Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ёндон: Үндэсний спорт адил тэгш хөгжөөсэй

Ж.Цэцэгмаа
2014 оны 12 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Үндэсний их баяр наадмын сурын алтан зурхайд 20 насандаа түрүүлж Монгол Улсын мэргэн цол хүртсэн Б.Ёндонг энэ удаагийн "Шинэ танил" буланд уръж ярилцлаа. Түүнтэй спорт, хувийн амьдралынх нь талаар ярилцаж болох ч энэ удаад Улаанбаатар хотноо анх удаа нээгдсэн сурын клубын үйл ажиллагааны талаар ярилцсан юм. 

-Улаанбаатар хотноо анх удаагаа сурын клуб нээгдлээ. Одоогоор хэчнээн хүн хичээллэж байна?

-Монголын үндэсний спорт дундаас сур харвааны төрөл нь бөх, хурдан морины хөгжлөөс арай хоцорч явдаг. Залуу хүний хувьд үүнийг өөрчилж, үндэсний сурын харвааны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэн юм.

Тийм учраас клубээ нээж одоогоор 10 гаруй хүнтэй "Их шавь"-ийн дээд сургууль дээр хичээллүүлж байна. Өнөөдрийг хүртэл өөрийн сурч, мэдсэн зүйлсээ шинэ залуу харваачдадаа заан өвлүүлж, олныг хамруулснаар үндэсний сурын харваа маань илүү их өргөжин хөгжих юм болов уу гэж бодож байгаа.

Үндэсний харвааг хөгжүүлэхийн тулд менежмэнт, хэтийн төлөвлөгөөг маш сайн боловсруулах нь чухал гэж боддог.

-Сурын харваагаар хичээллэхийг хүсэж буй хүн яг үнэнийг хэлэхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй тохиолдол их гардаг л даа?

-Бөхчүүд аймаг, аймгийнхаа дэвжээн дээр очоод бэлтгэл сургуулилтаа хийж болдог. Харваачдад тийм боломж байхгүй. Зарим нэг хүмүүс том цолтой, ахмад харваачдад шавь орохоор очдог ч гэлээ цаг зав нь болж өгдөггүй. 

Үндэсний харвааг хөгжүүлэхийн тулд менежмэнт, хэтийн төлөвлөгөөг маш сайн боловсруулах нь чухал гэж боддог. Надтай хамт бэлтгэл сургуулилтаа хийж улсын цолонд хүрсэн олон сайхан залуучууд миний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг тусалж, дэмжин клубын маань үйл ажиллагаа хэвийн сайхан явж байна.

-Заал танхимын хүрэлцээ, хангамж аль хэр байна даа?

-Мэдээж гадаад талбайг яаж гүйцэхэв. Өөрсдийнхөө боломж бололцооныхоо хэмжээнд л манай үе үеийн аварга арслангууд төрөн гарсан "Их шавь"-ийн дээд сургууль дээр хийж байна.

Энд зөвхөн техникийн бэлтгэл хийж байгаа. Хэдийгээр 23 метр урттай, жижиг зааланд сургалтаа явуулж байгаа ч техникийн бэлтгэл хийхэд жижигдэхгүй. Ер нь тэгээд санаачлага, зүтгэл байвал бүтэхгүй ажил байдаггүй юм байна.

 

 

-Та "Есүхэй мэргэн" холбоог үүсгэн байгуулсан. Өөр ямар нэгэн холбоотой хамтарч ажиллаж байгаа юу?

-Мэдээж өөр албан байгууллагуудтай хамтраад олон хүнийг хамруулах боломж байсан л даа. Аливаа зүйл багаасаа их рүү дэвшиж байж л илүү их үр дүнтэй болдог л доо. Би өмнө нь дүү нартаа нум сумаар хэрхэн харваж, хичээллэхийг зааж сургаж байсан учраас энэ сургалтыг явуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарахгүй байгаа.

Дараа дараагийн ажлаа бүр сайн төлөвлөж, үндэсний сурын харваагаар илүү олон хүн хичээллүүлж, хичээллэдэггүй хүмүүсийг ч хичээллэх хүслийг нь төрүүлэхийг хичээж явна.

-Магадгүй энэ ярилцлагыг уншиж мэдээд бүртгүүлэх бодолтой хүмүүс байвал хэрхэн холбогдох вэ?

-Энэ удаагийн сургалтад хамрагдах боломжгүй. Яагаад гэвэл анхан шатны хичээлүүдээ заагаад эхэлчихсэн учраас хоцорно. Харин дараа дараагийн сургалтанд бүртгүүлээд хичээллэх боломжтой.

Баатарлаг түүхийг бүтээхэд хамгийн их тусалсан зүйл бол нум сум юм.

-Үндэсний сурын харвааны юуг нь түлхүү зааж байгаа вэ?

-Аливаа улсын өв соёлыг үндэсний спорт, соёл урлаг л өөртөө хадгалж байдаг. Улс орны тусгаар тогтнол үндэсний спорт, соёл урлаг дээр тогтдог гэж би хувьдаа бодож явдаг. Ер нь даяарчлагдаж байгаа энэ дэлхий ертөнцөд монголчууд бид үндэсний өв соёл, язгуур шинжээ хэр сайн хадгалж, авч явж чадаж гэмээнэ Монгол үндэстэн төдий чинээ бат бөх хэвээр үлдэж хоцорч чадна.

Манай клубын хувьд үндэсний сурын харвааны ёс жаяг хэрэглэл материалаа хэрхэн зөв хэрэглэх, өөртөө тааруулж өмсөх арга техник зэрэг олон зүйлийг зааж сургаж байгаа. Сургалтанд хамрагдаж байгаа тамирчдадаа анхнаасаа арга техникийг нь заагаад, суурийг нь зөв тавиад өгчихвөл ирээдүйд төрийнхөө наадамд мэргэнээ сорьсон тамирчид болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. 

Ахмад тамирчидтай мэндлэх, нум сумаа дээдлэхээс эхлээд зүйлийг эхнээс нь байна. Монголчууд дэлхийн талыг эзэлсэн агуу түүхтэй, баатарлаг ард түмэн гэдгийг бүхэн мэддэг шүү. Баатарлаг түүхийг бүтээхэд хамгийн их тусалсан зүйл бол нум сум юм. Өвөг дээдсийнхээ сайхан өв уламжлалыг бид өнөөдөр мартаж орхигдуулж яагаад ч болохгүй.

-Дараа дараа сургалтад анхаарах зүйл юу ажиглагдав?

-Би өмнө ийм сургалт зохион явуулж байгаагүй ч гэлээ төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу сургалт маань явагдаж байгаа. Алдаа оноотой зүйл олон байгаа байх. Намайг хичээллэж  эхлэхэд тулгарсан саад бэрхшээл одоо хичээллэхээр буй бүх хүмүүст тул байгаа. Жижиг гэлтгүй алдаа бүрээ тэмдэг, дахин давтахгүйн төлөө хичээж явна.

Зураг