Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хүдэрбулга: Би багаасаа бөх болохыг зорьсон доо

Д.Надмид
2014 оны 11 сарын 12
polit.mn
Зураг зураг

Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин ОУХМ, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай ярилцлаа.

-Дүү хүү аль нутаг билээ?

-Би Төв аймгийн Өндөрширээт сумынх. Миний бага балчир нас тэр л нутагт өссөн.

-Хэдийнээс барилдаж эхэлсэн бэ?

-Бүр багаасаа л барилдах, ноцолдох дуртай. Гэрийнхэн маань ч их дэмждэг байсан. Өндөрширээтийн сургуульд байхдаа л бөхөөс өөр юм бага боддог байж. Ямар сайндаа ижий С.Наранцэцэгийгээ дагуулаад нутгийн ах, сумын заан Давааг зорьж очоод бөхийн мэх зааж өгөөч гэж байлаа шүү дээ. Тун удахгүй хот руу шилжиж нийслэлийн 73 дугаар сургуульд орж тэндээсээ бөхийн секц дугуйланд явах болсон нь бөх болох замын эхлэл байлаа.

-Тэмцээнд орж эхэлсэн биз?

-Тийм ээ. Үндэсний бөхөөр хэд хэдэн тэмцээнд орсон. 2009 онд өсвөр үеийн улсын аваргаас мөнгөн медаль авч байсан. Мөн цагаан сараар хүүхдийн барилдаанд түрүүлсэн. 2010 онд Увс аймагт залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болоход мөн түрүүлж билээ. 2012 онд Дарханд болсон тэмцээнээс мөнгөн медаль авсан.  Ер нь үндэсний бөхөөрөө барилдсаар аймгийн цолд хүрсэн.

Азийн аварга болж Монгол төрийн дууллаа эгшиглүүлсэн минь сайхан

-Өө тийм үү. Аймгийн ямар цолтой болсон бэ?

-Энэ зуны наадмаар Төв аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон. Урьд нь аймгийн начин, аймгийн харцага цолыг авсан байсан.

-Улсад зодоглож арай амжаагүй юу?

-Зодоглосон шүү. Энэ жил улсын наадамд нэг давсан. Хоёрын даваанд улсын харцага Э.Оюунболдод унасан. Тэгээд аймагтаа очиж барилдаад түрүүлсэн юм.

-Одоо заал, танхимын барилдаанд оролцож байна уу?

-Бэлтгэл сургууль, тэмцээн гээд амжихгүй юм билээ. Наадмаас хойш үндэсний бөхөөр барилдаагүй.

-Өөрийг чинь чөлөөт бөхөөр тун ахархан хугацаанд хүнд жингийн сайн тамирчин болж байгаа гэж бөхийн мэргэжилтнүүд хэлцдэг юм билээ. Чөлөөт бөхийн амжилт гэвэл бас нэлээд юм хэлнэ биз?

-Яахав дээ. Сайн багш, дасгалжуулагчид, сайхан хамт олны тус дэмжлэгээр амжилт гайгүй ээ. 2012 онд Азиас хүрэл медаль авч байсан. Дараа жил нь дахин хүрэл, олимпийн эрх олгох тэмцээнээс мөн хүрэл медаль хүртсэн. Тэгвэл 2014 онд Азийн аварга болж Монгол төрийн дууллаа эгшиглүүлсэн минь сайхан юм билээ.

-Бас Азербайжанд болсон нэг тэмцээнээс медаль авсан билүү?

-Тэр тэмцээнд дэлхийд рейтинг өндөртэй бөхчүүд урилгаар очдог юм билээ. Тэнд би медалийн тавцанд дэлхийн аварга Газымов, АНУ-ын бөх, олимпийн аварга хэнсэн билээ тийм том бөхчүүдтэй хамт гарсан минь бахархалтай байлаа.

-Азийн аварга болохдоо ямар бөхтэй алтан медалийн төлөө барилдсан бэ?

-Киргизийн бөх Магомед Мусаев гэж мундаг залуутай хүч үзсэн. Дагестан удмын бөх юм билээ.

-Улсын шигшээгийн тамирчин болоод бас л удаагүй байхаа даа?

-Тийм ээ. Б.Баяраа багшийн удирдлагад хичээллэдэг.

-Танай багш Б.Баяраа ер нь хэр дасгалжуулагч юм бэ. Энэ талаар шавийнх нь бодлыг сонсмоор байна?

-Тамирчин бүр дээр нэг бүрчлэн ажиллаж чаддаг хүн дээ. Болж байгаа болон болохгүй байгаа юмыг шууд хэлчихдэг. Голыг олж хэлнэ дээ харин. Бэлтгэл дээр давтуулаад байсан мэх нь тэмцээн дээр ороод л ирнэ. Чөлөөтийн нэгдүгээр үе дуусаад завсарлахад өрсөлдөгчийн сул талыг олоод харчихсан байдаг. Цаадах чинь тийм мэх хийх нь гэхэд хийх жишээтэй. Түүнийг нь яаж хариулахав гэдгийг яг л хэлж өгнө. Дасгалжуулагчийн хувьд тийм л өндөр мэдрэмжтэй хүн. Онол, арга зүйн хувьд мундаг даа.

-За ганц нэг энгийн асуулт байна. Танай талд бөхийн удам байдаг уу?

-Эмээгийн маань аав барилдаж байсан юм гэнэлээ. Одоо бол ээжийн дүү С.Нармандах гэж сумын заан хүн бий. Бас улсын харцага Ө.Даваабаатар манай хамаатан. Удам тал миний мэдэхээр ийм л юм байна.

-Багаасаа бөх сонир­хож байхдаа хэн нэгнийг хараад ийм бөх болохсон гэж бодож байв уу?

-Д.Сумъяабазар авар­гыг л их хардаг байсан даа.

Зураг