Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дашдорж: МБТССХ-ын тамирчид Дэлхийн спортын их наадамд өрсөлдөнө

Ж.Цэцэгмаа
2014 оны 12 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Спортын салбарт дахин нэгэн холбоо мэндэлсэн нь Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо юм.

Шинэхэн байгуулагдсан холбоог Монголын сагсан бөмбөгийн холбоонд данслагдаж явсан Б.Дашдорж тэргүүтэй үе үеийн “сагсчид” удирдан явуулж байгаа. Байгуулагдаад удаагүй байгаа спорт холбоо жил гаруйхан хугацаанд Баянзүрх дүүрэг болон Польш улсын Плоцк хоттой хамтын ажиллагааны гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулсан.

Мөн түрүүлсэн тамирчдыг Польш, Герман улсаар аялуулж Плоцк хотын өсвөрийн шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хамтарсан бэлтгэл хийлгэх боломж олгож байсан билээ.

Байгуулагдаад удаагүйч, амжилттай ажиллаж байгаа тус холбоо өнгөрсөн 10 дугаар сард Итали улсын Лигнано Саббиадора хотноо олон улсын спорт сонирхогчдын холбоонд элсэж ОУ-ын гишүүнчлэлтэй болсон юм. Холбооны үйл ажиллагааны талаар тус холбооны тэргүүн Б.Дашдоржтой ярилцлаа. 

-Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс “алсуур” үйл ажиллагаа явуулж байна. Ийм холбоо байдаг билүү ч гэх хүн байх?

-Хэвлэл мэдээллээс ангид үйл ажиллагаа явуулах бодол байсангүй. Байгуулагдаад удаагүй байгаа ч шат дараатай үйл ажиллагаа явуулж, түүнийхээ хэрээр хүмүүст танигдсаар яваа. Цаашдаа ч үйл ажиллагааны хүрээгээ тэлэхийн хэрээр илүү олон хүн мэддэг болох байх.

Магадгүй бид ажлаа дөнгөж эхлүүлж байж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр үйл ажиллагаагаа сурталчлах санаа байсангүй. 

-Яагаад энэ холбоог байгуулах санаа төрсөн юм бэ?

-Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагаар бид нэлээн хэдэн жил ажилласан. Ажлаа өөрсдийн саналаар хүлээлгэн өгч яагаад Монголд сонирхогчийн түвшинд тамирчид бэлтгэж болохгүй юм бэ гэсэн санаа төрсөн л дөө.

Санаа нийлсэн хэдэн нөхдөөрөө ярилцаж олон улсын түвшинд судлаад үзэхэд дэлхийн олон оронд биеийн тамир спорт сонирхогчийн холбоо байдаг нь мэдэгдсэн.

Ингэснээр Монгол Улсынхаа хууль дүрмийн дагуу эрхээ авч, татвар гэх зэрэг зохих ёсны бүртгэлдээ хамрагдсан. Хууль дүрмийн дор үйл ажиллагаагаа явуулаад жил гаруйн хугацаа боллоо. 

-Энэ жил олон улсын биеийн тамир, спорт сонирхогчийн холбоонд элссэн?

-Тийм ээ. Өнгөрсөн 10 дугаар сарын 13-19 ны өдрүүдэд Итали улсын Лигнано Саббиадора хотноо олон улсын спорт сонирхогчдын холбооны ээлжит конгресс хуралдсан юм.

 Тус хурлын үеэр 2015 оны дэлхийн спортын их наадмын тоглолтууд явагдах газрын спорт заал танхимтай танилцаж мөн Монгол Улс олон улсын биеийн тамир спорт сонирхогчдын холбоонд албан ёсоор элслээ. 

-Тэгэхээр удахгүй олон улсын түвшинд тамирчид бэлтгэж өрсөлдүүлөх боломжтой болжээ?

-Тийм ээ. Саяхан бид төрийн өмчийн газруудын дундах спортын тэмцээнийг зохион байгууллаа. Сагсан бөмбөг, теннис, шатар гэх мэт. Ирэх зургадугаар сард Итали улсад Дэлхийн спортын их наадам найман төрөлтөөр зохион байгуулагдана.

Сонирхогчийн спорт гэдэг дэвшилттэй тал нь зөвхөн тамирчин бус иргэд спортоор хичээллэж, эрүүл саруул, тив дэлхийд ч өрсөлдөх нэгэн боломж нээгдэж байгаа.

Энэ тэмцээнд эхнээсээ тамирчдаа шалгаруулж авсаар байгаа. Сонирхогчийн спорт гэдэг дэвшилттэй тал нь зөвхөн тамирчин бус иргэд спортоор хичээллэж, эрүүл саруул, тив дэлхийд ч өрсөлдөх нэгэн боломж нээгдэж байгаа хэрэг. 

-Удирдлагууд дээх нь үе үеийн шилдэг сагсчид. Басхүү монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд байсан. Тэгэхээр зөвхөн сагсан бөмбөгийн спортод анхаарлаа хандуулах нь гэсэн яриа гарч байна?

-Үгүй. Бид сонирхогчийн түвшинд үйл ажиллагаа явуулах боломжтой бүхий л спортод анхаарлаа хандуулна. Зөвхөн их спорт гэлтгүй уяачдын дундах тэмцээнийг ч өнгөрсөн жилээс зохион байгуулж байна.

Өвөрхангай аймагт адуучдын дундах аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж морь бугуйлдах, эмнэг бугуйлдах зэрэг тэмцээн зохион байгуулсан. Монголын морин спорт уяачдын холбоо, нутгийн зөвлөлүүд ч энэхүү тэмцээнийг зохион байгуулсанд сэтгэл өндөр байгаа. 

-Их спорт руу...?

-Шаардлага байхгүй. Бид дэмжсэн дэмжээгүй улсаас топ дөрвөн спортын төрөлд анхаарлаа хандуулж тив дэлхийд ч амжилт үзүүлж байна. Сонирхогчийн түвшинд спортоор хичээллэж, тодорхой хэмжээнд амжилт үзүүлэх юмсан гэсэн бодолтой албан хаагчид маш олон бий.

Нэгэн цагт шилдэг тамирчид байсан хүмүүс нас ахих, ажлын шаардлага зэргээр сонирхогчийн түвшинд тоглогч болсон байдаг. Эдгээр хүмүүст чиглэх нь манай холбооны зорилго. 

-Ажилчин албан хаагчдад чиглэнэ гэлээ. Эхлээд ямар спортод сонирхолтой вэ гэдэг судалгааг гаргах нь зүйтэй байх?

-Нэн түрүүний асуудал. Байгууллагууд энэ талаар ханддаг. Удирдах албан тушаалтан нь сагсан бөмбөгийн спортод сонирхолтой бол ажилчид нь волейбол, теннис гэх мэт эрс өөр спортод сонирхолтой байдаг л даа.

Тэдэнд энэ тэнцүү чиглэж, спортын сонирхолыг нь харгалзан үзэж тэмцээн зохион байгуулах хэрэгтэй. Дарга нь сагсан бөмбөгийн спортод сонирхолтой. Түүнийхээ дагуу ч тэмцээн зохион байгуулдаг.

Оролцохыг хүсээгүй ч хамрагддаг ажилчидтай байгууллага нэг биш удаа таарч байсан. Холбооны зүгээс бидэнд хандсан байгууллагат эхлээд очиж судалгаа явуулдаг. Үүний дараагаар тэмцээн зохион байгуулах нь илүү олон хүн хамрагддаг нь мэдэгдсэн. 

-Үүний хэмжээгээр үндэсний хэмжээний асуудал сөхөгдөх байх?

-Тэгэлгүй яах вэ. Ажилчин, албан хаагчид өөр өөрийн сонирхолын хүрээнд спортын төрлөөр хичээллэх нь эргээд хүн амын эрүүл мэндийн асуудалд ч нэн тустай. 

-Шинэхэн байгуулагдсан холбоо Баянзүрх дүүрэгтэй олон жилийн хамтын ажиллагааны гэрээнд үзэглэсэн. Яагаад чухам Баянзүрх дүүргийг сонгох болов?

-Тус дүүрэг нь хүн ам ихтэй. Манай байгууллагыг сонгож хамтарч ажиллаж байгаад ч бид баяртай явдаг. Гэрээ байгуулсаны үндсэн дээр Польш улсын Плоцк хоттой мөн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд сагсан бөмбөг, волейбол, гандбол гэсэн гурван төрөлт спортод хамтарч ажиллаж байгаа. Яагаад гэхээр Плоцк хот нь энэ гурван төрөлт спортод ихээхэн анхаарч амжилт гаргаж байгаа. 

Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулж шалгарсан баг тамирчдыг хамтын ажиллагааны Польш, Герман улсаар аялуулж хамтарсан бэлтгэлд хамруулсан. Энэ жил ч мөн адил тэмцээн үргэлжлэн зохион байгуулагдана. 

-Зөвхөн Баянзүрх гэлтгүй өөр дүүргүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөө бий юу?

-Байгаа. Бидэнд татгалзах зүйл байхгүй.

Зураг