Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Нурлан: Дэлхийн мистер болохыг зорьж байна

Ж.Цэцэгмаа
2014 оны 12 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Энэтхэгийн Мумбай хотноо бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд манай улсаас найман тамирчин оролцож эрэгтэйчүүдийн 85 кг-ийн жингийн мастер 40-49 насны ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, улсын найман удаагийн аварга Ж.Нурлан түрүүлж Монгол Улсын анхны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болсон юм. Тэртээ 1990 онд энэ спортыг сонгосон түүний мөрөөдөл 24 жилийн дараа биелэлээ олсон нь энэ. Түүнтэй ярилцлаа. 

-Монголын хамгийн анхны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга боллоо. Баяр хүргэе танд?

-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Бодибилдинг фитнессийн спортын түүхнээ хамгийн анхны Дэлхийн аварга боллоо. Миний ялалт энэ спортын төлөө чин хүсэл эрмэлзэлтэй тамирчдын минь хөлс, хүч, хөдөлмөр, сэтгэл шингэсэн амжилт байлаа.

Урьд нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа өрсөлдөж байсан. Гэвч төдийлөн амжилт үзүүлж чадаагүй. Энэ жилийн хувьд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж ирчихээд нэн даруй бэлтгэлдээ орсон.

Санасан зорилгодоо 100 хувь хүрч бэлтгэл сургуулилтаа хангаж чадсан. Цаашлаад Дэлхийн мистер болох зорилго тавьж байгаа. 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд үлдчихээд их л догдолсон байх даа? 

-Ямарч байсан медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Баярлахын хажуугаар бага зэрэг түгшиж л байлаа.

-Медалийн өнгө юу байв

-/Инээв/ Мөнгө юм уу хүрэл. 

-Бразилийн тамирчинтай аварга уу, мөнгөн медаль хүртэх үү гэдгээ хүлээх мөч мэдээж их л удаан санагдсан болов уу? 

-Тавдугаар байраас эхлээд зарласан. Тав, дөрөв, гурав гээд л. Гуравдугаар байрт шалгарсан тамирчинг зарлахад өөрийгөө мөнгөн медаль хүртчихлээ л гэж бодсон.

Бодибилдинг фитнессийн спортын түүхнээ хамгийн анхны Дэлхийн аварга боллоо.

Яг тэр агшинд Бразилийн тамирчинтай гар гараасаа барьж торгон мөчийг хүлээж зогссон.

Гэтэл хоёрдугаар байрт түүнийг дуудаж би Дэлхийн аварга болсноо мэдсэн. Өөртөө итгэж өгөхгүй л байсан. /Инээв/

-Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэх мөчид юу бодогдож байв?

-Тайзан дээр зөндөө уйлсан. /Инээв/ Аварга болсондоо өөртөө ч итгэхгүй байх шиг. 

-Та өмнө нь “Надад энэ олон жилийн хугацаанд төрийн дууллаа сэтгэлдээ эгшиглүүлэх мөч олон тохиолдсон” гэж байсан?

-Тийм ээ. Энэ жилийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л бэлтгэл сайн орсон. Аварга болно гэдэгтээ ч итгэлтэй байсан.

Гэтэл Ираны тамирчин аварга болж би хүрэл медаль хүртсэн. Энэ үед чинь сэтгэлдээ төрийн дууллаа эгшиглүүлнэ шүү дээ. /Инээв /

-Өнгөрсөн ДАШТ-д зөвхөн алтан медаль бус, насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль хүртсэн нь том амжилт шүү?

 

 

-Тэмцээнд нийт 50 орны 550 тамирчин өрсөлдсөн. Жин болгон өрсөлдөөнтэй болсон. Насанд хүрэгчдийн ангилал 10 жинд болдог. +80 кгд 20 гаруй тамирчинтай өрсөлдөж хүрэл медаль хүртсэн.

Цаашлаад дэлхийн мистер, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд аварга болох зорилго тавьсан. 

-Жин хэр их хасав?

-Харьцангүй гайгүй. Бид жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй байдаг. Харин тэмцээний өмнөх 8-12 долоо хоногт нарийн төлөвлөгөөт бэлтгэлдээ ордог.

