Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

В.Удвал: Эрх мэдэл хаана байна, тэнд өндөр төвшний авлига байна

Д. Болор
2014 оны 11 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Хууль зүйн дэд сайд асан, “Эмэгтэй удирдагч сан” төрийн бус байгууллагын тэргүүн В.Удвалтай ярилцлаа.

-“Эмэгтэй удирдагч сан” төрийн бус байгууллага нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилладаг байгууллагын нэг. Энэ удаа танай байгууллага авлигаас ангижрах, соён гэгээрүүлэхээр ажиллаж байгааг дуулсан. Өндөр төвшний авлига гэсэн ойлголтыг гаргаж ирж байгаа гэв үү?

-Бидний уламжлалт сэтгэлгээнд авлигыг нэг л ойлголтод хамруулж үздэг. Бие биендээ мөнгө төгрөг, эд зүйлийг өгч авалцдаг үйлдлийг авлига, хээл хахууль гэж л ойлгоно. Тэгвэл энэ ойлголт өөрчлөгдсөн байна. Дэлхийн чиг хандлагаас харахад эрх мэдэл бүхий хүмүүс гаргаж буй шийдвэрээрээ авлигыг бий болгоод байгаа юм. Мөн улс төрийн хүрээнд байгаа хүмүүс авлигыг бий болгож байна.

Дэлхийн чиг хандлагаас харахад эрх мэдэл бүхий хүмүүс гаргаж буй шийдвэрээрээ авлигыг бий болгоод байгаа. 

Тухайлбал, төсвийн мөнгийг хуваарилахдаа өөрийг нь дэмждэг эсвэл өөртэй нь холбоотой байгууллагуудад илүүтэй өгч түүнээсээ ашиг хүртэж байх жишээтэй. Үүнийг л өндөр төвшний авлига гэж үзэж байгаа юм. Яах вэ, өндөр төвшний авлигыг янз бүрээр нэрлэдэг. Бодлогын авлига, улс төрийн авлига, өндөр төвшний авлига гэж нэрлэх нь бий.  Ямар ч нэртэй байсан энэ нь 100 мянган төгрөг өгөөд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж байгаа тэр авлигаас өөр.

Тэрбумаар тооцогддог учраас хор хөнөөл болоод эдийн засгийн хөгжилд саад учруулдаг гэдэг утгаараа өндөр төвшний авлига ялгаатай. Аливаа өвчнийг эмчлэхэд оношоо зөв тавьж байж сайн эмчилнэ шүү дээ. Яг түүнтэй адилхан өндөр төвшний авлигыг зөв тодорхойлж гаргаж байж шинж чанар, илэрдэг хэлбэрүүдийг нь тодруулах ёстой. Ингэж байж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломжтой.

-Тэгвэл өндөр төвшний авлига аль салбарт их байна?

-Эрх мэдэл хаана байна тэнд өндөр төвшний авлига байна. Өөрөөр хэлбэл, үүнд хэн өртөөд байна вэ гэхээр албан тушаалтнууд. Эрх мэдэлтнүүд өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлж байж энэ авлигад өртөөд байгаа юм. Улс төрийн хүрээнд байдаг гэж үзэж болно. Ер нь цаашид өндөр төвшний авлига гэдгийг хуульд нэг мөр оруулж, зохицуулах шаардлага бий.

Эрх мэдэл хаана байна тэнд өндөр төвшний авлига байна.

Ингэхдээ энэ нэр томъёог Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд томъёолж оруулахдаа  биш хөрс суурь нь хаана байна, түүнийг нь олж таслан зогсоох ёстой. Тэр үүднээс нь Намуудын санхүүжилтийн тухай хуулиас л эхлэх ёстой. Шинээр боловсруулагдаж байгаа Намуудын санхүүжилтийн хуулиар шударга санхүүжилтийн тогтолцоог бий болгож, түүнийгээ ил тод байлгадаг зарчимд оруулж чадвал өндөр төвшний авлигыг таслах боломж бүрдэнэ.

-Энэ нэр томъёог зүгшрүүлэх шаардлага байгаа байх?

