Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүд хонгилд эмчлүүлж байна

Р.Оюун
2014 оны 12 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг

- Өдрийн сурвалжлага -

Өвлийн улирал дөнгөж эхлэнгүүт бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Энэ талаар сурвалжлахаар Яармаг дахь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо.

Биднийг тус эмнэлгийн хүүхдийн тасгийн хаалгаар ороход хүлээлгийн танхим дүүрэн хүнтэй байв. Үүдний өрөөнд хүүхдээ тэвэрсэн аав, ээжүүд эгнэн суужээ.

Зарим нь тэндээ ор засч “тухалсан” байв. Мөн зарим нь эхнэр хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэхээр иржээ. Цааш алхвал, эмнэлгийн коридорт бас нэгэн тасаг үүсчээ.

Энэ ханиад богино хугацаанд хүндэрч, өвчний шалтгаан вирус үүсгэгч олон байна.

Хэд хэдэн ор эгнүүлэн тавьсан байна. Жирэмсэн ээж ой гарантай хүүхдээ унтуулж байв. Хажууд нь зургаан эвхдэг орон дээр хүүхдээ тэвэрсэн аав, ээжүүд хэвтэн эмчлүүлж байсан юм.

Хүүхдийн тасгийн эмч Ч.ГанчимэгЭнэ ханиад богино хугацаанд хүндэрч, өвчний шалтгаан вирус үүсгэгч олон байна. Тухайлбал, цас орж агаар солигдохгүй байгаагаас хүүхдүүд ханиад их хүрч байна. Хэвтэж байгаа хүүхдүүд харшлийн суурьтай, хөөнгө, ханиалгалт их байгаа нь агаар бохир байгаатай холбоотой.

Өдөрт 30-35 хүүхэд ирдэг ч 4-5 хоног ханиалгасан, амьсгалын замын дутагдалтай, цээж нь хэржигнүүр ихтэй ирж байна. Энэ ханиад хүнд явцтай, шимэгдэлт удаантай. Өмнө нь нэг жижүүр эмч ажилладаг байсан бол ачаалал нэмэгдсэнээр хоёр эмч ажилладаг болсон” гэж байна.

Хүүхдийн тасаг 82 ортой ч ханиад томуу ихэссэнээс өнөөдрийн байдлаар 175 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. 80-90 хувь нь хатгалгаа, бусад нь бронхит, вирусийн гаралтай давхар суулгалт байгаа ажээ. Тэр бүү хэл том хүний дотрын тасгийн нэг жигүүрийг суллан 40 гаруй хүүхдийг эмчилж байна. Тиймээс эмч нар эцэг, эхчүүдэд бас зөвлөгөө өгөв.

Хүүхдийн дархлааг сайжруулахын тулд аарц, чацарганы шүүс болон амин дэмтэй хоол өгч, гэрийн дулааныг тогтмол хэмтэй байлгах, ханиад хүрсэн үед сармис хүзүүнд нь зүүхгүй байх хэрэгтэй. Аль болох дулаан хувцаслах хэрэгтэй хэмээн Ч.Ганчимэг эмч зөвлөсөн.


Хүүхдээ сахиж байгаа аав, ээжүүдээс асууж тодруулав. 

Аав Н.Батмөнх:

ХАНИАД НЬ ХҮНДРЭЭД ХАТГАА БОЛСОН

Манай хүүхэд хоёр настай цэцэрлэгт явдаг. Хоёр хоногийн өмнөөс ханиалгаж, халуураад гэнэт хатгаа болж энд ирсэн. Цэцэрлэгүүдэд ханиад томуу их гарч байна. Хоёр дахь өдөр хүүгээ аваачиж өгөх гээд очиход найман хүүхэдтэй байсан.

Ээж Д.Мөнхгэрэл:

БОЛЖ ӨГВӨЛ ГЭРТЭЭ Л ЭМЧИЛЧИХМЭЭР...

-Манай хүүхэд таван настай. Эмнэлэгт хатгалгаа гэсэн оноштой ирж хэвтсэн. Гурван өдөр халуураад хатгаа болчихсон. Эмнэлгийн ачаалал их, хэвтэх ор алга байна. Ийм ачаалалтай байгаа үед болж өгвөл гэртээ л эмчилмээр байна.

Ээж Н.Эрдэнэцэцэг:

ХУВИЙН ЭМНЭЛЭГ Ч ГЭСЭН АЧААЛАЛ БАЙНА

-Эмнэлэгт ирээд хонгилд хоёр хонож байна. Зохих ёсны эмчилгээ хийж байна. 5-6 хоногийн өмнөөс ханиалгаад хатгаа болчихсон. Манай том хоёр, бага нь нэг настай. Хоёулаа энд хэвтэн эмчлүүлж байгаа.

Энд ирэхээсээ өмнө xyвийн эмнэлгээр явсан ч мөн ачаалалтай байгаа болохоор хүлээж авахгүй харьяа дүүргийнхээ эмнэлэгт ханд гэсэн. Би өөрөө жирэмсэн дээрээс нь хүүхэдтэйгээ хонгилд хэвтэн эмчлүүлж байгаа болохоор жаахан хүндрэлтэй байна.

Зураг