Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

М.Наранмөнх: Жаахан байхдаа “Худгийн хүн” болно гэж боддог байлаа

Б.Төрбат
2014 оны 11 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

Энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа залуу жүжигчин М.Наранмөнхийг урьж, ярилцлаа. Түүнийг уншигчид маань Равсал панз буюу Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржавын бага хүү гэдгээр нь андахгүй. Ингээд түүнтэй уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе. 

-Тантай өмнө нь уулзаж, ярилцаж байгаагүй юм байна. Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа, бас танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Өө, маш их баярлалаа. Танай сонины хамт олон болон нийт уншигчдад тань энэ сайхан өд­рийн мэнд хүргэе. 

-Шинэ кино хийж байгаа сурагтай. Хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Тийм ээ. Хэсэг хугацаанд амар­лаа. Саяхнаас л ажилдаа орж, “Код” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байна. Ерөнхийдөө кино маань дуусах шатандаа орж байгаа. Тун удахгүй нээлтээ хийнэ.

-Та саяхан хэдэн найзынхаа хамт продакшн байгуулсан. Заа­вал яагаад продакшн гэж. Тэгээд бүр найз нартайгаа нийлж шүү?

-Найз, нөхдийн холбоо гэдэг нандин зүйл. Магадгүй бие биенээ нөхөх гэж учирсан хүмүүс байдаг байх. Би СУИС-ийг төгссөн. Ах, найз хоёртойгоо нийлж продакшн байгуулсан. Цаашид их зүйл хийнэ гэж бодож, төлөвлөж байгаа. 

-Гэхдээ манайд хэрэгтэй, хэрэггүй нь үл мэдэгдэх олон продакшн бий шүү дээ?

-Хүн болгон л хийж, бүтээхийг хүсдэг. Бүхий л продакшн яг л бид нар шиг ард түмэндээ шинэлэг зүйл үзүүлж, харуулахыг хүсдэг гэдэгт эргэлзэхгүй байна. 

-Залуу уран бүтээлчийн хувьд цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ салбартаа уран бүтээл хийх бодолтой байгаа. Өөртөө ч тийм зорилго тавьсан. Тэгээд ч анхны маань дэлгэцийн уран бүтээл бэлэн болж байна. 

-Та “Хэцүү анги” олон ангит киноны гол дүрд тоглож олны танил болсон. Билгүүн таны анхны дүр үү?

-Үгүй ээ, жаахан байхдаа “Бу­руугүй буруутан” киноны гол дүрд тоглож байсан. 

-Тийм гэж үү, одоо л сонсож байна?

-Гэхдээ тэр кино гарсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Тэр кинонд тоглосны дараа аавынхаа яриаг нууцаар сонсож билээ. “Миний хүү маш сайн жүжиглэж байна лээ. Яг л тэр үйл явдал болж байгаа юм шиг” гэж. Тэр үед би ч хүүхэд байж. Аавынхаа үгэнд ороод бүгдийг нь л хийсэн са­нагдана. /Инээв/

-Хэдийгээр тухайн үед та хүүхэд байсан ч яг ямар сэтгэгдэл төрж байснаа санадаг уу? 

-Тэгэлгүй яах вэ, маш сай­хан. Дараа нь “Дурсамж” хамт­лагийн “Хөөрхөн Бурмаа” дууны клипэнд тоглосон. Түүнээс хойш “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болдын “Захиа”, “Номин талст” хамт­лагийн Д.Батсүхийн “Хүсэл”, бүх оддын “Өглөө шиг эх орон”, “Бид бүгд нэг Монгол” зэрэг олон клипэнд тоглосон доо. 

-Ингэхэд “Хэцүү анги”-ийнхантайгаа холбоотой юу?

-Мэдээж. Манай ангийнхан бүгд л салбар, салбартаа ажиллаж байгаа. Зарим нь сурч байна. Ер нь бүгд л сайн, сайхан яваа. Эхнээсээ бүр эцэг, эх ч болсон. /Инээв/ 

 

-Энэ кинонд тоглосон үе амьдралын тань сайхан дурсам­жуудын нэг болж үлдсэн гэ­дэгт эргэлзэхгүй байна. Кино үзэгч­дийн хүртээл болж, нэг хэсэг л шуугиулсан. Түүнийгээ дагаад хү­мүүсийн хандлага ч өөр болсон байх?

