Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн ихрийнд гурван өрөө байр өглөө

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Дөрвөн ихрийнд байр өглөө 2014.10.27 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарын гэр бүл 11 жилийн дөрвөн удаагийн төрөлтөөр найман хүүхэдтэй болж, ам бүл 10-уулаа болжээ.

Энэ өнөр өтгөн гэр бүлд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, "Чухаг" хотхоны 32А байранд 81 метр квадрат гурван өрөө байр өгөх болсныг өнөөдөр гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд том гурван ихэр буюу зургаан хүүхэд нь аав ээжийн хамт ирсэн бөгөөд бага хоёр ихэр нь гэртээ үлдсэн ажээ.

Өрхийн тэргүүн Д.Энхтөр "Маш их баяртай байна. Бүр хэлэх үг олдохгүй байна...

Байртай болох асуудлыг дэмжсэн Нийслэлийн засаг даргын тамгийн газрын дарга нарт мөн фэйсбүүк, твиттэр гээд интернэтээр манай гэр бүлд байр өгөх асуудлыг дэмжиж байсан ард түмэндээ маш их баярлаж байна даа" хэмээн ярилаа.

Өрхийн тэргүүн Д.Энхтөр нь Спортын төв ордон болон ДБЭТ-т давхар ажилладаг бол эхнэр Ц.Ундрах нь ЭХЭМҮТ-д сувилагчаар ажилладаг юм байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төр засгаас хүн амаа нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Харин байгальд ч ховор онцгой тохилдлоор 4 удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болсон та хоёртоо нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Бид та нарыгаа ая тухтай амьдрахад нь тусалж, нийслэлээс орон сууц олгох шаардлагатай иргэдэд олгодог байрныхаа хамгийн том хэмжээтэй орон сууцыг олгож байна. Үр хүүхдүүдээ эрүүл энх өсгөж, нийслэлийн бүтээн байгуулалтад өндөр хувь нэмэр оруулах иргэд болгоорой” хэмээн онцлон хэлсэн юм.

Дөрвөн ихрийнд байр өглөө 2014.10.27 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

Энэ үеэр найман хүүхдийн ээж Ц.Ундрахтай цөөн хором ярилцлаа.

-За баяр хүргэе. Шинэ байрандаа хэзээ нүүж орох гэж байна даа?

-Баярлалаа. Нөхөр маань өнөөдөр маргааш хоёр ажилтай. Нөгөөдөр бууна. За ер нь тэгээд сайн өдөр харж байгаад нүүнээ.

-Нөхөр тань хоёр газар давхар ажилладаг гэсэн?

-Тиймээ. Манай хүн Спортын төв ордон, ДБЭТ-т давхар ээлжийн ажил хийдэг. 

Дөрвөн ихрийнд байр өглөө 2014.10.27 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

-Давхар ажиллахгүй бол тэрсхэн жаахан найман хүүхэдтэй өрхийг авч явахад хүнд байдаг байх?

-Бидний цалин нийлээд хоол ундаа авна. Тэгээд ах дүү хамаатан, найз нөхөд туслаад болоод байдаг юм. Сүүлийн үед телевиз сонингуудаар гараад байхаар сайхан сэтгэлтэй хүмүүс их тусалж байгаа.

-Та хоёрын хэн нь ихрийн удамтай юм бэ,  4 удаагийн төрөлтөөр 8 хүүхэдтэй болох нь  байгальд ч ховор онцгой тохилдол юм байна шүү дээ?

-Бид хоёр хоёулаа ихрийн удамтай

-За баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе