Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд 888 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Авто замын ачаалал нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр зам тээврийн осол буурахгүй байна.

Он гарсаар эхний арван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд л гэхэд 888 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Ослын улмаас найман хүүхэд амь насаа алдаж, бусад нь гэмтэл авсан байна.Хөвгүүд 542, охид 361 байна. Хөвгүүд илүү хөдөлгөөнтэй учраас амжиж гарах гээд аваар осолд их өртөж байгааг эх сурвалж хэлж байгаа юм.

Насны онцлогоор нь аваад үзвэл 8-14 насныхан 423, 0-7 настангуудад 372, 15-18 настангууд 108 хүүхэд өртжээ. Хүүхдүүд ихэвчлэн гэрээсээ гараад сургууль, цэцэрлэгт явах, буцаад ирэх замдаа осолд өртдөг юм байна. Өөрийнх нь хүүхэд л ийм асуудалд өртөхгүй бол томчууд энэ тоо баримтнаас дохио авч, сонор сэрэмжээ дээшлүүлэхгүй байгаа нь харамсалтай. 

ЗАВГҮЙ 

Эцэг эхчүүдийн завгүй, завгүй гэдэг үгний цаанаа хүүхэд хохирох явдал их байгаа нь харамсалтай.

Хүүхдээ осолд орохоор хэдэн өдөр ажлаасаа чөлөө авч, эмнэлэг гэр хоёрын хооронд гүйж, мөнгө санхүү эрүүл мэнд сэтгэл санаа гээд маш их зүйлээр хохирдог. Хүүхэд нь амь насаа алдсан эцэг эхчүүдийн хувьд төсөөлөхийн ч хэрэг байхгүй.

Бусад орнуудын жишгээр бол ажил гэр сургууль цэцэрлэг нь хотхоны зохион байгуулалтанд орж, өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, ажилдаа явж, хүүхэд нь сургуулийнхаа дотуур байранд амьдраад төрийн бодлогоор гэр бүлийн асуудлыг шийдвэрлэсэн сайхан жишээнүүд олныг дурдаж болно.

Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч авах байтугай ажилдаа арайхийн амжиж ирдэг залуу ээж аавуудад төрийн бодлого үгүй юмаа гэхэд байгууллагын дотоод зохион байгуулалт шаардлагатай байгаа юм.

БИД ЯАХ ВЭ? 

Сургуулийн эргүүл ажиллуулж, цацруулагчтай цүнх үүрүүлж, хүүхдийн нийтийн тээврийн хэрэгсэл явуулдаг болсон гээд нийслэл хотын хэмжээнд багагүй ажлууд хийж байгаа ч гэртээ энэ талаар ярьдаггүй, хичээлээсээ хоцров гэж үүрэгдэж загнадаг ээж аавууд минь 888 гэсэн тоо бидэнд томоохон дохио өгч байна. 

Нөгөө талаар эрхэм жолооч та бүхэн дор бүрнээ нэгийг бодож, замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, эрдэнэт хүний амь насанд халдах, эрүүгийн хэмт хэрэгтэн болох, эд хөрөнгөө эвдэж сүйтгэх олон талын эрсдлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.