-Маш өөр болсон. Биднийг танихгүй хүн гэж байхгүй, бүгд л таньдаг. 

-Хэвлэлийнхэн хүртэл нэвт­рүүлэгтээ оруулж, ярилцлага авах гэж хуйлраад л. Ингэхэд анх ярилц­лага өгөхөд танд ямар сэт­гэгдэл төрж байв?

-Ингээд л олны танил бол­чихлоо. /Инээв/ Гэхдээ энэ миний нууцхан бодол шүү. 

-Тэгэлгүй яах вэ. Олны танил болоод багагүй хугацааг үдлээ. Урлагийн хүн байхын зовлон, жаргалыг амсаж л яваа биз дээ?

-Тийм ээ. Хүн болгоноос гуйж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх хамгийн хэцүү. Харин сайхан зүйл зөндөө. Киногоо хийж дуусаад үзээд суух шиг жаргал, сайхан мэдрэмж байхгүй. 

-Ингэхэд эцэг, эхээсээ хэ­дүү­лээ вэ?

-Би эцэг, эхээс долуулаа. Хоёр эгч, дөрвөн ахтай. 

-Айлын бага байх нь?

-Тийм ээ. 

-Урлагийн хүн болоход аав тань их нөлөөлсөн байх?

-Мэдээж аав минь нөлөөлсөн. Би байнга л аавыгаа дагаж явдаг хүүхэд байлаа. Тэгж явахдаа л урлагт дурласан байх. Миний аав ч ялгаагүй.

Аавынхаа хийж чадаагүй дээ гэсэн болгоныг нь хийж, баяр­луулахыг хичээдэг. 

Яг л над шиг залуу, халуун насандаа урлагт дурлаж, өдийг хүртэл зүтгэж явна. Одоо бол би аавынхаа үргэлжлэл. Аавынхаа хийж чадаагүй дээ гэсэн болгоныг нь хийж, баяр­луулахыг хичээдэг. 

-Аав тань таныг багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан гэх юм билээ?

-Маш сахилгагүй хүүхэд бай­сан. Аль, хаана болж бүтэхгүй юм байна тэрэнд л гар, бие оролцож, бүр манлайлагч нь байлаа. Аавыгаа их ч олон хүнтэй уулзуулсан даа. /Инээв/ Одоо бодоход ичмээр. Гэхдээ хүүхэд байсан болохоор юу ч ойлгодоггүй байж. Одоо бол өөр амьдрал боддог болсон. 

-Жаахан байхын л урлагийн хүн болно гэж боддог байв уу?

-Үгүй, үгүй. Жаахан байхад манай лагерь дээр жижигхэн муу­рын байшин байдаг байсан юм. Тэр нь худаг юм л даа. Худаг дээр очоод ус авах гэхээр худгийн эгч бөөн нэг, гурав, тавтын дэвсгэрт ялгаад тавьчихсан байдаг байж билээ. Тэрийг хараад би том болоод “худгийн хүн” болно гэж боддог байсан. /Инээв/

-Хөгжилтэй юм аа?

-Би өөрийгөө хөгжилтэй гэх нь ч хаашаа юм. Хүмүүс л тэгж яриад байдаг. Үнэн хөгжилтэй гээд л. Сайн мэдэхгүй юм, гэхдээ олны үг ортой байж ч мэдэх. /Инээв/

-Та ямар үед баярлаж, гунигладаг вэ?

-Ажлын үр дүнд амьдралд дэвшил гарахад хамгийн их баяр­лаж, жаргалтай алхдаг. Гомдол бол муухай сэтгэгдэл төрүүлдэг зүйл. Тэр болгонд муугаар бо­дож, гомдож, сэтгэлээр унахыг хүсдэггүй.

-Ийм асуулт асууж болох эсэхээ мэдэхгүй юм. Гэхдээ ижий тань таныг бага байхад бурхан болчихсон гэдэг?

-Миний ээж үү. 

-Тийм ээ, та ижийнхээ тухай ярихгүй юу?

