Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

А.Очирбат: "Буруугүй буруутан" магадгүй миний хамгийн сүүлийн жүжиг

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 11
MorninigNews.mn
 

 

Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор СУИС-тай хамтран "Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн "Ахмад үеийн арга туршлага" эрдэм шинжилгээний хурал, "Алтан тайзны эзэд" гэрэл зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулдаг.

Энэ жилийн үйл ажиллагаа гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ.

"Алтан тайзны эзэд" гэрэл зургийн үзэсгэлэн 

Хүндэтгэлийн арга хэмжээнд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв. Энэ жил алтан үеийн болон олон ахмад уран бүтээлчдийн насны ойтой давхцаж байгаагаараа онцлог байсан юм.

Алтан үеийн жүжигчид болох Д. Дамдинсүрэн, Д.Дэндэв нарын 100 насны ой, Н.Дугарсанжаа, И.Батжаргал нарын 90 насны ой, ахмад жүжигчин Д. Баатархүү, Ё. Батсүх, Д.Цээннямбуу, Б.Зориг, Д.Мэндбаяр нарын жүжигчдийн 70 насны ой тохиож байгаагаараа нилээд өргөн цар хүрээтэй боллоо.

Үзэсгэлэнгийн танхимд алтан үеийн болон ахмад үеийн уран бүтээлчдийн ховор нандин зургуудыг дэлгэсэн байв.

Ахмад үеийнхний туршлага эрдэм шинжилгээний хурал

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт найман эрдэмтэн судлаач илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Монголын театрын урлагийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан алтан үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвилыг задлан шинжилж дүгнэлт хийсэн жинтэй илтгэлүүд байсныг дурдах хэрэгтэй болов уу.

Тухайлбал:

  • СУИС-ийн ТУС-ийн тэргүүлэх профессор Н. Ганхуяг "М. Ядамсүрэн бол Монголын орчин цагийн театр урлагийн үндэс суурийг тавигчдын нэг",
     
  • СУИС-ийн ТУС-ийн багш, урлаг судлаач, доктор Д.Батсайхан "Б.Зориг бол Монголын тайз дэлгэцийн урлагийг цогцлуулсан их авьяастан",
     
  • СУИС-ийн ТУС-ийн багш доктрант МУГЖ Л.Чаминчулуун "АЖ Б.Мэндбаярын тайзны дүрүүдийн онцлог" зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцсэн юм.

 

Театрын шүүмж судлалын салбар хөгжиж байж уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, түүний үнэ цэнэ харагддаг. 

Мөн энэ үеэр УДЭТ, СУИС хамтран зохион байгуулсан театрын шүүмжийн тулсын уралдааны дүнг танилцуулсан юм. Театрын Шүүмжийн уралдааныг хоёр дахь жилдээ явуулж байгаа бөгөөд уралдаанд арван зургаан уран бүтээлчийн 22 шүүмж ирсэн аж.

Энэ үеэр СУИС-ийн захирал доктор, профессор Э.Сонинтогос хэлсэн үгэндээ СУИС, УДЭТ театрын цаашдын хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа онцолсон.

Энэ ч утгаараа театрын шүүмжийн салбарт залуу эрдэмтэн судлаачдыг төрүүлэн гаргах, тэднийг бодлогоор дэмжиж ажиллах нь театрын болон соёл урлагийн салбарт дэвшил гаргах үр дүнтэй ажил байх болно гэсэн юм.

Шүүмжийн уралдааны:

  • Тусгай байрын шагналыг "Гэрэгэ" сэтгүүлийн нийтлэлч, МУИС-ийн магистр У.Бямбаням "Амьгүй албатын хот" бүтээлээрээ,  
     
  • Гутгаар байрыг МУИС-ийн утга зохиол, урлаг судлалын магистрант Х.Гэрэлмаа "Хоосон сандалтай ярих уу буюу үзэгчгүй театр" бүтээлээрээ,
     
  • Дэд байрыг  МУИС-ийн доктрант Д.Нямдорж "Хэрээт нийгэм хаашаа явах вэ" бүтээлээрээ,
     
  • Тэргүүн байрыг СУИС-ийн ТУС-ийн утга зохиол, урлаг судлалын тэнхэмийн багш X. Чойдогжамц "Хараачлах үнэний бараа буюу Түвшиний Эдид хаан" хаан бүтээлээр тус тус шалгарлаа.

