Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэснийхээ хэв шинжээ алдахгүйгээр орчин үеийн хөгжимлөг шинж агуулсан бүтээл туурвина"

Б.Төрбат
2014 оны 11 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

 

Монголын уламжлалт урлаг болох уртын дууг урт үргэлжилдэг бус үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг болохоор ийн нэрлэсэн гэдэг. Учир нь дөрөвхөн минут үргэлжилдэг дуу арав хүрэхгүй үгтэй байх нь бий. Тэгвэл энэхүү урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгыг өмнөө тавьж, уран бүтээлээ туурвиж яваа “Язгуур” хамтлагийн гишүүн, дуучин А.Түмэнжаргалыг энэ удаагийнхаа “Шинэ танил” буландаа урьж, ярилцлаа.

-Уртын дуу гэхээр надад төдийлэн сонирхолтой биш, заримдаа залхмаар ч юм шиг санагддаг. Яагаад заавал энэ чиглэлээр уран бүтээл туурвихаар шийдэв. Бүр “Язгуур” нэртэй хамтлаг байгуулаад шүү?

-Эхлээд хоёулаа мэнд усаа мэдэлцэх нь зөв байх. 

-Өө, тэгэлгүй яах вэ. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай уулзахаасаа өмнө энэ тухай л бодож явсан болохоор шууд л асуучихлаа. Жаахан ёсгүй аашилчих шиг боллоо, өршөөгөөрэй? 

-Хүмүүс асуугаад л байдаг юм. Гэхдээ энэ чиглэлээр уран бүтээл туурвидаг хамтлаг их цөөхөн, бараг л байхгүй гэхэд болно. Яах вэ, дуучид ямар нэг дууг хамтран дуулах тохиолдол бий. Гэхдээ яг албан ёсны хамтлаг байхгүй шүү дээ. Тийм болохоор л зориглоод уран бүтээл туурвихаар шийдсэн. 

-Гэхдээ нэг хэсэг “Шуранхай” хамтлаг л уран бүтээл туурвиж байсан санагдах юм?

-Тийм ээ. Өмнө нь “Шуранхай” хамтлаг л энэ чиглэлээр уран бүтээлээ хийдэг байсан. Харин эрэгтэй хамтлаг байгаагүй. 

-Хамтлагийн залуус нэг ангийнхан гэж сонссон. Та хэд оюутан байхдаа хамт дуулдаг байв уу?

-Манай хамтлаг гурван гишүүнтэй. Бид Соёл урлагийн их сургууль төгссөн нэг ангийхан. Суралцаж байх үедээ бид гурав ангидаа ямар нэгэн дууг хоолой салган дуулж, бас болоогүй ээ нэг нэгнээсээ ярилцлага энэ тэрээ авч ангийнхнаа хөгжөөдөг байлаа. Сургуулиа ч төгслөө. Хамтлагийн ахлагч н.Баянжаргал маань ч үндэсний урлагаа сурталчилахаар Солонгос явсан

Харин н.Отгонзул бид хоёр Монголдоо тус тусынхаа ажлыг хийгээд амьдарч байсан. Ингээд жилийн дараа Баянжаргал маань ирж, шууд л хамтлаг байгуулахаар шийдсэн. Хүсэл, зорилго нэгдэж хамтлаг байгуулаад нэг их удаагүй байна. 

-Тэгэхээр “Язгуур” хамтлаг байгуулагдаад хэр удаж байгаа гэсэн үг вэ? 

-Өнгөрсөн зургаадугаар сард албан ёсоор байгуулагдсан. 

-Жил ч болоогүй байгаа юм байна. Анхны уран бүтээлээ “Эрдэнэ засгийн унага” дууг сонгон дуулж, клип гаргасан гэсэн. Энэ дууг сонгосон нь ямар учиртай юм бэ?

-Монгол түмний маань сайн мэдэх “Эрдэнэ засгийн унага” уртын дууг орчин үеийн хэв шинжид оруулан дүрсжүүлж олны хүртээл болгосон. 

-Анхны уран бүтээлийг тань сонсогчид болон мэргэжлийнхэн хэрхэн хүлээж авав?

