Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Хямралтай үед татвар нэмэх нь оновчтой шийдэл биш

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

МАН-ын бүлэг ээлжит хурлаараа 2015 төсвийн тодотголын талаар хэлэлцжээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийг ахалж байгаа юм. 


Б.Чойжилсүрэн “2015 оны төсвийн тодотголыг дагуулаад нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өргөн барьсан байгаа. Эдгээрээс хоёр хуулийг онцолъё. Эхнийх нь Хөрөнгийн татварын тухай хууль. Энэ хуулиар тээврийн хэрэгслийн татварын хувь хэмжээг тухайн орон нутаг нь тогтоодог болно. Ингэснээр авто тээврийн татварыг хоёр дахин нэмэгдүүлэх болж байна. 

Мөн малын хөлийн татварыг бий болгож байна. Малыг хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн татварыг орон нутгийн ИХ өөрсдөө шийдэж тогтоодог болох юм байна. Үүнийг МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаа. 

Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр хувь байсныг гурван хувь хүртэл нэмэгдүүлэх болж байна. 

Одоогийн хуулиар бууны татварт 4-6 мянган төгрөг төлдөг байсныг 50-100 мянган болгож нэмэгдүүлж байна. Хямралтай үед татвар нэмэх нь оновчтой шийдэл биш гэж үзэж байгаа” гэв. 

Мөн урьд өмнө нь байгаагүй Нийслэлийн татварыг бий болгож байгаа аж. Энэхүү татвар  хэрэгжиж эхэлбэл борлуулалтын үнийн дүнгээс хамаарч 0-1 хувь хүртэлх татвар авдаг болох юм байна. Жишээ нь, үр тариа боловсруулахад нэг хувийг суутган тооцно. Үр тариагаа гурилын үйлдвэрт өгөхөд дахин нэг хувь, гурил болгоод хүнсний үйлдвэрт аваачихад мөн нэг хувийг суутгана гэсэн үг юм. Энэ татваруудаас орж ирсэн орлогыг юунд зарцуулахаа тодорхой заагаагүй байна.