Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” өнөөдөр тодорно

Э.Туул
2014 оны 12 сарын 3
Монголын мэдээ

Монголд анх удаа Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу буюу “Wheelchair fashion show” өнгөрсөн жилийн зургадугаар сард зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөсөн билээ.

Тус өвөрмөц загварын шоу нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилгын дор зохион байгуулагдсан юм.

“Wheelchair fashion show” шоуг “Түгээмэл хөгжил” төв, “Урлах Эрдмийн дээд сургууль”, GT загварын товчоо хамтран зохион байгуулсан бөгөөд шоунд тэргэнцэртэй нийт 18 загвар өмсөгч оролцсон юм. Тэдний хувцсыг Урлах эрдэм дээд сургуулийн багш дизайнерууд урлажээ.

 

 

Оролцогчид энгийн, өдөр тутмын болон гоёлын гэсэн 2-4 төрлийн загварын хувцсыг өмсөж сонирхуулан, өөрсдийн өнгө аяс бүхий хөгжмийн аян дээр өөрийгөө илэрхийлэн жүжиглэж байсан нь олны сонирхлыг татаж байсан билээ. Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ийм сайхан шоу зохион байгуулсан нь сэтгэл догдлуулсан үйл явдал болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

Манай орны хувьд 120 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн статистик судалгаа байдаг. Эдгээр иргэд олон хүний төлөөлөл болон зоригтойгоор, айж сандралгүйгээр, жирийн хүмүүс хүртэл ичээд гарч чаддаггүй загварын тайзан дээр гарч, өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадаж байсан нь тэд хэнээс ч дутахгүй гэдгийг илэрхийлж байсан юм. 

Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шоу зохион байгуулсан нь сэтгэл догдлуулсан үйл явдал.

Өнгөрсөн жил болсон “Тэргэнцэртэй иргэдийн шоу”-ны төгсгөлд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Та нар өөрсдийгөө илэрхийлж, бид чадна гэдгээ нийгэмд харуулж чадлаа. Дараа жилийн энэ шоуг ССАЖЯ бүрэн даах болно” гэсэн амлалт өгч байсан билээ. Тэгвэл энэ жилийн наадам өнөөдөр болох гэж байна.

"Тэргэнцэртэй сайхан бүсгүй", "Тэргэнцэртэй хувцас загварын шоу" 2014 наадам Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаагаараа онцлогтой болж байна.

Эхний арга хэмжээ болох “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоунд тэргэнцэртэй 15 бүсгүй дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлэх юм. 

Харин дараагийн үйл ажиллагаа болох “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-н тэмцээнд дээрх 15 бүсгүй гоёлын  болон үндэсний хувцас өмсөн тайзнаа гарч, шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-н эрхийн төлөө уралдах аж.

Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” болсон эмэгтэй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгчөөр сонгогдож, шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнагдах юм байна.

Ташрамд дурьдахад, "Тэргэнцэртэй сайхан бүсгүй”, “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу” 2014 наадмыг “Бид чадна” нэгдэл, “Бриллиант” эмэгтэйчүүдийн холбоо, ИЗИС хамтран зохион байгуулж байгаа аж. 

Зураг