-Миний ээж хамгийн сайхан эмэгтэй байсан. Урлагийн хү­ний эхнэр байх хэцүү л дээ. Амьдралын минь сайхан дурсам­жууд ээжтэй минь хамт үлдсэн. На­майг жаахан байхад тэнгэрийн оронд одсон доо. 

-Их л санадаг байх даа?

-Тийм ээ, маш их санадаг. Хийж, бүтээж байгаа зүйлийг маань ээж минь харж байгаа байх аа. Гэхдээ хажууд минь амьд сэрүүн байсан бол бүр сайхан байх байлаа. Жаахан байхдаа би “Кино хийнэ, тэр кинондоо аавтайгаа хамт тоглоно” гэж ээждээ ярьдаг байж билээ. 

-Уучлаарай, таныг эмзэглүүл­чих шиг боллоо. Ийм үед та сэтгэлээ яаж аргаддаг вэ?

-Найзуудтайгаа хамт байж. Эсвэл хэнтэй ч, юу ч ярихгүй гэртээ ганцаараа баймаар болдог.

 

 -Хүн гэдэг олон зан чанарын цуглуулга ч юм шиг. Тэр бүгдээс хамгийн нандин чанарыг нь нэрлэ гэвэл, та хэрхэн хариулах бол?

-Хайрлах юм даа. Хүн хайрыг хэнээр ч заалгахгүй бүхий л сэтгэл, зүрхээрээ мэдэрдэг. Тэгэ­хээр би асуултад чинь хайр гэж итгэл дүүрэн хариулна. Яах аргагүй хайр, хүний хамгийн нандин чанар. 

-Хайр... бүгд л ингэж хариулах байсан биз. Тэр нь ч үнэн байдаг. Сайхан хариулт байна?

-Баярлалаа.

-Хайр гэснээс хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдан үлд­дэг анхны хайртайгаа хэзээ учирсан бэ?

-Анхны хайр уу. /Инээв/

-Тийм ээ, анхны хайр?

-Тэрийг туулсаан туулсан. Хүнд хайртай болох хамгийн хэцүү. Яаж ч болдоггүй юм билээ. Дуулмаар, бас уйлмаар ч юм шиг. Анхны хайр хайран, бас хэцүү зүйл. 

-Найз охинтой юу?

-Үгүй ээ. Одоохондоо байхгүй. 

-Яагаад?

-Хажууд хайртай хүн маань байвал гоё л доо. Гэхдээ надад хийж, бүтээх их зүйл байна. Цаг нь ирэхээр хүнтэй сууж, хүүхэдтэй болох байх аа. 

-Ирээдүйгээ төлөвлөөгүй байх нь ээ?

-Тэр бол цаг хугацааны асуудал. Төлөвлөсөн зүйл алга. 

-Хамгийн сүүлд хэзээ болзоонд явсан бэ?

-Кино эхлэхийн өмнө. /Инээв/

-Зугаа цэнгэл, шоу цэнгээн таны амьдралын хэдэн хувийг эзэлж байна?

-Арван жилд, оюутан байхад 100 хувь эзэлдэг байлаа. Одоо бол тийм биш ээ, өөр болсон. Тэр үед жинхэнэ утгаар нь наргидаг байлаа. Бүр та нарын төсөөлж ч байгаагүйгээр зугаацаж, цэнгэж явсан. /Инээв/

-Жишээлбэл?

-Энэ тухай яривал их урт түүх болно. 

-Ингэхэд танд нүцгэлэх санал ирвэл зөвшөөрөх үү?

-Мэдээж шаардлага гарвал бэлэн байна. /Инээв/

-Харин сексийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Секс бол хоёрт орох сайхан зүйл. Надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэдэж байгаа байлгүй дээ. 

-Эмэгтэй хүнийг ямар бай­гаасай гэж хүсдэг вэ?

-Эрчүүдийг хүндэлдэг, хаана ямар байхаа мэддэг байх нь чухал.

-Тэгвэл эрчүүд ямар байх ёстой гэж?

-Хамгийн гол нь эр хүн шиг шийдвэр гаргаж, сэхүүн байж чаддаг байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

Зураг