-Маш сайхан хүлээж авсан. Нийтээрээ “Сайхан уран бүтээл болжээ” гэж ам сайтай байхыг сонсоод бид гурав их урам зориг авсан. Харин энэ дууг сонгох болсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт маш гоё дуу. Хоёрт нутгийн маань дуу юм. 

Монголынхоо уламжлалт уртын дууг сурталчилан таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой. Түүнчлэн энэхүү урлагийг дэлхийд таниулан сурталчлах чин хүсэл эрмэлзэл тээж явна. 

-Нутгийн дуу гэхээр та Баянхонгор аймгийнх байх нь ээ?

-Ганц би ч биш бид гурвуулаа Баянхонгор аймгаас гаралтай.

-Тийм гэж үү?

-Тийм ээ, үнэн. 

-Хамтлаг тань студи, продакшн ч юм уу, ямар нэгэн байгууллагад харьяалагддаг уу?

-Үгүй ээ. Одоогоор гэрээ, хэлэлцээр хийсэн студи, байгууллага байхгүй байна. Бие даасан хамтлаг гэж ойлгож болно.

-Цаашдын зорилго. Мэдээж их зүйл хийхийг төлөвлөсөн байх?

-Тийм ээ, төлөвлөсөн зүйл их бий.

-Жишээлбэл?

-Энэ сайхан эзэмшсэн мэргэжлээрээ цаашид олон сайхан уран бүтээл туурвих хүсэлтэй байна.

Уртын дуу дуулдаг хүн хөөмийлөхөөр хоолой эвдэрдэг. Учир нь хөөмийлөхийн тулд маш их хоолой шахдаг.

Улмаар хойч үедээ Монголынхоо уламжлалт уртын дууг сурталчилан таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой. Түүнчлэн энэхүү урлагийг дэлхийд таниулан сурталчлах чин хүсэл эрмэлзэл тээж явна. 

-Санаж явбал бүтнэ гэдэг шүү дээ?

-Баярлалаа.

-Уртын дуу дуулдаг хүмүүс хөөмийлдөг байх нь элбэг. Ингэхэд “Язгуур” хамтлагийнхан бас хөөмийлдөг үү?

-Яагаад болохгүй гэж. Юм юмыг л оролдож үзэж байна. Морин хуур, гитар хөгжим оролддог л юм. 

-Гэхдээ хөөмий, уртын дуу хоёрыг хоорондоо харш гэж ярих юм билээ?

-Үнэн л дээ. Уртын дуу дуулдаг хүн хөөмийлөхөөр хоолой эвдэрдэг. Учир нь хөөмийлөхийн тулд маш их хоолой шахдаг. 

-Түрүүн хоолой салгаж дуулдаг тухай ярьсан. Та гурав уртын дуугаа хоолой салгаж дуулдаг уу?

-Тийм ээ, хоолой салгадаг. Бас үндсэн хэв шинжээр нь ч дуулна. 

-Та гуравт Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан хоолойны хуваарилалт, дуулалт тал дээр ажиллаж, зөвлөгөө өгдөг гэж сонссон? 

-Д.Түвшинсайхан ахдаа маш их баярлаж явдаг. Бид гурав хамгийн түрүүнд Д.Түвшинсайхан ах дээр очоод “За ах минь, бид гурав нэг ийм чиглэлээр дуулдаг хамтлаг байгуулаад байна. Та зөвлөгөө өгөөч” гээд очиход маш сайхан уриалгахан хүлээж авсан. Бид гуравт амжилт хүсэхэд нь маш их баярласан. Үнэхээр их баярлаж, их урам орсон доо. 

-Ингэхэд хамтлагийн залуус өөрсдийгөө урлагийн хүн болно гэж төсөөлж байгаагүй гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байна лээ. Тэгээд яаж яваад урлагийн хүн болчихсон юм бэ?

-Манай хоёр багаасаа л дуулдаг байсан. Уралдаан, тэмцээнд их оролцдог сургуульдаа нэр хүндтэй хүүхдүүд байсан юм билээ. Тиймээс урлагийн хүн болох нь ойлгомжтой байсан байх аа. /Инээв/

-Харин таны хувьд?

