Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл, Монгол банкны хамтарсан шийдвэр удахгүй гарна

Д.Түвшин
2014 оны 12 сарын 2
MorninigNews.mn
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийн журамд орж байгаа зарим өөрчлөлт, амины орон сууцыг ард иргэдэд хөнгөлөттэй үнээр хэрхэн олгохоор төлөвлөж буй зэрэг хүмүүсийн хамгийн их сонирхдог асуудлыг тодруулан ярилцлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт, амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах зэрэг асуудал нь ялангуяа Улаанбаатарчуудын хувьд хамгийн тулгамдсан асуудлын нэг билээ. 

-Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орж амны орон сууцыг хамруулахаар болоод байгаа нь ялангуяа Улаанбаатарын алслагдсан дүүргийн иргэдийн хувьд хамгийн их хүсэн хүлээж, хамрагдахыг хүссэн үйлчилгээ болоод байгаа. Улаанбаатар хот энэ асуудлыг түргэвчлэх, шуурхайлахын тулд ямар ажил хийж байгаа вэ?

-НИТХ-аас өнгөрсөн долдугаар сард орон сууцны хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрөөр Улаанбаатар хотыг орон сууцжуулахдаа үндсэн таван арга замаар асуудлыг шийдэхээр тусгасан юм.Энэ тавын нэг гол арга нь мэдээж амины орон сууцны хөтөлбөр юм.

Улаанбаатарын агаар нь цэвэрхэн, хүн амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх гол хөшүүргийн нэг нь яах аргагүй амины орон сууцны хөтөлбөр гэдгийг манай иргэд ч сайн ойлгож байгаа. Бид Монголбанктай энэ талаар олон удаа яриа хэлцэл хийсний үр дүнд тун удахгүй Улаанбаатар хотын захирагч, Монголбанкны ерөнхийлөгч нар энэ талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах байх. 

Тэр санамж бичгээр Улаанбаатар хотод амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломж бүрдэх юм. Гэхдээ энэ асуудалд нийслэлээс барих хамгийн гол шаардлага нь урьдынх шигээ утаа гаргадаг зуух, яндантай байх юм бол ипотекийн зээлд хамруулахгүй. Харин халаалт, дулаанаа цахилгаан юм уу, ялангуяа байгалийн хийгээр шийдсэн байх гол шалгуур тавих болно. 

Өнөөдөр Улаанбаатарчуудын хувьд хамгийн ноцтой хүндрэл, бэрхшээлийн нэг болчихоод байгаа агаарын бохирдол, утааны асуудлыг шийдэх нэг гол гарц нь шинэ технологиор халуун, дулаанаа шийдсэн амины орон сууц гэж үзсэн учир бид иргэдээ эдийн засгийн аргаар дэмжихээр шийдвэрлээд байгаа юм. Нөгөөтэйгүүр өнөөдрийн эдийн засгийн хямралтай үед орон сууцны эрэлтийг дэмжсэн бодлого явуулах нь олон талын ашигтай гэж үзсэн.

Зөвхөн нийлүүлэлтийг дэмжээд явбал иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Бидний хийсэн судалгаагаар орон сууцны зээлийг найм биш зургаан хувь болговол хамрагдах өрхийн тоо 100 мянга гараад явчихаар байгаа юм. Зээлийн хүүг хоёрхон хувь бууруулахад л хамрагдах өрхийн тоо хэдэн хувиар нэмэгдэх тооцоо гарч байгаа юм.

Нийслэлийн удирдлагын зүгээс найман хувийн моргейжийн зээл дээр нь ажил олгогчийн хувьд багш, эмч, цэрэг, цагдаа болон бусад төрийн байгууллагын албан хаагчдын орон сууцны зээлийг зургаан хувь болгон багасгах механизм боловсруулж, орон сууцны хөтөлбөрт оруулаад явж байна. Одоо бид эдийн засгийн потенциал, энэ тэр юмаа харна. Яваандаа Нийслэлийн орон сууцны корпораци байгуулагдана. Тэр үед энэ асуудлыг цогцоор нь шийдээд явах боломжтой болох юм. 

-Та бүхэн Нийслэлийн орон сууцны корпораци байгуулж, орон сууцны зах зээлд эрэлтийг дэмжсэн томоохон цогц бодлого явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ ажилд зөвхөн таамаг тооцооллоор ороогүй нь тодорхой. Бидэнд жишээ авахуйц бэлээхэн сайн жишээ дэлхийн олон хотуудад байгаа. Тэдний туршлагыг судалсан уу?

-Дэлхийд дахин төлөвлөлт хийгдсэн, тодорхой асуудлуудыг цогцоор нь шийдсэн олон томоохон хот байна. Тэдгээр хотуудын туршлагыг судалж үзэхэд улс оронд нь тулгарсан эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс барилгын салбар, орон сууцжуулах бодлогоороо чирээд аваад гарсан бэлээхэн жишээ олон байдаг юм байна.

