Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ундрахгэрэл: Хөдөлмөрлөж чадвал заавал амжилтад хүрдэг

Э.Пагма
2014 оны 12 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа зочноор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хөтөл” дунд сургуулийн Зөвлөх багш, Монгол Улсын тэргүүний багш С.Ундрахгэрэлийг урьж ярилцлаа.

-Таны хувьд боловсролын салбарт хэч­­нээн жил ажиллаж байна вэ. Эндээс ярилц­лагаа эхлэх үү?

-Би 23 дахь жилдээ боловсролын салбарт  ажиллаж байна. 1992 онд МУИС-ийн Био­логийн ангийг төгсч байлаа. 1987 онд Дунд­говь аймгийн 10 жилийн сургуулийг төгсч, тухайн үед онц сурлагатан, багш нар химийн группт шалгалт өгөхийг зөв­лөж, оноогоороо нэгдүгээрт бичигдэж бай­­сан.

Ингээд их сургуулийн хуваарь авч, таван жил суралцаж төгсөөд Хөдөө аж ахуйн дээд  сургуульд дагалдан баг­шаар ажиллаж байсан ч гэр бүлийн хүн маань Хөтөлд амьдардаг байсан учраас энд ирж, суурьшсан. 

Хөтөлд анх ирээд мэр­­гэжлээрээ ажиллах гэтэл орон тоо байх­гүй, Математик, Монгол хэл, Уран зохиолын багш хийж байгаад хоёр жи­лийн дараагаас өөрийн мэргэжил болох биологийн багшийн ажлаа хийсэн дээ.

Ер нь багш болох шиг сайхан зүйл хаа байх билээ. Биологийн хичээл гэж заавал онол заахаас илүүтэй амьдралын ухааныг хамт сургаж, зааж өгдөг. Тийм ч учраас хүүх­дүүд маань надад их хайртай байх шиг санагддаг.   

-Таны хувьд 2013-2014 оны хичээ­лийн жилд Улсын тэргүүний багш бол­сон байна. 23 жилийн турш олж авсан мэр­гэжлээ бусдад хэрхэн түгээж байна вэ?

-Улсын тэргүүний багш болно гэдэг маш том үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, маш олон тусгай үзүүлэлтийг давж байж, энэ хэмжээнд хүрсэн.

Монголын олон мянган багш нараас энэ шагналыг хүртсэндээ баяртай байгаа ч надад олон хариуцлага ирж байгааг мэдэрч, илүү үлгэр жишээч, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, туршлага хуваалцах гэх мэт ажлыг хийж байна. 

Амжилттай байгаа найзыгаа хараад өөртөө итгэлгүй байсан нэг нь өөртөө итгэж, илүү чармайж хичээнэ.

Сургуулийн багш нартаа туршлагаасаа хуваалцахаас гадна Монгол орон даяар өөрийн арга барилаа түгээн дэлгэрүүлэхийн тулд илтгэл тавихаар бэлтгэж байна. Сэлэнгэ аймгийн төдийгүй өөр аймаг сумаас миний олж мэдсэн туршлагыг судлах санал ирж байгаа. Үүнийг ч би дуртайяа хүлээн зөвшөөрч, хандсан хүн бүрийг урьж байгаа.  

-Багш хүнээр хүн хийдэг гэдэг. Тухайн хүүхдүүдтэй аав, ээжээс нь өөрцгүй  ойр­хон байж, тэдний зүрх сэтгэлийг сонсдог шүү дээ. Тиймдээ ч хүүхдүүдэд багш хү­ний үлгэр дуурайл, тэдний үг хамгаас үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Мэдээж 23 жи­лийн хугацаанд маш олон шавьтай болж, тэдэнд сургаалаа хайрласан биз?

-Тэгэлгүй яах вэ. Миний гарын шавь на­раас надтай хамт биологийн багш хийхээс гадна гадаадад суралцах, аймаг, улсын болон гадаад зохион байгуулагдах олон улсын олимпиадад байнга оролцож байна. ЭМШУИС-д миний шавь нар маш олон. Тэд “Багшийгаа өвдвөл газар хүргэхгүй аваад явна” гэж их ярина. 

Энэ мэтчилэн шавь нар минь төгсөөд явсан ч гэсэн эргэж надтай хол­богдон 10 жилийн дурсамж түүхээ яри­хаас гадна талархаж явдгаа их хэлнэ. Нэг жишээ хэлэхэд, манай ангийн нэг хүүхэд хичээлдээ тийм сайн биш ч, өөртөө итгэлгүй, бүрэг, даруухан хүүхэд байсан. Харин тэр сайхан бүжиглэнэ. 

Тиймээс би түүнийг олны өмнө гарч нүүр хагарах, цаашлаад олны дунд хэрхэн биеэ зөв авч явах, олонтой харьцуулж сургах үүднээс бүжгийн тэмцээнд хүчээр оруулсан. Энэ нь түүнд маш том өөрчлөлт оруулсан гэдгийг саяхан тэр маань надад хэлсэн. Одоо төрийн албанд ажиллаж, олон хүнтэй зөв сайхан харьцаж, итгэл төгс болсон гэдгээ дуулгасан. Энэ мэтчилэн олон шавиасаа урмын үг сонсоно.

