Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНЭЭ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА ХОЙШИЛСООР...

Ч.Болортуяа
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нялхсын ЭНДЭГДЭЛ НАЙМАН ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж байгаа. Гэвч нялхсын эндэгдэл эргээд нэмэгдэх болсон нь Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авах хугацааг улам бүр хойшлуулсаар байна.  

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 74,767 эх амаржаад байгаа билээ. Үүнээс амьд төрсөн хүүхдийн тоо 75,213 болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 1692 буюу 2.3 хувиар нэмэгдсэн бол хүүхдийн тоо 1768 буюу 2.4 хувиар өссөн сайн мэдээтэй.  

Төрөлт хэдийгээр ийнхүү нэмэгдэж байгаа ч арваннэгдүгээр сард амьд төрсөн 6449 хүүхэд нь өмнөх оны мөн үеийнхээс 378 хүүхэд буюу 5.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Монгол Улсын хэмжээнд 2014 оны эхний 11 сард нялхсын эндэгдэл 1117 болж, өмнөх оны мөн үеийнхээс 84 хүүхэд буюу НАЙМАН хувиар, ТАВ хүртэлх насандаа 1356 хүүхэд эндэж, өмнөх мөн үеийнхээс 72 хүүхэд буюу 5.6 хувиар тус тус нэмэгджээ. 

Үүнээс арваннэгдүгээр сарыг авч үзвэл нялхсын эндэгдэл 105 болж, өмнөх оны мөн үеийнхээс 25 хүүхдээр, ТАВ хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 122 болж, өмнөх оны мөн үеийнхээс 19 хүүхдээр нэмэгдсэн байна. 

Эхний 11 сард 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 15 болж, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеийнхээс тус бүр нэгээр нэмэгджээ. Үүнээс үзвэл бидний бууруулах ёстой энэхүү үзүүлэлт эргээд нэмэгдсээр байна гэсэн үг. 

График:

Эндсэн хүүхдийн тоо, жил бүрийн 11 сарын байдлаар:


Нялхсын эндэгдэл нэмэгдэх шалтгааныг "Монголын Үндэсний Хүний Хөгжлийн Илтгэл"-д тодорхойлсоноор:

  • Жирэмсэн эхийн хяналт сул
  • Төрөх, эх барих, төрсний дараа үзүүлэх тусламж, үйлчилгээ чанаргүй
  • Хүүхэд болон нярайн эмчийн хомсдолд орсон
  • Эхийн нийгмийн байдал сул дорой
  • Эхийн өвчлөл өндөр, эрүүл мэнд дорой
  • Эрүүл мэндийн мэдлэг боловсрол муу
  • Дутуу болон гаж төрөлт нэмэгдэж байна 
  • Бүртгэл, мэдээллийн чанар сайжирч байгаа
  • Эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалын нөлөө зэрэг их, бага хэмжээгээр нөлөөлж байгааг дурдсан байна. 

UNICEF-ын 2012 оны тайлангаар Хүүхдийн эндэгдлийн түвшинг харьцуулж харвал 1000 төрөлт тутамд Японд гэхэд нялхсын эндэгдэл хоёр, Тав хүртэл насны хүүхдийн эндэгдэл гурав байдаг байна. 

Харин АНУ-д энэ тоо 6-7 гэсэн үзүүлэлттэй байна. 

Хүснэгт: 2012 оны тайлан, зарим улсын жишээ

Улсууд  Нялхсын эндэгдэл   5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 
Япон 2 3
Норвеги 2 3
Испани 4 5
АНУ 6 7
Румын 11 12
Хятад 12 14
Бразил 13 14
Монгол 23 28
Казахстан 17 19
Вьетнам 18 23
Узбекистан 34 40
Энэтхэг 44 56
Афганистан 71 99
Нигери 114 63
Мали 128 80
Сомали 91 147
Замби 56 89

Доктор, дэд профессор А.Солонгын 2010 онд хийсэн нялхсын эндэгдлийн талаарх дорвитой судалгаанаас хойш өөр нийслэл, орон нутгийг хамарсан судалгаа ховор байгаа юм.  

Тус илтгэлд "Нялхсын эндэгдэл нь орчны, нийгмийн, эрүүл мэндийн туслалцаа , соёлын зэрэг хүрээлэн буй орчин нярай хүүхдэд ээлтэй эсэхийг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм.

Өрхийн нэг хүнд ногдох сарын дундаж орлогын бага байх тусам нярай, нялхсын эндэгдлийн түвшин өндөр байна. Харин эхийн боловсролын түвшин дээшлэх тусам нялхас, хүүхдийн эндэгдлийн түвшин буурч байна. Тухайлбал, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролтой эхчүүдийн төрүүлсэн хүүхдийн эндэгдлийн түвшин бага боловсролтой эхчүүдийн нялхас, хүүхдийн эндэгдлийн түвшинтэй харьцуулахад бараг хоёр дахин доогуур байна" гэжээ. 

Сумын эмнэлгийн стандартад нярайн эмчийн орон тоо байдаггүй. 

Ихэнх сумдад төрөх үеийн болон нярайн тэр дундаа эрт нярайн хүндрэлийн үед эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Нярайн тусламж үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж маш доогуур байсаар байгаа билээ.

Эх, нялхсын эндэгдлийн дээр тоочсон учир шалтгааныг БИД БАРАГ бүгдээрээ мэднэ. Эмнэлэгийн нөхцөл байдал хүнд, эмчийн тоо хүрэлцэхгүй, гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол муу зэрэг. 

Тэгвэл нэгэнт хүнд байгаа энэ асуудлуудыг эхнээс нь үйл ажиллагааг нь чанаржуулаад, хяналт тавиад явж болохгүй гэж үү. Эсвэл энэ чигт нь орхисоор байх уу. 

Монголчууд бид гурван сая дахь иргэнээ хүлээж авна гэж хөөрцөглөж байгаа ч Монгол Улсын иргэн болохоор ирсэн бяцхан үрс сард зуу, зуугаараа буцсаар байгаа нь юутай харамсалтай вэ.