Бидний эхлүүлэхээр зорьж байгаа энэ ажил ч цаг үеийн түүхэн шаардлага, Улаанбаатар хотын өмнө тулгараад байгаа агаарын бохирдол, хүн амын өсөлт, цэвэр усны хүрэлцээ, хангамж гээд олон асуудлыг эерэгээр шийдэх бүтээн байгуулалтын томоохон цогц ажил болж, тогтвортой үргэлжлээд явах боломжтой юм. 

-Орон нутагт амины орон сууцны зээлд хамрагдах журамд талбайн хэмжээнд хязгаарлалт тавиагүй байсан. Мөн урьдчилгаа төлбөрт ч тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр заасан юм билээ. Харин нийслэлд хэсэг бүлгээрээ нийлээд дэд бүтцээ шийдсэн тохиолдолд илүү хөнгөлөлт, урамшуулал үзүүлнэ гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Ах дүү хамаатан садан, ажил албаараа нийлж халуун, дулаанаа эрүүл, хоргүй технологиор шийдсэн тохиолдолд илүү хөнгөлөлт, урамшуулал үзүүлж санхүүгийн механизмаар дэмжих болно. Арваас хорин айл нэгдээд орон сууцаа барихаар хамгийн сүүлийн үеийн технологиор халаалт, дулаанаа шийдчихсэн байх л юм бол бидний зүгээс ихээхэн хөнгөлөлттэй зээлд хамруулъя гэж ярилцаад эхнээс нь шийдээд явж байна. Бас нэг онцлог яригдаж байгаа зүйл бол өнөөдөр орон сууц хүссэн иргэдээс 30 хувийн урьдчилгаа нэхээд байвал өгч чадах хүмүүсийн тоо ерөнхийдөө барагдаж байгааг тооцоолсон.

Яагаад гэвэл сүүлийн хоёр жилд явагдсан найман хувийн моргейжийн зээлд бололцоотой хүмүүс нь ерөнхийдөө хамрагдаад дуусах дөхөж байгаа. Ялангуяа төрийн байгууллагуудад ажиллаж байгаа багш, эмч, цэрэг цагдаагийн албан хаагчид ерөнхийдөө хуримтлал гэхээр юмгүй байгаа юм. Түүнээс гадна залуу гэр бүлүүд бол юун хуримтлал манатай, аав ээжийнхээ хажууд, аль эсвэл айлын хажуу өрөө хөлсөөд л амьдарцгааж байгаа.

Яг ийм хүмүүст зориулсан орон сууцны бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Нийслэлийн орон сууцны корпорацийн бас нэг гол зарчим нь энэ асуудалд чиглэх учир сар бүр тодорхой хувиа төлөөд л яваад байвал 10-15 жилийн дараа орон сууцаа хувьчилж авах боломжтой болохоор ажлаа зохицуулаад үндсэндээ дуусч байна. Товчхондоо хүмүүс хүссэн байшингаа захиалж бариулангуутаа урьдчилгаа 30 хувь өгөлгүйгээр шууд ороод амьдрах боломжтой болох юм. Харин гол шалгуур нь байнгын ажилтай, тогтмол орлоготой байх ёстой юм. 

-Гурван жилийн өмнө Перугийн эдийн засагч Эрнендо де Сато гэдэг хүн Улаанбаатарын гэр хорооллыг судалж, эдийн засгийн үнэлгээ хийгээд “Улаанбаатарын гэр хорооллын хөрөнгө бол үхмэл хөрөнгө” гэсэн юм билээ. Ер нь ямар үндэслэлээр тэгж үнэлсэн юм бол?

-Тэр Сато гуайн тооцоогоор бол манай гэр хорооллуудын эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, газар нь нийтдээ долоон тэрбум ам. долларын ханштай юм билээ. Бидний Монголбанктай хийж байгаа яриа хэлцлийн нэг гол механизм нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад оршиж байгаа юм.

Өнөөдөр газартай мөртлөө түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй, түүнийгээ барьцаалж чаддаггүй байдал өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа. Яагаад гэвэл өнөөдөр манай арилжааны банкууд газрыг барьцаалан зээл олгох, худалдаж авах ямар ч сонирхолгүй байгаа. 

Хэрэв иргэдийн банкинд барьцаалсан газрыг нийслэл дуртай үедээ худалдаж авна гэдэг ч юм уу, үнийн доод түвшингээр тогтоогоод өгчихвөл түүнийг барьцаалах эдийн засгийн босго бий болох юм

-Гэр хорооллын дахин төлөвлөлт одоогоор 29 байршилд хийгдэхээр болж, ажил нь эхлээд явж байгаа. Гэхдээ энэ 29 байршил нь Улаанбаатарын багахан хэсгийг эзэлж байгаа. Ер нь цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжлээд яваад байх уу? 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ерөнхий хугацааг бид зургаан жил гэж тооцоолж байгаа. Ер нь бол энэ орон сууцны хөтөлбөр ч 2020 он хүртэл гэсэн цагийн хүрээнд үргэлжилнэ. Яагаад гэвэл тэрнээс цааш дахиад өөр зорилт, хэрэгжүүлэх ажил гарч ирэх нь тодорхой.