-Би эсрэгээрээ. Их ичимхий хүүхэд байсан. Дуулж, бүжиглэх зүйлийн үргэлж хойно нь үлддэг. Ямар сайндаа л 10 жилдээ урлагийн үзлэгт нэг ч удаа оролцож байгаагүй. Тийм л бүрэг, ичимхий хүү байсан даа. Харин ганцаараа гэртээ эсвэл хонины бэлчээрт байхдаа дуулж гарна даа. /Инээв/

-Хөгжилтэй юм аа. Урлагийн хүн болоогүй бол ямар мэргэжил эзэмших байсан бэ?

-Барилгын инженер л болох байсан даа. /Инээв/ 

-Орчин үеийн залуус уртын дуугаа нэг их сонирхдоггүй нь ажиглагддаг. Тэдний сэтгэлд нийцүүлэхийн тулд та гурав яг ямар арга барилаар уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байгаа вэ?

-Чиний хэлдэг зөв л дөө. Орчин үеийн залуус уртын дууг сонирхож, даган дуурайх тал дээр учир дутагдалтай байгаа. Гэхдээ нэг үеэ бодоход хүүхэд, залуусын сэтгэлгээ өөр болсон нь ажиглагддаг шүү. 

-Жишээ нь?

-Үндсэрхэг үзэлтэй болж байна. Эх орон, нутаг усаараа бахархадаг болж. Ардын урлаг, тэр дундаа уртын дуу, морин хуураа их сонсдог болсон нь мэдрэгдэж байна. 

-Үндсэрхэг үзэлтэй болж байна гэдэгтэй тань санал нэг байна. Магадгүй Монгол хүн бүрийн цусанд уртын дуу шингэсэн байдаг байх л даа?

-Гол нь орчин үеийн залуусыг уртын дуугаа сонсдог, үнэлдэг, ойлгодог болоосой гэж хүсч явдаг. Уртын дууг зөвхөн билэгдлийн чанартай дуулмааргүй л байна. Уртын дуу маань маш үнэ цэнэтэй урлаг шүү дээ. Тийм болохоор энэ үнэт өвийг олон түмэнд таниулахад жаахан ч гэсэн нэмэр болмоор байна.

Чиний хэлснээр Монгол хүн бүрийн оюунд, цусанд уртын дуу шингээстэй байдаг байх. Ямар ч Монгол хүн хичээвэл уртын дуугаа аялж чаддаг. Уртын дуу бол Монгол сонгодог шүү дээ. Хамгийн гол нь ард түмнээсээ өвлөж ирсэн, сургаалийн өнгө аястай, ая нь их сайхан аргадаж байдаг дуу юм даа.

-Манай уртын дууг олон улсад хэрхэн хүлээж авдаг юм бол. Гадаад, дотоодод тоглолтоор явж л байсан байх?

-Олон улсын түвшинд манай ардын урлаг маш нэр хүндтэй байдаг. Гадаадад тоглолтоор явж байхад, эсвэл дотооддоо жуулчдад зориулж тоглоход энэ нь үнэхээр мэдрэгддэг шүү.

-Уртын дууг морин хуур, лимбэгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамтран ажиллаж байгаа хөгжимчид бий юу?

-Тэгэлгүй яах вэ. Юун төлөө энэ урлагт хүчин зүтгэж байгаа билээ. Найз нөхөд, хамтран ажиллаж байгаа хөгжимчид бий. Тэндээ маш их талархаж явдаг.  Уртын дууг морин хуур, лимбэ хөгжимгүйгээр, ардын дууг шанз, ятгагүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ эдгээрээс гадна орчин үеийн шинэлэг дуугаралтыг мэдрүүлэхийн тулд бүх нь боломжийг туршиж үзэж байна. 

-Шинэ уран бүтээлүүд хэдийд үзэгч, сонсогчдод хүрэх вэ?

-Дараа дараагийн шинэ уран бүтээлүүд төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна. Ардын болон уртын дуу дуулах зорилготой. Гэхдээ үндэсний хэв шинжээ алдахгүйгээр этно, орчин үеийн хөгжимлөг шинжүүдийг агуулсан, шингээсэн уран бүтээлүүдийг сонсогчдод хүргэхийг хүсч байна. Мөн үндэснийхээ хөгжимтэй хослуулах ёстой.

-Цаашдын тань уран бүтээлд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Зураг