-Нэр томъёог нь зүгшрүүлэх гэж бид өнгөрсөн зургадугаар сараас эхлэн найман удаагийн хэлэлцүүлэг хийлээ.  Өнөөдөр үндэсний хэмжээнд нэгдсэн хэлэлцүүлэг хийж байна. Өндөр төвшний авлига гэж юу вэ гэдгийг тодорхойлчихоод нэр томъёог нь оновчтой байдлаар өгөх ёстой. Ингэсний дараа эрх зүйн зохицуулалтаа хийгээд явах боломж бүрдэнэ.

-Өндөр төвшний гэхээр дунд бас бага төвшний гэсэн ангилалд хамаарах авлига гэж байх уу?

-Яагаад өндөр төвшний гэж нэрлэсэн гэхээр Монгол Улсад анх удаа Азийн сангийн дэмжлэгтэйгээр Сант марал сан дээд төвшний авлигын асуудлаар өнгөрсөн хоёр жилд зургаан сарын давтамжтай дөрвөн удаа судалгаа хийсэн байдаг. Иргэдийн авлигын талаарх ойлголт мэдлэгийг тогтоох зорилготой судалгаа. Энэ судалгааны үр дүнд дээд төвшний авлига гэдэг ойлголтыг олны анхаарлын төвд оруулж ирсэн. Авлига  хаана, ямар салбарт байна, Монголд хэр хэмжээнд байгаа вэ гэдэг асуудлыг иргэд төсөөлж гаргасан байдаг.

Түүнээс нь улбаалж  дээд төвшинд хамаарахыг нь өндөр төвшний гэж нэрлэсэн.  Яагаад улс төрийн гэж нэрлээгүй гэхээр үүнд зөвхөн гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийн албан тушаалтнууд ороод шүүх эрх мэдлийнх нь орохгүй болчихоод байгаа юм. Тиймээс засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудыг хамруулах үүднээс өндөр төвшний гэж үзэх нь илүү оновчтой болов уу. Ер нь засаглалын төвшингээр авч үзэхэд захиргааны буюу дунд шатны авлига гэж бий.

Төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх  явцдаа авлига “ургадаг” гэж судалгаанд оролцогчид онцолсон байдаг. Тухайлбал, зөвшөөрөл өгөхдөө, төрийн аливаа үйлчилгээг үзүүлэхдээ авлига авдаг гэж.  Тэгэхээр цаашдаа авлигыг өндөр, дунд, доод төвшний гэж ангилах уу гэдэг дээрээ бас нарийн тогтох ёстой.

 Зөвшөөрөл өгөхдөө, төрийн аливаа үйлчилгээг үзүүлэхдээ авлига авдаг. 

-Олон улсын чиг хандлагаар юу гэж тодорхойлдог юм бэ?

-Хүнд суртал эсвэл захиргааны авлига гэж ярьдаг юм билээ. Мэдээж авлигыг ангилснаараа хариуцлагын хувьд ч өөр ялгаатай байх шаардлагатай. 100 мянган төгрөгийн авлига, тэрбум төгрөгийн хооронд асар их ялгаа бий. Тийм учраас ялгаатай байдлыг нь ял ногдуулахдаа харгалзаж үзэх ёстой.

-Удахгүй УИХ-аар Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ төсөлд нэр томъёог нь баталгаажуулж оруулах талаар саналаа хэлсэн үү?

- Бид ирэх сарын 6-нд УИХ-ын байнгын хороодтой хамтраад онол практикийн хурал хийнэ. Энэ хурлаар үүнийгээ ярилцаж нэгдсэн ойлголтод хүрнэ. Нэр томъёогоо онол практикийн хурлаар тогтож ярилцаж таарна. Үүнээс гадна олон нийтийн дунд бүх төрлийн авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ёстой. Үүнийхээ  дараа ямар хуульд нь ямар заалтууд оруулах уу гэдгээ нарийвчлан ярилцах ёстой. Энэ ажлуудыг АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад хэрэгжиж байгаа Засаглал ил тод байдлыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийж, төсөл маань дуусч байна. Энэ чиглэлээр дагнасан гарын авлага, ном бэлтгэн гаргаснаа нэгдсэн хэлэлцүүлэг дээрээ тарааж байна.

