Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Пенелопа Крус: Энэ чанар миний сайн найз төдийгүй муу дайсан юм

Н.Тунгалаг
2014 оны 11 сарын 15
MorninigNews.mn

Холливудын жүжигчин Пенелопа Крустэй сэтгүүлч К.Эллис ярилцсаныг толилуулж байна. Багадаа бүжигчин болохыг мөрөөддөг байсан охин Испанийн Үндэсний хөгжмийн сургуульд есөн жил суралцаад Нью-Йорк хот руу бүжиг сурахаар явжээ. Клипний зураг авалтад оролцсон охин жүжигчин болохоор шийдэж улмаар 1991 онд анхны туслах дүрээ бүтээсэн аж. Тэрбээр 2006 онд Холливудын оны жүжигчин болж, 2009 онд Оскарын шагнал хүртжээ. 

-Пенелопа, таныг дэлхийн хам­гийн секси бүсгүйгээр нэрлэсэнд баяр хүргэе!

-Хэрэггүй ээ, намайг ямар нэгэн тэнэг “секс-бэлгэдэл” гэж нэрлэхийг огт сонирхдоггүй. Би өөрийгөө тэгтлээ их анхаараад өглөөнөөс орой хүртэл толины өмнө эргэлддэггүй. Бүх бүс­гүй­­чүүдийн адил өглөө эртлэн босч нүүрээ угаахдаа толинд хардаг.

 Надад байгаа хамгийн гол зүйл бол гэр бүл, хүүхдүүд минь.

Надад байгаа хамгийн гол зүйл бол гэр бүл, хүүхдүүд минь. Хүүхэд байхаасаа л олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй байхыг хүсдэг байсан. Өөрөө тийм гэр бүлд өссөнтэй холбоотой биз ээ. Бардем бид хоёр хоёулаа олон хүү­хэдтэй болохыг хүсдэг. Гэр бүлдээ цаг зав гаргахын тулд жилд нэг удаа ки­нонд тоглохоор шийдсэн.

-Та хоёрдмол сэтгэгдэл төрүүлэх юм. Нэг талаас хүчтэй, шаргуу эмэг­тэй, нөгөө талдаа болор ваар шиг эмзэгхэн бүсгүй. Харин жинхэнэ зан чанар тань...

-Би энхрий цэцэг биш ээ. Багаасаа биеэ даасан байдлаар өссөн. Ээж, гэр бүлийнхэндээ талархдаг юм. Хэр­вээ тэгж өсөөгүй бол жүжигчин мэр­гэжлийн хүнд хэцүүг давж чадахгүй байх.

Нэг ч англи үг мэдэхгүй Испанид өссөн би Америкт ирж хэл сураад Холливудад үлдсэн. Хэрвээ эмзэг, арчаагүй байсан бол үлдэж чадахгүй байсан. Жүжигчид намайг их зөрүүд зантайг мэднэ. Хэрвээ ээжээс миний тухай асуувал “илжиг шиг зөрүүд” гэж хэлнэ. Би өөрийгөө дайчин, шударга гэж хэлэх дуртай.

Гэхдээ энэ чанар миний сайн найз төдийгүй муу дайсан юм. Ажил дээр ч гэртээ ч өөрийн бодсоныг шууд хэлчихдэг. 

-Найруулагч Альмодоварын зураг авалтын талбайд нууцаар очсон гэдэг үнэн үү?

-Үнэн, тэгэхэд би хүүхэд байсан л даа. Педрог Мадрид хотод киноны зураг авч байгааг сонсоод зураг авалтын талбайд очсон. Яаж очсоноо санадаггүй юм. Гэхдээ нуугдаад тайзны хэсэг рүү мөлхсөнөө санадаг. Найруулагч жү­жигчин В.Абрильд яаж тоглохыг хэлэхийг сонсоод нүдээ бүлтийлгэн харж байсан. Дараа нь Альмодоварын амьдардаг байрыг мэдээд цонхных нь доор зогсож, тагтан дээрээ гарч цэцгээ услахыг харсан. Харин найруулагч өөрийг нь нэг солиотой охин мөшгиж байгааг мэдээгүй байх. /Инээв./ 

Педро­гийн ачаар жүжигчин болсон. “Jamуn, jamуn” кинонд тоглосны дараа Педро надад утсаар баяр хүргээд хэзээ нэгэн цагт өөрийнх нь кинонд тоглоно гэж найдаж буйгаа хэлсэн. Хэдэн жилийн дараа түүний найруулсан кинонд тоглосон.

-Та түүнд өөрийг нь мөшгиж байснаа хэлсэн үү?

-Үгүй ээ, одоо хүртэл хэлж ча­даа­гүй. Эсвэл хэлэх тохиромжтой үе га­раагүй байх.

-Найруулагч В.Аллен танд “зэрлэг араатны гэмээр шинж чанар” байгаа гэж хэлсэн... 

-Вуди Аллен их сонин хүн. Кинонд нь тоглохдоо би араас яваад л хэлсэн бүгдийг нь бичиж авдаг байлаа. Тэр заримдаа зураг авалтын дундуур сандал дээрээ үүрэглэдэг. Би түүнийг ойчих вий гэж их айна. Зургийг нь авмаар санагддаг ч их ичимхий болохоор нь чаддаггүй. Их инээд муутай.

