Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Николь Кидман: Хэсэгхэн хугацаанд Грэйсийн амьдралаар амьдрах сайхан байлаа

Монголын мэдээ
2014 оны 11 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Холливудын жүжигчнээс Монакогийн гүнж болсон үзэсгэлэнт Грэйс Келлигийн тухай кино дэлгэцнээ гараад удаагүй байна. Хэдийгээр Монакогийн үзэсгэлэнт гүнжийн зуурдын үхлээс хойш 30 гаруй жил өнгөрсөн ч хүмүүс түүний гоо үзэсгэлэнг шагшин магтаж,  тоглосон кинонуудыг нь одоо ч үзэх дуртай хэвээр байдаг юм. Крэйс Келлигийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Монакогийн Грэйс” кинонд домогт жүжигчний дүрийг амилуулсан Николь Кидманы киноныхоо талаар дэлгэсэн ярилцлагыг хүргэж байна.

-Бодит хүний амьдралаас сэдэв­лэсэн тэр дундаа холливудын домог болсон жүжигчин, Монако­гийн гүнж Грэйс Келлигийн дүрийг бүтээхэд ямар санагдав?

-Би үргэлж ур чадварыг маань сорих бүтээлийг хайж байдаг. Бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн олон кинонд тоглож байсан. Гэхдээ энэ удаа таван сарын хугацааг зарцуулан байж, домогт жүжигчин Грэйс Келлигийн амьд сэрүүн ахуйдаа тоглож байсан кино, бичлэгийг нь үзэж, судласан. Ингэсний дүнд аажим аажмаар түүний амьдралыг ойлгож, дотор нь орж байгаа юм шиг санагдсан. Багахан хугацаанд ч гэсэн түүний амьдралаар амьдрахад сайхан байлаа.

 

-Энэ бүтээлд Грэйс Каннын наадамд Америкийн кино группыг ахлан Францад очих үедээ  угсаа залгамжлах ханхүү III Реньетэй танилцаж, зууны хуримаа хийснээс хойш зургаан жилийн дараах цаг үеийн тухай өгүүлсэн байсан. Түүний эл түүхээс танил болоогүй газар, ёс заншлын улмаас  ганцаардаж, гансарсан Грэйс эцэст нь холливуд руугаа буцах талаар бодож буй нь харагддаг. Түүний энэхүү өөрөө өөртэйгөө зөрчилдөж буй хэсэг  таны хувьд яаж туссан бэ?

-Грэйс кино урлагийн эрхэм хүндтэй Академийн шагналыг хүртэл хүртсэн холливудын ертөнцөд гялалзсан од байсан атлаа шууд жүжигчний карьераа орхиж, гэрлэлтийг сонгодог. Хайр сэтгэлийнхээ төлөө, мөн гэр бүлээ босгохын тулд. Гэрлэлт үү, карьер уу. Энэ зөвхөн эмэгтэйчүүдэд ч биш бүх л хүнд тулгардаг томоохон сонголт гэж би боддог юм. Харин Грэйсийн хувьд хайрыг сонгосон. Би түүний энэ сонголтыг сайн ойлгож байна. 

 Домогт жүжигчин Грэйс Келлигийн амьд сэрүүн ахуйдаа тоглож байсан кино, бичлэгийг нь үзэж, судласан. 

Гэтэл гэрлэлтээс зургаан жилийн дараа тэдний дундаас төрсөн хүүхдүүд түүнд байсан ч, Грэйст энэ хангалтгүй санагдаж, ямар нэгэн зүйлийг хүсч, хайгаад байгаагаа мэдэрдэг.  Эхэндээ тэрээр өөрөө л карьераа бүр мөсөн хаясан шүү дээ гэж боддог ч, эцэст нь мэргэжлээрээ ажиллахад оройтоогүй гэдгээ ойлгож эхэлдэг юм. Харин энэ үед найруулагч Хичкок утсаар ярьж, түүнд кино урлагтаа эргэн ирэх санал тавина. Грэйс тэр саналыг нь хүлээн авах тухай бодож буй хэсэг нь надад үнэхээр сонирхолтой санагдсан.

-Хэрвээ танд ажил уу, хайр уу гэсэн сонголт тулгарвал та алийг нь сонгох вэ?

-Мэдээж хайрыг л сонгоно гэж бодож байна. Хайр бол миний хувьд хамгийн чухал зүйл. Хүнд амьдралдаа ажлаас гадна өөр хийх ёстой зүйл байдаг гэж би боддог. Академийн шагнал хүртэх үед надад хайр үнэхээр их дутагдаж байсан.  Одоо бодоход миний амьдралд тохиолдсон хамгийн хэцүү үе байсан юм шиг. Тухайн үед хайрыг нэгдүгээрт тавьсан бол гэж одоо харамсдаг юм.

-Жүжигчин хүн, жүжигчний дүрийг бүтээхэд юм юм л бодогдож байсан байх?

-Сонирхолтой байсан. Кино ертөнцдөө эргэн орох үед Грэйс “Надад дахин мэргэжлээрээ ажиллах боломж байгаа болов уу” хэмээн эргэлзэж буй үзэгдэлд түүнийг тухайн үед юу гэж бодож байсныг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. 

-Кинонд 1960-аад оны стилээр хувцасладаг. Dior брэндтэй хамтран ажилласнаас гадна Грэйсийн шүтэн бишрэгч байсан Марк Боханы урласан даашинзыг өмссөн байсан. Энэ талаар?

-Манай киноны найруулагч Оливье Даантай удаан хугацаанд нөхөрлөж ирсэн Жижи Лепэйж гэдэг авьяаслаг эмэгтэй хувцас, жижиг хэрэглэлийг хариуцан ажилласан юм. Кинонд тоглохын тулд Dior брэндийн хувцасаар гангарч, Cartier брэндийн үнэт эдлэлийг зүүнэ гэдэг үнэхээр азтай тохиолдол болсон.

Зураг