Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацэрэн: Олимп, ДАШТ-ээс медаль хүртэх миний туйлын зорилго

Ж.Цэцэгмаа
2014 оны 11 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүд тив дэлхийд хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор нэрлэгдэх болсон. Олимп, дэлхийн дэвжээнд медаль хүртэх, тив дэлхийгээс медалийг бөөнд нь хүртэнэ гэдэг тэдний “энгийн” үзэгдэл болсон мэт.

Шигшээ баг тамирчдаас 55 кг-ын жинд улсын “босоо” аварга, олон улсын хэмжээний мастер, Азийн тоглолтын мөнгөн медальт С.Бямбацэрэнтэй ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Чуваш хотноо болсон ОУ-ын тэмцээнд түрүүлж аваргын алтан медаль хүртсэн юм. 

-Юуны түрүүнд алтан медаль хүртсэнд баяр хүргэе?

- Баярлалаа. ОХУ-ын спорт яам, Чуваш улсын ерөнхийлөгчийн санаачлагаар олон улсын зэрэглэл, шагнал өндөртэй тэмцээн зохион байгуулагдсан. Манай тамирчдын хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, “Хасу-Мегават” клубын дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор оролцлоо. Түрүүлсэндээ сэтгэл өндөр байгаа.

-Тэр дундаа аваргын алтан медалийн төлөөх барилдаан нэлээн өрсөлдөөнтэй болсон?

-Зооны барилдаан бүр их хүндрэлтэй болсон. Ер нь ОХУ-ын шилдэг, бяртай бөхчүүдтэй өрсөлдсөн. Багш минь “Чамаас илүү бяртай хүн гэж байхгүй” гэж хэлсэн. Энэ нь маш их урам орсон. Хэсгийн барилдаанд таарсан бөхчүүдээ ялахад хамгийн их нөлөө үзүүлсэн нь Б.Батбаяр багшийн минь үг байсан. 

Ялахад хамгийн их нөлөө үзүүлсэн нь Б.Батбаяр багшийн минь үг байсан.

-Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт ОХУ-ын бөх Валерие Коблова. Та 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялагдаж байсан. Энэ удаад даагаа нэхэж чадсан?

- Тийм ээ. Нутагт нь ялна гэсэн бодолтой байсан. Санасандаа ч хүрсэн. Өндөр шагнал, даагаа нэхэх даацтай хөл авсандаа өөртөө болон багшдаа баярлаж байлаа. /Инээв /

-2014 он. Амжилт бүтээлээр дүүрэн байна. Тэр дундаа БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн тоглолтын наадам?

-Зорилгынхоо үзүүрээс атгасан тэмцээн. Бас л хүсч, тэмүүлж, зорьж явсан тэмцээний нэг. 

-Тэмцээний эхэнд Киргизийн бөхтэй хүч үзсэн. Хамгийн хүнд барилдаан болсон?

- Тийм ээ. Урт мөчтэй, тэнхээтэй бөх. Барилдахад тун хүнд. Ана, мана өрсөлдөж би сүүлийн оноогоор ялсан. 

-Эхлэлээ сайхан тавьчихлаа. Сүүлийн учраа олимп, дэлхийн хошой аварга Японы алдарт тамирчин Саори Йошидо?

-Үнэхээр чөлөөт бөхийн дэлхийн домог болсон цуутай тамирчин. 

-Өмнө нь ДАШТ-д учраа таарч байсан. Харин энэ удаад ямар тактиктай гарав?

-Багш нартайгаа ярилцаж байгаад гарсан. Ялна л гэж дэвжээнд гарсан. Болж өгөөгүй ээ. 

-Тэмцээний дараа Саори Йошида хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Монгол тамирчин бяр ихтэй. Биднээс тэнцүү барилдаан гарсан” хэмээн хэлсэн?

-Туршлага илүү тамирчин. Бид насны хувьд 10 гаруй насны зөрүүтэй байх. Гэхдээ би бүх зүйлээр дутахгүй өрсөлдөнө л гэж бодож барилдсан. Түүний хэлсэнээр бярдуулсан тохиолдол бол гараагүй. 

-Та Азийн тоглолтын өмнө ДАШТ-ээс медаль хүртчих бүрэн бололцоотой байсан?

-Оролцож чадаагүй. 