Би түүнд үл үзэгдэгч хүн болоод Холливудын хамгийн нэртэй агентлагийг байгуулах мөрөөдлийнхөө тухай ярьж инээлгэнэ. 

-Та жирэмслэх боломжгүй эмэг­тэйн дүр бүтээсэн. Тээгч эхийн тус­ламжтайгаар хүүхэдтэй болж тог­лоход хэцүү байсан уу?

-Ээж болоогүй байхдаа анх удаа ээжийн дүр бүтээсэн. Хүүхэдтэй болохоор амьдрал өөрчлөгдөнө гэдгийг мэдрээгүй байсан үедээ тоглосон.

Хүмүүс надаас хүүхэдгүй хэрнээ аз жаргалтай амьдарч болох уу гэж асуудаг. Хүүхэдгүй найз эмэгтэйчүүд надад байгаа. Тэднийг харахад амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ хүүхэдтэй болохыг мөрөөддөг хүмүүст бол хэцүү гэж боддог юм.

-Таны дүү Моника үр суулгуулж хүүхэдтэй болсон гэж үнэн үү?

-Тийм ээ. Моника өнгөрсөн онд төрсөн. Би түүний өмнөөс их баяртай байгаа, бас түүний эр зоригоор ба­харх­даг. Би эхлээд дүүгээ үр суул­гуулж хүүхэдтэй болсныг сэтгүүлчидтэй хуваалцах эсэхдээ эргэл­зэж бай­сан. Дараа нь дүү минь зөв зүйл хийс­нийг ойл­госон. Эмэгтэйчүүд үр суулгуу­лахаас айх хэрэггүй гэж бодож байна. 

-Та гоо сайхны мэс засалд хэрхэн ханддаг вэ. Жүжигчдийг гоо сайхны мэс засал хийлгэсэн, хийлгээгүй гэх шуугиан их байдаг...

-Би гоо сайхны мэс заслын эсрэг хүн биш. Хэрвээ хэн нэгэн хүсвэл хийлгэхийг ойлгоно. Гэхдээ хүмүүс яагаад гадаад төрхөндөө сэтгэл хан­галуун биш байдаг нь хэцүү санагддаг. Нүдээ том, хамраа жижиг болгосноор аз жаргалтай болно гэж үү.

Миний тухайд хэзээ нэгэн цагт ботокс та­риулна гэдэгтээ ч эргэлздэг. Намайг хөгшрөх үед сайхан харагдуулах арай өөр бодис гарах байх гэж найдаж байна.

Нүдээ том, хамраа жижиг болгосноор аз жаргалтай болно гэж үү?

-Хэн нэгнээс зөвлөгөө сонсдог уу?

-Сонсолгүй яах вэ. Ээжийнхээ үгийг сонсоно. Ээж минь “Ээжтэйгээ үргэлж сайн харьцаатай бай. Тэгж чадвал чи аз жаргалтай байна” гэдэг. Үнэхээр үнэн үг шүү.

“Nine” мюзик­лийн зураг авалтын үеэр шүтэн би­ширдэг жүжигчин Софи Лорентэй та­нилцсан юм. Түүний зөвлөгөөг бас сонсдог. Софи хүүхдүүдийнхээ талаар ярьж, хоол хүнсний талаар зөвлөгөө өгнө. Зарим хүн намайг түүнтэй адил­хан гэдэг. Сонсоход аятайхан байдаг ч би түүний дэргэд хэн бэ. Нас ахи­сан ч гоо сайхнаа хадгалж чадсан эмэгтэй­чүүдийг хүндэлдэг. 

-Та биеийн галбираа яаж хад­галдаг вэ?

-Хүүхэд байхаасаа л бүжиглэдэг байсан. Амьдралынхаа 15 жилийг бүжиг­лэж өнгөрөөсөн. Бүжгийн сур­гуульд долоо хоногийн зургаан өдөрт найман цагийн бэлтгэл хийнэ. Хүнд хэцүү ч хүнийг чийрэгжүүлж, сэтгэлийн хаттай болгодог. Оройд яг л үхсэн юм шиг унтана.

Сүүлийн жи­лүүдэд пилатесээр хичээллэж байгаа. Мөн йогт их дуртай. Кино зураг авал­тын үеэр спортоор хичээллэх боломж олдохгүй. Эрүүл хооллохыг хичээдэг. Тамхи татдаг байсан ч хаясан. Үнэндээ хаяхад хэцүү байсан. /Инээв./

-Та гангалах дуртай юу?

-Тийм ээ, надад их олон хувцас байдаг. Гэсэн ч жирийн үед жинс, майк өмсдөг. Надад хувцас бэлэглэнэ, илгээнэ, тэгэхээр би бүгдийг нь худал­даж аваагүй.

Би том уутанд хувцас­наасаа хийгээд хүмүүст тарааж өгдөг. Урьд нь би гэрээсээ нүүрээ будаж, өндөр өсгийт өмсөн гардаг байсан. Харин одоо хүүхдүүдтэй болоод бүгд өөрчлөгдсөн.

-Таныг зураг авах сонирхолтой гэсэн...

-Тийм ээ, зураг аваад удаж байна. Камераар зураг авах нь ертөнцийг уран сайхнаар харах боломж өгдөг. Зураг авч байхдаа амьдралыг сайн талаас нь үнэлэхийг хичээдэг. Сайхан мөчүүдийг авахад сэтгэлийн таашаал авдаг юм. 

Зураг