Тийм ч учраас одоо хэрэгжүүлж байгаа бүх ажлыг 2020 он гэсэн ерөнхий рамд зангидаад явж байгаа. Бүтээн байгуулалтын хугацааг ч 2012 оноос гэж тооцвол дунджаар найман жил гэж тооцоолж, бүх төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа. 

-Хэсэг сэтгүүлчид нийлээд бэсрэг хотхон байгуулсныг үзэж, дуулсан. Хэрвээ хэсэг бүлгээрээ нийлээд халуун, дулаанаа шийдчихвэл иймэрхүү санал, санаачлагыг хотын зүгээс бүх талаар дэмжих юм байна гэж ойлгож болох нь ээ? 

-Хэрвээ үнэхээр иргэд санаачлагаараа нэгдээд инженерийн байгууламжаа орчин үеийн техникийн дэвшлээр шийдчихвэл хотын зүгээс бүх талаар дэмжихэд бэлэн байгаа. Ганцхан болзол нь нүүрс огтхон ч түлэхгүй, ганц яндан ч байх ёсгүй юм.

Иргэд санаачлагаараа нэгдээд инженерийн байгууламжаа орчин үеийн техникийн дэвшлээр шийдчихвэл хотын зүгээс бүх талаар дэмжихэд бэлэн байгаа.

Одоо үед цахилгаан халаагуур, нарны эрчим хүч, байгалийн хий гээд амины орон сууцны халуун дулааныг шийдэх маш олон эх сурвалж хангалттай гараад ирсэн.

Хамгийн гол нь тэдгээрийн дундаас найдвартай, тасралтгүй ажиллах боломжтой технологийн өндөр дэвшилд суурилсан инженерийн байгууламжаа л манай иргэд шийдэх ёстой. Энэ шалгуурыг л хангасан нөхцөлд бидний Монголбанктай ярилцаж, удахгүй тодорхой болох зээлэнд хамрагдах бүрэн боломжтой болно. 

-Таны энэ яриаг уншаад хүмүүс газраа ямар үнэтэйг мэдэх гэж, болж өгвөл банкинд барьцаалах боломж юу байна гээд л шуугилдах байх даа. Ер нь ингэхэд өнөөдөр газрыг хэрхэн, яаж үнэлж байгаа юм бэ? 

-Одоо бол захиргааны журмаар юм уу дээрээс тогтоочихсон суурь үнэлгээ байгаа л даа. Гэхдээ тэрхүү суурь үнэлгээ олон тохиолдолд бодит байдалтай нийцдэггүй л дээ. Тийм ч учраас бид газрыг бодит үнэлгээтэй болгон, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Монголбанктай тодорхой яриа хэлцэл хийгээд явж байна.

Өнөөдөр та газраа банкинд тавиад алдчихлаа гэхэд тухайн банк тэр газрыг зарж борлуулах бүрэн боломжтой байж гэмээнэ л таны газар барьцаа болж, эдийн засгийн эргэлтэд орж байна гэсэн үг. Тэгэхгүй баахан үхмэл газартай болчихвол барьцаанд авсан банк нь дампууураад алга болно шүү дээ.

Тэгэхээр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ерөнхий зүйлд нь Улаанбаатар хотын зүгээс хэрхэн оролцох вэ гэвэл тэр газрыг тодорхой үнээр худалдан авах баталгаа гаргаад өгчихвөл банкууд “Энэ хүний ийм газрыг бид барьцаанд авчихсан юм. Одоо танайх энэ газрыг ав” гэхэд нь хот тодорхой мөнгө гаргаж банкны өрийг хаан газраа аваад тэр газар дээр дахин төсөл хийгээд цааш нь зараад явбал хэд дахин ашигтай байх боломжтой. Ер нь судлаад байвал маш их боломж байгаа юм. Нийслэлийн зүгээс олон ажил төлөвлөж байгаа, хэрэгжүүлж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. 

-Энэ ажил хэзээнээс хэрэгжих вэ. Өөрөөр хэлбэл Монголбанктай эцсийн тохиролцоонд хэзээ хүрэх бол?

-За ямар ч гэсэн олон удаагийн уулзалт их ажил хэрэгч байдлаар болсон. Хамгийн гол нь эдийн засгийн механизмаа маш зөв тогтоох ёстой юм.

Орон сууцны их эрэлтийг дэмжсэн, эдийн засгийн механизм бий болгох асуудлыг олон талаас маш нухацтай, ямар ч алдаа мадаггүй шийдэх ёстой. Энэ бол шууд үйлдвэрлэгчдэд олгодог зээлтэй адилгүй юм л даа.

Урьд өмнө нь ерөөсөө байгаагүй зүйл шүү дээ. Хамгийн гол нь хотын захиргаа, Монголбанк хоёр тун удахгүй энэ талын шийдвэрээ гаргаж Улаанбаатарчууддаа мэдээлнэ гэдгийг эцэст нь хэлье. 

Зураг