Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөтийнхний нугаршгүй “ноён нуруу”

Д.Надмид
2014 оны 11 сарын 18
polit.mn
Зураг зураг

Цэдэндамбын Нацагдорж гэж чөлөөт бөхийн төлөө насаараа зүтгэж яваа нэгэн. Тэр цагтаа дэлхийн аваргын алтан медалийн оосроос атгаад алдсан гэдэг. Олимпийн мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат нэг удаа яриандаа:

-Манай Нацгаа тун сайхан барилдаж байлаа. Олон ч тэмцээнд хамт явж оролцсон доо. Ер нь Нацгаа, Д.Сэрээтэр хоёр дэлхийн аваргын энтэй бөхчүүд байлаа. Даанч тухайн үеийн дүрэм тун хатуу байлаа. Одоогийн дүрмээр бол дэлхийн аваргууд даа гэж хөөрөхийг сонссон юм. Ц.Нацагдоржийн бөхийн замнал тун хурдтай байв. 1966 оны хавар залуучуудын шигшээ багт тамирчин болоод түүнээсээ гуравхан жилийн дараа олимпод зодоглосон юм билээ л.

Спортын аль ч төрөлд ийм түүхтэн ховор юм. Улсын шигшээ багийнхныг тэр цагт чөлөөт бөхийн “алтан үеийнхэн” гэдэг. Тэгэхээр алтан үеийнхний нэг төлөөлөгч нь Нацгаа байв. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Сэрээтэр, Ц.Санжаа, Т.Артаг, Г.Намжим нарын Монголдоо төдийгүй гадаадынханд танигдсан бөхчүүд шигшээг бүрдүүлж байлаа.

Мехикогийн олимпод тэр л багаараа очсон аж. Тэгээд багаараа 19.5 оноо авч дөрөвдүгээр байр эзэлжээ. Энэ амжилт одоогийнхоор бол хүрэл медаль авсан гэсэн үг. Бас медалийг бөөндсөн олимп энэ л байлаа.

Ж.Мөнхбат мөнгө Т.Артаг, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав нар хүрэл медаль авчирсан. Энэ үеэс Ц.Нацагдорж гэдэг бөхийн медалийн буухиа эхэлсэн билээ. Олимпийн дараа жил дэлхийн аваргаас хүрэл медальтай ирсэн бол Орост болсон ДАШТ-д олимп, дэлхийн аварга П.Пинигинтэй алтан медалийн төлөө барилдаж мөнгөн медаль авсан.

Тамирчны гаргах амжилтын түвшин олимп, дэлхийн хэмжээнд багтаад байхад дасгалжуулагч нь олон улсынхад хүрэхгүй бол амжилт буурдаг нь ёс юм даа

Нацагаагийн ид үе нь ч байж. Олимпийн нэг, дэлхийн дөрвөн удаагийн аварга бөхтэй тун эн тэнцүүхэн барилдсан ч нутгийн дэвжээ хатуу гэдгийг эндээс мэдэрсэн гэдэг юм билээ. Дэвжэнэнээс нэг гараагүй байтал хоёр удаагийн торгууль Нацагаад ирж. Тэр нь Пинигинд ялалт болж очсон байдаг. Саяхан болж өндөрлөсөн өөрийнх нь нэрэмжит чөлөөт бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр түүнтэй уулзаж бэсрэгхэн ярилцсан юм.

-Таны барилдаж байсан үеийн амжилтыг бөхийн хүрээнийхэн андахгүй биз. Хэнээс ч асуусан дэлхийн хэмжээнд барилдаж байсан гэх юм билээ?

-Яахав. Дэлхийд жиндээ нэртэй Болгарын Исмайл Юсейнов, АНУ-ын Кейзер, Оросын Пинигин, Японы Соговари бид тавын хооронд олимп, дэлхийн аваргын медальт бөхийн өрсөлдөөн нэгэн үед гарч байсан нь үнэн. Гэвч түрүүлж чадаагүйдээ тухайн үед. Гэхдээ би чинь дэлхийн аварга Нацагдорж гэж дуудуулаад амжчихсан хүн шүү.

-Дэлхийн аварга гэнэ ээ...?

-Тийм. Сүүлд хоёр жил дараалан ахмадын ДАШТ-д түрүүлээд адилхан л Монголынхоо алтан соёмбот тугийг өргүүлж төрийн дууллаа эгшиглүүлээд авсан даа.

- Дасгалжуулагчаар олон жил ажиллав даа. Бас сайн тамирчин олныг бэлдсэн байхаа та?

-Хүч нийгэмлэгт дасгалжуулагч байлаа. Чөлөөт, үндэсний бөхийн аль алиныг дасгалжуулж үзсэн. Тэгэхэд байсан тамирчдаас дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Н.Хишигдорж, Д.Мягмар, Ч.Бямбадорж, С.Сүхбаатар нар хичээллэж байсан.  Чөлөөт бөхөөр дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Б.Болд, ОУХМ Лхамсүрэн, Дамдинсүрэн гээд л олон шавь байв. За тэгээд сүүлийн үед үндэсний болон чөлөөт бөхөөр хүүхдүүдийг бэлдэх гэж л зүтгэж явна. Нэг үе үндэсний шигшээ багт ажилласан. Бас “Хангарьд”-д гайгүй хэдэн жил дасгалжуулагч байлаа даа.

 ДАШТ-д түрүүлээд адилхан л Монголынхоо алтан соёмбот тугийг өргүүлж төрийн дууллаа эгшиглүүлээд авсан 

-Таныг монголдоо эмэгтэйчүүдийг чөлөөт бөхөөр анх бэлдсэн гэдэг байхаа?

-Тийм ээ. “Хангарьд”-д дасгалжуулагч байхдаа хоёр эмэгтэй хүүхэд чөлөөтөөр бэлдсэн юм. Харин улсын шигшээ баг байгуулсан нь бусдынх байв. Одоо манай эмэгтэйчүүдийн баг дэлхийд нэртэй болчихоод байгаад баярлаж л суух юм.

-Манайд нэгэн үе чөлөөт бөхийн амжилт буурсан гэдэг. Энэ юутай холбоотой байсан бол...?

-Миний бодлоор багш, дасгалжуулагчийн сонголт буруу байсных болов уу. Тамирчны гаргах амжилтын түвшин олимп, дэлхийн хэмжээнд багтаад байхад дасгалжуулагч нь олон улсынхад хүрэхгүй бол амжилт буурдаг нь ёс юм даа.



Ярьсан хэлсэн нь ойн тойнд орохоор хийж бүтээсэн нь олон түмэнд хүртээлтэй тийм хүний нэг дасгалжуулагч багш бол Ц.Нацагдорж мөнөөс мөн болой. “Би тавин жил чөлөөт бөхийн спортын төлөө явж байна даа” гэж тэр хэлсэн. Мөн ч эргэж буцаж, явах замаа өөрчилж болохуйц их хугацаа шүү. Тиймээс чөлөөт бөхийн нугаршгүй ноён нуруу хэмээн нэрлэсэн минь буруудахгүй биз ээ.

Зураг