Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Үндсэн хуульд дураараа өөрчлөлт оруулж болохгүй”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн 80 насны ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Үндсэн хуульт ёсны төлөвшил, хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнд болж байна. 

“Чимид сан”-гаас зохион байгуулж буй тус хуралд Б.Чимид агсны гэр бүлийнхэн, хамтран ажиллагсад, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож байна. Эрдэм шинжилгээний хуралд нийт арав гаруй илтгэл тавигдах юм байна.

“Чимид сан”-гийн тэргүүн Ч.Батцогт 
Өнөөдрийн бага хурлын илтгэл хэлэлцүүлгийн тавь гаруй хувь нь аавыг маань эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, багш гэдэг үүднээс нь дүгнэж, дурсаж байгаа юм. 

Мөн олон улсын бага хурал гэдэг утгаараа АНУ, Япон, Солонгосын Үндсэн хууль судлаач эрдэмтэд ирж өөрийн илтгэлээ тавина. 

Шавь нар нь ааваар минь удирдуулж явсан эрдмийнхээ ажлыг бас хэлэлцэнэ. Дүгнээд хэлбэл хувь хүнийх нь хувьд эргэн дурсах, хийж бүтээсэн зүйлийг нь үргэлжлүүлэх зорилготой”.

 

 

Академич, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн С.Нарангэрэл 
“Би Б.Чимид багшийн гарын шавь. Олон жил энэ хүний шавь байсны хувьд багшийнхаа эрдэм шинжилгээний ажил, бүтээл туурвилыг сайн мэдэх хүний нэг. Б.Чимид багш бол Монголын Хууль зүйн дээд боловсролын загалмайлсан эцэг, Хууль зүйн шинжлэх ухааны ноён оргилуудын нэг гэж үздэг.

Би өнөөдрийн хурал дээр хоёр гол санааг хэлэхийг хүссэн юм. 

Нэгдүгээрт, Б.Чимид багшийн эрдэм шинжилгээний олон бүтээлийг он дарааллаар нь ботьлож хэвлээд нийтийн хүртээл болгох ажлыг ойрын үед зохион байгуулах,

Хоёрдугаарт, хууль зүйн бакалаврын түвшний мэдлэгийг заавал Монголдоо эзэмших хэрэгтэй. Учир нь эх орныхоо үүх түүх, Монгол улсын хуулиуд, эрдэмтдийн бүтээлийн эх хэл дээрээ уншиж танилцах нь чухал юм” гэв.


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тухайд...

С.НарангэрэлЁс суртахууны эрхэм чанаруудыг уландаа гишгэснээс болоод өнөөдрийн ийм байдал руу орчихсон. Одоо тэгээд өөрсдийнхөө бүх алдаа дутагдал, завхралыг Үндсэн хууль руу хийж гарах гээд оролдоцгоож байна” гэдгийн онцолсон бол

 

Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.АмарсанааҮндсэн хуулийг огцом биш, тухайн үед нь зохицуулаад өөрчлөөд явах нь нийгмийн үзэгдэл. Энд айгаад, сүрдээд байх зүйл үгүй. Харин дураараа өөрчлөлт оруулах нь байж болохгүй зүйл. 

Жишээ нь 1999 онд МАХН, МҮАН, Социал Демократ нам улс төрийн хуйвалдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.“Дордсон долоо” гэж нэрлэлэг. Үүнийгээ одоо засаж залруулах ёстой. 

Бүгдийг нь буцааж болно, заримыг нь буцааж болно. Тэгээд дараа нь нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаа яриад явах боломжтой. Юу юугүй Үндсэн хууль руу бүхнийг чихэж, гадаадын нэг орон руу яваад ирэхээрээ л “Ерөнхий сайд нь ийм эрхтэй юм байна. Гоё юм байна” гээд Үндсэн хуулиа өөрчлөх гээд зүтгээд байдаг” гэв.

Тус эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд  Хууль зүйн Үндэсний хүрээлэнд Б.Чимидийн эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнг дэлгэжээ.