-Бүтэн жилийн хугацаанд ДАШТ-д өрсөлдөх тамирчны нэгээр та нэрлэгдэж нэрс тодорсон байсан. ДАШТ-д өрсөлдөх боломжгүй болсоноо мэдэх хэцүү байсан нь гарцаагүй?

-Удирдах зөвлөлүүд болоод холбооны шийдвэрээр ДАШТ-д явах боломжгүй болж миний оронд А.Батцэцэг өрсөлдөхөөр болсон. Өөртөө л их гомдож байлаа. 

-Тэмцээнд өрсөлдөөгүй ч, дэвжээний хажуугаас үзсэн. Медаль хүртчих боломжтой байждээ гэж бодож байв уу?

-ОУ-ын тэмцээн уралдаанд эн тэнцүү өрсөлддөг тамирчид медалийн тавцанд зогсч байсан. Мэдээж тэднийг хараад Монгол Улс хоёр ч дэлхийн аваргатай буцах боломж байж дээ гэж бодож байсан. /Нулимс цийлэгнэв/

- Бүх зүйл ард үлдсэн болохоор одоо 2015 оны Лос Анжелосын ДАШТ-д төвлөрөх л үдлээ. Олимпийн эрх олгох тэмцээн?

-Тийм ээ. Маш хариуцлагатай жил удахгүй эхлэх гэж байна. Он гараад улсын аварга шалгаруулах тэмцээн, “Mongolia open” тэмцээн болно. Уг тэмцээндээ түрүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх нь нэн түрүүний зорилго. 

-Мэдээж ДАШТ-ээс медаль хүртчих юм бол 2016 оны олимпийн наадам хүлээж байна?

-Тэгэлгүй яахав. Хүсч, тэмүүлж ирсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртчих юм бол 2016 оны олимпийн наадамд бүр ч илүү итгэлтэй өрсөлдөх байх. 

-2012 оны Лондонгийн олимпийн наадмаас эрс өөр дүр зураг?

-/Инээв/ Мэдээж. 2012 оны Лондонгийн олимпийн наадам надад их зүйл төлөвшүүлсэн. Эхний тойрогтоо ялагдал хүлээсэн ч, маш их зүйл ухааруулсан. Магадгүй “Чи дахин ийм боломж ирвэл хэцээ ч алдаж, ялагдаж болохгүй” гэж чихэнд минь шивнэх шиг болсон. 

-Хариуц­лагатай жил хаяанд ирчихлээ. Хажуугаар нь 58 кг-д дотоодын өрсөлдөөн бүр ч илүү чангарч байна?

-Тийм ээ. Хэн нь ч, хэнийгээ ялж дэлхий, олимпийн наадамд өрсөлдөх боломжтой. Ийм өрсөлдөөнтэй байж бид ОУ-ын тавцанд хүчтэй өрсөлдөж байна. Өрсөлдөгч ихтэй байна гэдэг ер нь давуу тал ихтэй.

-55 кг-ын бөх, ОУХМ- С.Бямбацэрэн хэмээн танигдсан. Гэтэл одоо жин өсч 58 кг-д өрсөлдөж байна. Жиндээ дассан уу?

- Харьцангуй хурдан дассан. Шинэ дүрмийн өөрчлөлтөөр 55 кг олимпийн бус жин болсон. Ингэхээр би 53 юм уу 58 кг-д өрсөлдөх хэрэгтэй болсон. Жин нэг их хасахгүй болохоор бяртай сайхан барилдаж байгаа. МУГТ Ц.Энхжаргал бөх болоход нөлөөлсөн

-2012 он. Монголын бүх ард түмний спортын их наадам тодоос тод санагдаж байна. Таны хувьд бүх өрсөлдөгчөө ялж илүү ихээр танигдаж байлаа?

-Тийм ээ. Түрүүлэх л гол зорилго байсан. 

-Яг сарын өмнө БНХАУ- д болсон олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөж мөнгөн медаль олимпийн эрхийг Монгол Улсад авч ирсэн. Энэ эрхийг өөрийн болгох нь туйлын зорилго байв уу?

-Мэдээж хэрэг. Санасандаа ч хүрч сайхан барилдсан. 

-Спортын сэтгүүлч хүний хувьд тэр үеэс таныг илүү ихээр мэдэх болсон. Яг спортод хэдий үеэс орж ирсэн юм бэ?

