Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбат: Уран бүтээлээсээ гадна нийгэмд хандсан зүйл хийхийг хүсч байна

Б.Төрбат
2014 оны 11 сарын 15
MorninigNews.mn

Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа дуучин Ц.Мөнхбатыг урьж, ярилцлаа. Уншигчид маань түүнийг дуучин М.Үүрцайхтай хамтран дуулсан “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд” зэрэг дуугаар нь андахгүй. Ингээд дуучин Ц.Мөнхбаттай уран бүтээл болон хувийн амьдралынх талаар цөөн хором ярилцсанаа хүргэе. 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдын маань хувьд та үнэхээр ховор, сонин зочин болж байна?

-Баярлалаа. 

-Сүүлийн үед та яагаад таг чиг болчихов оо. Бүр усанд хаясан чулуу шиг л сураггүй байлаа?

-Харин тийм ээ, хүн хүссэн хүсээгүй нам жим байдал руу ордог юм байна. /Инээв/ Гэхдээ уран бүтээлээсээ ор тас хөндийрсөнгүй. 

-Тийм гэж үү. Тэгвэл шинэ дуу, шинэ цомог, шинэ тоглолтоороо хэзээ сонсогч, фэнүүдтэйгээ уулзах гэж байна вэ?

-Хийж байгаа зүйлүүд байгаа ч өнөө, маргаашгүй цацчих бодол алга.

-Уран бүтээлээсээ завсарлага авлаа гэх шүүмжлэл хэр ирж байх юм бэ?

-Нэг хэсэг ирдэг байсан. Одоо бараг мартсан байх аа. /Инээв/

-Анзаараад байх нь ээ, хэвлэлийнхнээс нэг л зугтаад байх шиг. Энд тэнд ярилцлага өгч, нэвтрүүлэгт оролцох нь их ховор болж?

-Байх л зүйл шүү дээ. 

-Ингэхэд дуучин Үүрээ одоо хаана, юу хийж явна. Та хоёрын нэр холбоотой юм шиг л явдаг шүү дээ?

-Ээжийн­­­хээ үүргийг л сайн бие­­­лүүлж байгаа даа. /Инээв/ 

-Тэгвэл таны хувьд аавынхаа үүргийг хэр сайн биелүүлж байна вэ?

-Дажгүй шүү. Одоо эхнэр, хоёр хүүтэйгээ амьдарч байна. 

-Бие дааж уран бүтээл хийх бодол бий юу?

-Хийхээр төлөвлөсөн зүйл бий. Гэхдээ нэг их яарахгүй байна. 

-Та асуух болгонд л нэг их яарахгүй байна гэх юм. Яг хэзээ шинэ уран бүтээлээр сонсогч, фэнүүддээ бэлэг барих гэж?

-Он гаргаад цацаж эхлэх бодолтой байна. Уран бүтээлээсээ гадна нийгэмд хандсан зүйлс бас хиймээр байна. 

-Тухайлбал ямар?

-Хүн хүндээ тусладаг, хүнлэг энэрэнгүй байхыг уриалсан зүйлс хийхийг хүсч байна. Чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулмаар байна. 

-Сайхан санаа байна. Ингэхэд яагаад заавал урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ. Уран бүтээлч болгон л өөр, өөр хариулт хэлдэг?

-Би өөрийгөө анхнаасаа л урлагийн мэргэжил сонгох ёстой байсан хүн гэж боддог. 

-Тийм үү, яагаад тэр вэ?

-Өөрийгөө урлагийн боловсролтой, мундаг мэдлэгтэй гэдэг утгаар хэлж байгаа юм биш шүү. Учир нь өөрийгөө өөр мэргэжилтэйгээр төсөөлж байгаагүй. Миний мөрөөдөл энэ л байсан. Урлаг надад хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг. 

-Урлагийн хүн болсондоо хэзээ ч харамсахгүй гэсэн үг үү?

-Хэзээ ч уйдахгүй хийж чадах ажил минь урлаг. Урлаг гэдэг хүний чин сэтгэл шингэдэг зүйл шүү дээ. 

-Таны мөрөөдөл. Хүн бүрт өөрийн гэсэн зорилго, мөрөөдөл байдаг. Уран бүтээлч хүний хувьд юуг мөрөөдөж, хийхийг хүсч байна вэ?

-Байлгүй яах вэ, үнэнийг хэлэхэд гадны зах зээлд хөл тавьж үзмээр байна. Гадаадад очоод тэнд амьдарч байгаа монголчууддаа тоглох биш, тэндхийнх нь иргэдэд тоглохыг хүсч байна. Уран бүтээлч хүн болсныхоо хувьд өөрөөрөө бахархах зүйл минь тэр байх болно. Хүссэн хүсээгүй бидний дараагийн үе дэлхийн зах зээлд хөл тавина гэдэгт итгэдэг. Гэхдээ тэдэндээ тэрхүү жимийг нь бүдэгхэн ч болов гаргаад өгөхсөн.