Театрын шүүмж судлалын салбар хөгжиж байж уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, түүний үнэ цэнэ харагддаг болохыг ч УДЭТ-ын найруулагч Ч.Найдандорж энэ үеэр онцолж байсан. 


Хүндэтгэлийн үйл ажиллгагаа "Алтан тайзны эзэд" баримтат киногоор үргэлжилж, А.Очирбатын зохиол, найруулагч Э.Ёндоншаравын бцтээл "Буруугүй бypyyтан" жүжгээр өндөрлөлөө. Энэ үеэр МУАЖ А.Очирбаттай ярилцлаа.

А.Очирбат "Буруугүй буруутан"магадгүй миний хамгийн сүүлчийн жүжиг

 

 

-Таны уран бүтээлийн гараа хаанаас эхлэснээс яриагаа эхлэе?

-1950 онд "Улсын хүүхэд залуучуудын театр" байгуулагдахад жүжигчинээр орсон. Тэндээ бүх амьдралаа зориулсан. Одоо тэр театр ч байхгүй боллоо, би ч тэтгэвэртээ гарлаа. Драмын театрын жүжгүүдэд тоглож байснаас биш энд харьяалагдаж явсангүй ээ.

-Таныг олон хүн Тунгалаг тамир киноны Итгэлт баяны дүрээр сайн мэднэ. Өнгөрсөн хугацаанд бүтээсэн дүрүүдээсээ аль дүрээ илүү онцолдог вэ?

-Би өөрийнхөө бүтээсэн дүр болгонд хайртай. Бусад хүмүүс миний бүтээсэн зарим дүрийг шүүмжилсэн нь ч байдаг. Тэгэх тусам би тэр дүрээ илүү их хайрладаг.

Яагаад гэвэл би тэр бүх дүрийг амьдруулахын төлөө сэтгэлээ зовоож, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж байдаг. Энэ дүр минь арай л тааруухан болчих вуу даа гэдгийг мэдэж байгаа ч би дүр бүхнээ хайрладаг.

-"Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээний талаарх сэтгэгдэлээ хуваалцаач?

-Энэ бол маш сайхан арга хэмжээ шүү. Ахмад үеийнхнийг хүндэтгэж, залуу хойч үеийнхэнд сургамж болж байгаа юм.

-Өнөө орой таны бичсэн жүжиг тоглогдох юм байна. Буруугүй буруутан жүжиг үзэгчдэд чухам ямар санаа хэлэхийг зорьсон юм бэ?

-Би өмнө нилээн хэдэн жүжиг бичиж, тэр бүх жүжгийг маань соёлын ордон хөдөөний театрууд тавьсан. Энэ жүжиг архины хор уршигийн тухай санааг л хүмүүст хүргэхийг зорьсон.

Нэг хэсэг зөвхөн урлагт төдийгүй бусад бүх салбарт авьяас билэг, эрдэм мэдлэгтэй маш олон залуучууд насан өөд болсон юм. Архинаас болж шүү дээ. Тэгээд л нэг ийм зохиол бичсэн юм. Хэн тоох вэ дээ гэж бодож байлаа. Найруулагчдад уншуулсан чинь харин тавина гэж байна шүү. Магадгүй энэ миний хамгийн сүүлчийн жүжиг байх.

-Таны жүжгэн дээр найруулагчийн ур чадвар аль хэр гарсан юм бол?

-Манай драмын театр арга байхгүй эрдмийн театр юм гэдгийг өнөөдөр би ойлголоо.

Яагаад гэвэл миний нэг муу жүжгийг Ёндонсамбуу найруулаад, Баатар зөвлөөд, дээрээс нь шилдэг жүжигчид тоглолоо. Энэ муу жүжгийг жигтэйхэн өндөр хэмжээнд үзэгчдэд хүргэж чадлаа. Миний сэтгэл хангалуун байгаа. Энэ бүхэнд нь би насаараа баярлаж явах болно.

Зураг