-2007 он. Ээж минь жаахан байхад “Миний охин бөх болохгүй юм уу” гээд их хэлнэ. Тэгэхэд нь “Эмэгтэй хүн бөх болно гэж юу байдаг юм” гэдэг байж билээ. Ингэж явсаар аймгийн аварга шалгаруулах тэмцээн болдог юм байна.

Аймгийн төвд 10 жилийн байранд цуг амьдарч байсан охин тэмцээнд өрсөлдөнө гэв. Би ч ороод үзвэл яадаг юм бол гэж бодогдсон. Чөлөөт бөхийн ямар ч ойлголтгүй хүн 52 кг-д өрсөлдөж түрүүлчихэж билээ. Тэр жилдээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэр дундаа Ц.Энхжаргал эгч надад тамирчин хүн болоход маш их нөлөөлсөн. 

-Яагаад?

-Спортын төв ордонд аймгийн багш, тамирчидтай УАШТ үзээд сууж байсан юм. Дэвжээнд нэг их булчинлаг, мундаг бөх гарч ирээд өрсөлдөгчөө ялсан нь Ц.Энхжаргал эгч байсан юм. Багшдаа” Энэ эгч ямар мундаг юм бэ” гэсэнд МУГТ хүн шүү. Миний охин ч гэсэн бэлтгэлээ сайн хийвэл удахгүй ийм мундаг бөх болно гэж байсан. 

-2008 он. “Аварга” биеийн тамирын дээд сургуульд Х.Намшир, Ю.Гандолгор нарын удирдлага дор хичээллэж эхэлсэн. Анхны томоохон тэмцээн юу байв?

-Тийм ээ. ОУ-ын тэмцээн уралдаанд өрсөлдөж эхэлсэн. 2009 оны залуучуудын Азийн аваргад дөрөв, дараа он нь насанд хүрэгчдийн АТАШТ-д хүрэл медаль хүртсэн.

-Олон улсын тэмцээн уралдаанаас хамгийн томоохон амжилтын нэг нь 2013 оны дэлхийн шилдэг найман орны дундах дэлхийн цомын тэмцээн?

-Тийм ээ. Манай оронд болсон. Нутгийн дэвжээ ээлээ хайрлаж түүхэндээ анх удаагаа багаараа мөнгөн цомын эзэд болсон. Баяртай явдаг.

-Нутгийн дэвжээнээ ялагдах эрхгүй байсан нь мэдээж?

-Мэдээж. Үзэгчид заалаар дүүрэн алга ташаад л. Гарах, барилдах бүртээ ялагдах эрхгүй шүү гэж өөртөө хэлж байлаа. Шигшээ баг тамирчдын мөн 2015 оны гол тэмцээн бол дэлхийн цом. 

-Тамирчин хүний ар тал, гэр бүл маш чухал?

- Миний аав өөд болсон. Ээж минь Өмнөговьд байдаг. Хотод одоогоор эгчтэйгээ амьдардаг. Ах, эгч, дүү гэр бүлийнхэн минь тусалж, сэтгэлээрээ дэм болдог болохоор би өдий хэрийн амжилттай яваа юм болов уу.

Магадгүй ээжийн минь охиноо гэсэн сэтгэл нь хорвоод зөв амьдруулахад минь түшиг болдог байх. Энэ дашрамд гэр бүлийнхэндээ баярлаж явдаг шүү. Та нартаа хайртай гэж хэлмээр байна.

-Ээждээ хэр их баярлалаа, хайртай шүү гэж хэлж байв?

-Байнга хэлж чаддагүй юм аа. Тэмцээн уралдаанд амжилт үзүүлээд “Баярлалаа ээжээ” гэж хэлнэ. Мөн аав минь байсан бол гэсэн үе бишгүй олон бодогддог юм. 

- Тамирчдын гэр бүл орхигдох гээд байдаг?

-Тиймээ. 

-Тэр дундаа үр хүүхэд, хань ижил?

-Одоохондоо найз залуу байхгүй. Ойрын хугацаанд тийм төлөвлөгөө байхгүй. Шил, шилээ дагасан бэлтгэл, тэмцээн уралдаандаа л төвлөрч байна. Эргээд харахад зорилгоо биелүүлээд, амжилтад хүрсэн байвал миний туйлын зорилго. 

-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа?

-Та бүхэнд бас баярлалаа. Энэ дашрамд намайг дэмжиж явдаг шигшээ баг, тамирчид, багш нар болон “Хүчит чулуу” комани, Аврагч спорт хороо болон дэмжиж тусалж явдаг хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

 

Зураг