Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүтээгдэхүүнээ худалдаалах боломж хомс байна

М.Санчир
2014 оны 9 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улс удахгүй гурван сая дахь иргэнээ өлгийдөж авна хэмээн хөл хөөр болж байна. Гэтэл гурван сая монголчуудын нэгэн хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хэмээх хэцүү нэр томьёог зүүн амьдардаг. Хөгжлийн бэрхшээл гэдэг нэр нь хүртэл хөгжих боломжгүй гэдгийг илтгээд байх шиг.

Манайд одоогоор хэл яриа, сонсгол, хараа болон тулгуур эрхтний гээд олон төрлийн эмгэгтэй 30024 иргэн бүртгэлтэй байдгаас 24500 нь хөдөл­мөрийн насны залуус байна.

Хөдөлмөрийн яамнаас хэрэг­жүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж­лын байрыг нэмэг­дүүлэх хөтөлбөрт дээрх иргэдийн 1700 гаруй нь хамрагдаж тодорхой хэмжээний бу­цалтгүй тусламж авчээ. Тэд ингэснээрээ гэртээ болон жижиг цехэд үйлдвэрлэлээ явуулж, дүүрэг, нийслэлийн хэмжээнд тэднийг дэмжих чиглэлээр зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог болсон.

Хэдийгээр тэднийг нэрлэх ерөнхий нэр нь хөгжих эрхийг нь хязгаарласан мэт сонсогдох боловч тэдний зарим нь өнөөдөр эрхтэн бүтэн нэгнээс хавь илүүг хийж бүтээж байгаа юм. Өчигдөр бидний “Шилэн банк” хэмээн нэрлэж заншсан Улаанбаатар хотын банкны өмнөх авто зогсоолд 60 гаруй иргэд өөрсдийн бүтээлээ дэлгэн тавьсан юм. Тэнд хүүхдийн нэхмэл бойтог, жижиг түлхүүрийн оосрон бэлэг дурсгалын зүйлс, хүүхдийн гутлаас авхуулаад эсгий олбог, том хэмжээтэй цагаан эсгий ширдэг хүртэл байсан.

Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар орчим угаас хөл хөдөлгөөн ихтэй учир тэдний дэлгэн тавьсан үзэсгэлэнг сонирхох хүн ч олон байв. Цайны цагаараа хооллохоор гарч явсан залуус жижиг модон гэр хэл­бэрийн түлхүүрийн оосор, монгол банхар, тэмээний зурагтай хөргөгчний наалт авч, бяцхан хүү, охиддоо бойтог, баривч худалдаж авцгаан тэдний мундагийг гайхан, урамшуулцгаасан.

Өглөө 10:00 цагт эхэл­сэн үзэс­гэлэн 16:00 хүртэл үргэлжилсэн бө­гөөд бид­нийг үд дунд очих үед Нийс­лэлийн хөдөлмөрийн газрын орлогч дарга Б.Мөнх­цэцэгМанайхан одоогоор нэг сая 400 гаруй мянган төгрөгийн худалдаа хийчихсэн байна” гээд нүд дүүрэн инээмсэглэж байв. Түүний энэ үгийг сонсоход үнэхээр бахархмаар байсныг нуух юун.

Тэд 2009 оноос хойш энэ төрлийн үзэсгэлэн худалдааг уламж­лал болгон зохион байгуулж байгаа бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрх­шээлтэй иргэд ч үүнд дуртай байдаг гэнэ.

Ингээд хүүхдийн ба­ривч, гутал, ундаа, шар айрагны хуванцар са­ваар доторлон ширээ сандал хийж, мөн хуванцар саваар шүүр, цаасан хайрцагтай ундааны сав ашиглан монгол гэрийн хаяавч зэрэг олон бүтээл өмнөх ширээн дээрээ эгнүүлэн тавьсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны иргэн П.Гэрэлцэцэгтэй ярилцсан юм.

-Энэхүү үзэсгэлэн ху­далдаанд өмнө нь орж байв уу?

