боловсролын сургууль болгосон. Улсын өмчид хамаарагдах сургууль юм.

Төсвөөс санхүүждэг. Сурагчдын жилийн төлбөр 200 мянган төгрөг. Энэ төлбөр нь төрөлжсөн сургуулийн зардал болон материал хэрэглэгдэхүүний зардалд зориулагддаг.

-Элсэлтийн шалгалтаа хэзээ авах вэ?

- Манайх элсэлтийн шалгалтаа хавар тавдугаар сард болон намар наймдугаар сард явуулдаг юм. Хот хөдөөгийн олон хүүхэд ирж суралцдаг.

Жишээ нь, Хөвсгөл, Дорноговь аймгаас ирж сурч байгаа хүүхдүүд цөөнгүй байна. Шалгалтын оноо дээгүүр хүүдүүдээ хяналтын тоондоо багтаагаад авдаг. Манай сургуулийн зорилго нь сурагчдын бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх.

Энэ хичээлийн жилээс эхлэн их сургуулиудын түшиц сургууль болж, лаборатори сургууль болсноор бид ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилготой ажиллаж байна.

Зураг