-Төрийн албан хаагчдын хүнд суртал, шан харамж хүссэнээс болж  авлига гаарч байдаг. Энэ утгаар нь Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх ёстой гэж та бүхэн онцолж байсан?

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенц гэж бий. 2003 онд батлагдаж,  2005 онд манай улс нэгдэж орсон. НҮБ-ын төлөөлөгчид 2012 онд манай улсад ирж  конвенцийн хэрэгжилтийг шалгачихаад “Конвенцийн үндсэн шаардлагыг танай улс хангах талаар” зөвлөмж гаргасан юм. Бидний хувьд тэр зөвлөмжид байгаа асуудлыг хуулийн заалтад оруулах ёстой, тэр дагуу хөтөлбөр хэрэгжих ёстой гэсэн асуудлыг хөндөж тавьж байна. Түүний нэг хэсэг болгож төрийн албанд хийгдэж байгаа шинэчлэлийн хүрээнд шударга байдлыг бий болгох ёстойг сануулж байна.

Төрийн албанд шударга байдал бий болсон тохиолдолд авлига гэдэг зүйл алга болно.

Төрийн албанд шударга байдал бий болсон тохиолдолд авлига гэдэг зүйл алга болно.  Төрийн албан хаагчид нийтийн өмч хөрөнгийг захиран зарцуулдаг шүү дээ. Бидний хувьд захиран зарцуулахдаа иргэдийн оролцоог хангаач гэдэг шаардлагыг тавьж байна.

-Танай сан авлигын нөхцөл байдлыг судлаа юу?

-”Эмэгтэй удирдагч сан” төрийн бус байгууллага бол эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарлаа хандуулдаг. “Эмэгтэйчүүд манлайлал өөрчлөлтийг бий болно” гэсэн уриатай байгууллага. Энэ хүрээнд 2013 оны дөрөвдүгээр сард Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг сайд нарын VII хуралдааныг Монгол Улсад зохион байгуулахад нэг салбар хуралдааныг төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор “Авлигаас сэргийлэх, ил тод байдлыг дэмжихэд эмэгтэйчүүдийн оролцоо” салбар хуралдаан болсон.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс эмэгтэйчүүд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд  манлайлж оролцох ёстой гэдгийг сануулж, олон нийтэд уриалж байна. Яах вэ, бид авлигын талаар бүрэн хэмжээний судалгаа хийгээгүй. Бусдын хийсэн судалгаанд түшиглэн дүн шинжилгээ хийн ажиллаж байна.

-Өндөр төвшний авлига нь хэдий хэмжээний мөнгөн дүнгээс хамаарах вэ?

-Одоохондоо мөнгөн дүнгийн талаар хэлэлцээгүй байна. Мэдээж хэрэг 100 мянган төгрөг тэрбум төгрөг хоёрын хооронд асар их ялгаа бий. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд энэ асуудлыг суулгаж өгөх юм бол тодорхой хэмжээгээр адилгүй зохицуулалт орох учиртай.

-Тэгэхээр 10 тэрбум төгрөг зувчуулсан дарга, хоёр сая төгрөг шамшигдуулсан ажилтан хоёр ялгаатай ял эдлэх нь?

-Өөр, өөр болж таарна. Адилхан байх боломжийг хязгаарлах ёстой. Тэгээд ч авлигын үр дагавар нь  өөр байгаа шүү дээ. Өндөр төвшинд байгаа авлига хөгжилд саад болж, цаашид хөгжих боломжийг нь хязгаарлаж байгаа юм. “Ил тод байдлыг дэмжих түншлэл” гээд 11 байгууллага нэгдэж түншлэл байгууллаа. Түншлэлийн гишүүн байгууллагын хувьд бид олон ажлыг санаачилж хийх ёстой. Үүний нэг нь авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг бий болгохын төлөөх үйл хэрэг маань юм.

Зураг