-Энэ үзэсгэлэнд би дөрөв дэх удаагаа оролцож байна. Өмнө нь “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын шугамаар дөрвөн хүнтэй бүлэг болж ажилладаг байсан. Дараа нь есөн хүнтэй хоршоо болсон. Одоо бол 15 хүнтэй ажиллаж байна. Үүнээс дөрөв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй ир­гэд маань нийлээд НҮБ-ын “Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё” гэдэг хөтөлбөрт хамрагдсан.

Гэхдээ хөгжлийн бэрх­шээлтэй иргэд ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй юм аа. Харин өнгөрсөн хавар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аж­лын байраар хангах тендер зарлахаар нь орсон юм.

Гэтэл тендерийн бүх нөхцөл бүрдүүлсэн ч би өөрөө харилцах банкныхаа тодорхойлолтыг мартчихаад шалгарч чадаагүй. Харин өнөөдөр ийм сайхан үйл ажиллагаанд оролцож бай­гаадаа баяртай байна. Мөн зохион байгуулж байгаа хүүхдүүдэд баярлалаа гэж хэлмээр байна.

-Таны зарж байгаа ба­раанууд дотор хаягдал түүхий эдээр хийсэн бүтээл нэлээд байна. Энэ санааг хаанаас олсон бэ?

-“Дахин ашиглая, дахин хэрэг­лэе” уриатай сур­галтад сууж, ийм зүйлс хийх санаа төрсөн. Энэ буйдангийн тухайд доторх зөөлөвч материалынх нь оронд ундааны хуванцар сав хийсэн. Сандалд зургаа, буйданд 36 ширхэг хуванцар сав орсон. Ундааны савнууд дотроо бас зузаан, нимгэн гэж хэдэн янз байна. Харин том савалгаатай шар айрагны бор саваар хогийн шүүр хийж байгаа.

-Энэ хогийн шүүр, буйдан зэргийг хүмүүс хэр сонирхож байна?

-Хүмүүс их сонирхож байна. Ер нь их сонирхох янзтай. Сая л гэхэд нэг албан байгууллагад ийм буйдан 20 гаруйг хийж өгөхөөр боллоо.

-Бараа бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулдаг вэ. Байнга зардаг цэг бий юу?

-Ер нь тийм борлуулах цэг байхгүй. Иймэрхүү үзэс­гэлэн худал­даануудаар явж бүтээгдэхүүнээ борлуулдаг.

-Нууц биш бол орлого хэр байна вэ?

-Өнөөдөр тун дажгүй шүү. Одоогоор 200 га­руй мянган төгрөгийн бүтээг­дэхүүн худалдаад байна.

-Энэ олон төрлийн бүтээг­дэхүүний алийг нь хүмүүс их авч байна вэ?

-Хоёрдох түүхий эдээр хийсэн агар модон хувин хоёр ширхгийг авч ирээд зарчихлаа. Ер нь хүүхдийн гутал, хогийн шүүр, хүүх­дийн хувцаснуудыг хүмүүс их сонирхон авч байна.

Түүний хувьд бүтээг­дэхүүнийх нь борлуулалт сайн байгаа тул урамтай сууж байсан юм. Харин нөгөө талд ардын уламж­лалт ухаан болох эсгий урлал тэр дундаа ширмэл ширдэг хийсэн хүний бү­тээг­дэхүүн тэр бүр борлог­дохгүй байна гэж байв. Уг урлалыг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Э.Өлзийбүрэн хийсэн аж. Түүний бүтээл дунд сав суулганы жижиг тавиураас эхлээд 180x110 харьцаатай ширдэг хүртэл хийсэн байв.

Харин түүнээс бү­тээг­дэхүүн нь яагаад борлог­дохгүй байгаа талаар асуу­­тал “Миний хийсэн бү­тээ­­лүүд дунджаар 25 мян­ган төгрөгийн үнэтэй тул зүгээр сонирхож яваа хүмүүс тэр бүр авч чадахгүй байх шиг байна. Харин олон хүн холбогдох дугаар аваад явлаа” гэж байсан юм.

Энэ мэт тэдэнд худалдаа эрхлэх боломжийг нь гар­гаж өгөөд байвал хэнээс ч гуйхгүйгээр өөрөө өөртөө ажлын байр гаргаад амьд­ралаа авч явж буй тэдэнд өөр хүсэх зүйл алга гэдгийг тэнд цугласан ихэнх хүмүүс хэлж байсан юм.

Зураг