-Ерөөл бат оршиг. Санаж явбал бүтнэ гэдэг шүү дээ. Хэзээ нэгэн цагт таны энэ сайхан мөрөөдөл биелэх нь дамжиггүй. Тэр бүдэгхэн жимийг хэн нэгэн уран бүтээлч хэзээ нэгэн цагт гаргах л болно?

-Баярлалаа. 

-Гэр бүлийнхэн дунд чинь урлагийн хүн байдаггүй гэж сонссон?

-Тийм ээ. Гэхдээ ээжийн талынхан их сайхан дуулдаг хүмүүс байдаг. Би гэр бүлийнхэн дотроо урлагийн сургууль төгссөн анхны хүн. Миний араас гарч ирэх байх аа. 

-Багадаа ямар хүү байв?

-Найр наадам болохоор л хамаатнуудынхаа дуулж байгааг сонсоод сууж байдаг байлаа. Багадаа өөрөө шүлэг зохиогоод гэрийнхэндээ уншиж өгдөг байсан гэдэг. Би өөрөө санадаггүй юм. Ах, дүү нарынхаа өмнө гараад шүлэг уншиж байсан нь миний анхны тайз ч байж болох.

Заавал олон хүн гэхгүйгээр нэг, хоёр ч бай хүний өмнө өөрийнхөө чин сэтгэлээсээ гарч байгаа зүйлийг үзүүлж, илэрхийлж байгаа учраас тайз гэж нэрлэж болох байх. /Инээв/

-Тэгж ойлгож болох л юм. Ингэхэд дуучин Үүрээтэй яаж танилцсан юм бэ. Та хоёрыг хэвлэл мэдээллээр холбож сайн, муугаар их л бичдэг байсан санагдана?

-Бид хоёрыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ах холбож өгсөн. 2003 онд “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд бид хоёр оролцож байсан юм. Тухайн үед би “Гран при” шагнал авсан. Үүрээ маань дөрөвдүгээр байранд орж байсан санагдаж байна. Энэ тэмцээнд оролцож байхдаа анх танилцсан. Тэр үеэс л хамтдаа уран бүтээл хийж эхэлсэн. 

-Анхны дуугаа хаана бичүүлж байв?

-“Мичид” рекордст хийлгэж байсан санагдаж байна. Тэмцээнд оролцоод нэг дууны бичлэг хийлгэх эрхээр шагнуулж байсан юм. Тэр эрхийнхээ дагуу анхны бичлэгтээ орж байлаа. Бид хоёрын “Чамайгаа санахаар” гэж дуу ингэж л бичигдэж байлаа.

-Та хоёрын хувьд хоёр ч бие даасан тоглолт хийгээд амжсан шүү дээ?

-Тэгсэн шүү. Бие даасан хоёр тоглолт хийсэн. Бас монгол орноо бүтэн тойрч аялан тоглолт хийж байлаа. Эхний тоглолтоо “Чиний хайранд” дуугаараа нэрлэж байсан. Харин хоёр дахь тоглолтоо “Хайрын цэцэг” нэртэйгээр гэгээн Валентины баярын өдрөөр тоглож байсан юм. Тэр тоглолтоосоо хойш уран бүтээлээ түр завсарласан.

-Тийм ээ, тэгээд л би таныг их ховор зочин гээд байгаа юм. Гэхдээ та нэг асуултад маань хариулсангүй?

-Ямар.

-Тухайн үед та хоёрыг их холбож бичдэг байсан. Үнэхээр хайр сэтгэлийн холбоо байгаагүй юу? 

-Хамт уран бүтээл хийдэг, дээр нь дандаа хайрын тухай дуу дуулдаг хоёр хүнийг нэг нэгэндээ хайр сэтгэлтэй байх гэсэн таамгаар л бичдэг байсан байх. Харин бид хүмүүст тийм мэдрэмж төрөхөөр дуулж чадсандаа баярладаг. /Инээв/

-Сүүлийн асуулт. Та хоёрын дараа дараагийн уран бүтээлийн өнгө төрх өмнөхөөсөө хэр өөрчлөгдөх бол. Уншигчдад маань бас л сонин байх болов уу?

-Хүн өөрийгөө хэт эвдэх бас аюултай. Гэхдээ бид хоёр шинэ электро стилийн дуу хийгээд үзчихсэн байгаа. Ерөнхийдөө бидний уран бүтээлийн өнгө аяс нэг их эвдэгдэхгүй. Мэдээж хамгийн чанартай, сайн дуугаралттай, хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц уран бүтээлийг сонсогчдодоо хүргэхийг зорино. 

-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Зураг