Эргээд бодоход миний үглэж, дуулж, наана цаана болж явсан маань үр дүнд хүрсэн юм байна гэж бахархах үе бий. Өөрөөр хэлбэл, миний аливааг сурах мэдэх чин хүсэл, тасралтгүй хөгжих гэж хичээж буй зүтгэл ч гэсэн сурагчдад маань үлгэр дуурайлал болдог байх гэдэгт итгэлтэй байдаг.

Мэдээж багш хүн сурагчдынхаа ах, эгч, аав, ээж, найз, туслагч нь байж л түүнийг амжилт руу чиглүүлнэ шүү дээ. Тийм болохоор би аль болох сурагчидтайгаа ойр байхыг эрмэлздэг. Тэгж ч чаддаг гэж боддог шүү.

-Мэдээж улс орны хөгжилд багш хүний үүрэг их. Та хэр сайн боловсон хүчин бэлтгэж байна тэр чинээгээр хөгжлийн хөтөч нь болно.  Та хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд ямар арга зүй ашигладаг вэ?  
           
-Би хэн ч байсан хөдөлмөрлөж чадвал заавал амжилтад хүрдэг гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахыг хичээдэг. Тиймдээ ч аль болох хоцрогдож байгаа хүүхдийг сонгож, тэдэнтэй тулж ажиллаж, давтлага өгч байгаад заавал амжилтад хүргэхийг хичээдэг.

Амжилттай байгаа найзыгаа хараад өөртөө итгэлгүй байсан нэг нь өөртөө итгэж, илүү чармайж хичээнэ. Өөрөөр хэлбэл, би сурагчиддаа сурах арга барил төлөвшүүлэхэд нь тусалдаг. 

Багш хүнд зааж, ойлгуулах арга гэж байдаг шиг сурагчид ч гэсэн сурах арга барилтай байх ёстой. Өөртөө илүү сонирхолтой, амар аргыг олох хэрэгтэй. Тэгж олоход нь багш чиглүүлэх, дэмжих үүрэгтэй.

Ер нь одоо багш нь хүүхдүүдийн дарга биш туслагч байх нь зөв юм байна гэсэн чиглэлээр ажиллаж байна. Тэр нь ч үр дүнгээ өгч байгаа. Тэгээд сурах аргатай болсон хүүхэд цаашид өөрийгөө хөгжүүлээд мэдлэгээ улам баяжуулж чаддаг гэж боддог.  Энэ нь нэг утгаараа улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. 

-Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд багшийн заах арга чухал шүү дээ. Та дээр хэлсэнчлэн хичээлийг сонирхолтой болгох өнөөгийн сургалтын гол зорилго болсон мэт?

-Багш бүрийн зорилго хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шүү дээ. Ямар ч багш ангийнхаа 30 хүүхдийн гурван онцыг нь дэмжээд үлдсэнийг нь өөрсдөө мэдэг гээд орхихгүй. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд заах арга маш чухал.

Эхлээд хүүхдүүдээ оношилж, тодорхойлно. Дараа нь хүүхэд бүрийн сонирхолд нийцэхүйц, сонирхолтой байдлаар хичээлээ явуулахад л бүгд аяндаа хичээлдээ дур, сонирхолтой болоод ирнэ. 

 Хэн ч байсан хөдөлмөрлөж чадвал заавал амжилтад хүрдэг гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахыг хичээдэг. 

Үүнийг л шинэчлэлийн бодлого бидэнд ойлгуулсан. Шавь нараа жигд хөгжихийг харах багш хүний хамгийн том аз жаргал шүү дээ. Шинээр батлагдсан журмууд ч гэсэн манай багш нарт таалагдаж байгаа.

Гол нь багшийн ажлыг цаасаар биш хүүхдийн ахицаар үнэлнэ гэдэгт багш нар үнэхээр баяртай байгаа. Гол нь шударга байгаасай л гэж хүсч байна. Сайн ярьдаг нь биш сайн ажилладаг нь ажлаа үнэлүүлээд урамшууллаа аваад явна гэдэг бол маш зөв.  

-Ер нь багш хүн ямар байх ёстой юм бэ? 

-Би өөрийгөө хүүхдүүдгүйгээр төсөөлж чадахгүй. Хүүхдүүдтэйгээ бужигнаад тэдэнтэйгээ зэрэгцээд сураад явна гэдэг хамгийн их аз жаргал. Багш хүн хүүхдүүдийн орчинд байгаа бол хүүхэд шиг л байх ёстой, яг л тэдэн шиг сэтгэх хэрэгтэй.

Аливаа зүйл тохиолдоход заавал би хүүхэд байхдаа яаж байлаа, миний хүүхэд байсан бол яах байсан бэ гэж боддог. Тэгж байж л багш хүн хүүхдүүдтэй илүү ойр байж, тэднийг ойлгож чадна.

Зураг