Хоол унднаас эхлээд бүх зүйлээ тааруулна. Энэ хугацаанд алсуур жингээ хасчихдаг болохоор гайгүй байдаг юм. 

-Жин нэмэх нь ч хурдан байх?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би 85 кгд өрсөлдсөн. Тэмцээн өндөрлөөд хэдхэн хоног өнгөрч байна. Гэтэл би өнөөдөр 95 кг шахуу болчихож. 

-Олон улс, тив дэлхийн тэмцээний хамгийн гол шалгаруулалт, үзүүлэлт нь чухам юу байдаг юм бэ?

-Тамирчдын биеийн харьцаа байна. Хөл нарийн цээж өргөн байж болохгүй. Булчин аль хэр чанартай байна гээд л.

Өөхөн давхарга бага байх тусам сайн. Мөн булчингийн масс нь хэр том байна гээд олон шалгаруулалт байгаа. Биеийн жигд хөгжил л хамгийн чухал юм даа. 

-Тэсвэр, тэвчээрийг нэн түрүүнд шалгадаг спорт гэж боддог?

-Тийм ээ. Эр хүний тэсвэр тэвчээр шаардсан спорт. Энэ олон жилийн хугацаанд шантрах үе бишгүй олон удаа тохиолдсон. Гэхдээ бодибилдинг, фитнессийн спортод чи нэг л орчихсон бол яагаад ч гарч чадахгүй.

Өнөөдөр шантарлаа гэхэд маргааш өдөр нь инээд алдаад л бэлтгэлдээ явна. Тийм л сайхан, ямар нэгэн үгээр оноод илэрхийлэхэд хэцүү спорт юм даа. 

-Спорт таныг хэрхэн төлөвшүүлэв?

-Амьдралд чин шударгаар тэмцэлдэх чадварыг өгсөн юм болов уу.

-Хоёулаа яриагаа жаахан өөрчлөөд таны энэ спортод хөл тавьсан үеийн дурсамжаас хуваалцах гэсэн юм?

-Бололгүй яахав. 

-Дөрөвдүгээр ангийн жаахан хүү “Алдар” спорт хорооны боксын заал руу шагайж байсан үеэ дурсаач?

-Магван багшийн шавь болж байлаа. Долоодугаар анги хүртлээ боксын спортоор хичээллэсэн.

Бага нас минь Амгаланд өнгөрсөн. Монголын бүх ард түмний спартикиад боксын спортоо орхих сүүлийн тэмцээн болсон байх.

 Эр хүний тэсвэр тэвчээр шаардсан спорт.

-Яагаад?

-Тэмцээнд оролцох гээд Хөтөлд очсон юм. Одоо бодохнээ тэр тэмцээнээс жингээр хасагдаж байсан. Тэр цагаас хойш боксын спортоор дахиж хичээллээгүй. 

-17 настай хүү бодибилдингийн спортод хөл тавих шалтгаан юу байв?

-1990 оны сүүлээр энэ спортоор хичээллэж эхэлсэн. Амгаланд бага нас минь өнгөрсөн гэж хэлсэн. Манай нэг хуурай ах байсан юм. Бодибилдинг, фитнессийн спортын ном, сэтгүүл цуглуулж, энэ спортыг их сонирхоно.

Тэгж явсаар Амгалангийн төв засварын газрын уурын зуухыг тохижуулж, бэлтгэлийн заалтай болсон. Ингэж л бодибилдинг, фитнессийн спортод хөл тавьж байлаа. Ер нь сэтгэл байхад хар төмөр өргөөд ч амжилт олно 

-Өнгөрсөн хугацаанд 25 жилийг энэ спортод зориуллаа. Мэдээж гарын шавь олон байгаа байх?

-Сайн шавьтай болох бодол байдаг. Гэтэл өөрөө тамирчин болохоор бэлтгэлийн цагийг өөртөө зориулчихаад байх юм.

Тэмцээний бэлтгэл сургуулилтын үед хүнд зааж зөвлөөд байх хугацаа гардаггүй. Зорьсон зорилгодоо хүрчихвэл дасгалжуулагчийн байдлаар шавь бэлтгэх бодол бий. 

Зураг