Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төр барилгын компаниудаас цэцэрлэг худалдаж аваач

Н.Пунцагболд
2014 оны 9 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ. Намрын намарт л эцэг, эхчүүд цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж “дайн” болдог.  Харин сүүлийн жилүүдэд цэцэрлэг, сургуулийн барилгуудыг шинээр барьж, асуудлыг шийдэх талаас нь ажиллаж байна.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар ирэх жилээс нэлээд олон цэцэрлэг, бага сургуулийн барилга барихаар болоод байгаа юм билээ. Сайхан л мэдээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар асуудал шийдэгдээгүй, хүрэлцээ муутай хэвээр л байна. 

Төр угаасаа цэцэрлэг, сургуулийн барилга барихад муу анхаарч байгаа болохоор тэр. Ирэх жилүүдэд ашиглалтад орох барилга ч яамай. Цагаа тулахаар юу ч болоо билээ. Өнөөдрөөрөө юмыг харж үзвэл байдал хэцүүхэн л байна шүү дээ.

Хамгийн сонирхолтой нь төр сургууль, цэцэрлэгийн барилга барихаасаа илүүтэй хувийн хэвшлийг дэмжээд байна.  Энэ намар гэхэд 36 хувийн цэцэрлэгт зөвшөөрөл олгоод байгаа.  Одоо яахав, тэртээ тэргүй улсын цэцэрлэг хүрэлцэхгүйгээс хойш хувийн хэвшлийг дэмжээд ч болов ачааллаа бууруулах гэж үзэхээс өөр яалтай билээ.  Уг нь улс төрийн цэцэрлэг, сургуулийн тоог нэмэхийн тулд багахан менежмент явуулчихмаар санагдах юм. 

Ерөнхийдөө төр барьсан сургууль, цэцэрлэгийн барилгыг нь худалдаад авчихдаг бол санаа амар бүтээн байгуулалт өрнүүлж болмоор байна гэдгийг олон хүн хэлээд байгаа.

Тэр нь Барилгын компаниудтай гэрээ байгуулах. Ер нь ч барилгын компаниуд орон сууцны хороолол барихдаа дунд нь сургууль, цэцэрлэгийн барилга барьдаг.

Тодорхой хэмжээнд сургууль, цэцэрлэг барихыг ч шаардаж байгаа. Харин сургууль, цэцэрлэгийн барилга барьсаны дараа төрд худалдах сонирхолтой байдаг. Ерөнхийдөө төр барьсан сургууль, цэцэрлэгийн барилгыг нь худалдаад авчихдаг бол санаа амар бүтээн байгуулалт өрнүүлж болмоор байна гэдгийг олон хүн хэлээд байгаа шүү дээ.  

Яаж ч бодсон энэ бол хамгийн зөв шийдэл юм шиг санагдаад байгаа юм.  Төр тендер зарлаад, бөөн юм болж байж цэцэрлэг барих шаардлагагүй. Зүгээр л бэлэн байшин худалдаад авчихна.  Хувийн хэвшлийнхэнд ч хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л сургууль, цэцэрлэг барь гээд байдаг. 

Дараа нь өнөөх цэцэрлэгийн барилгад нь хэн үйл ажиллагаа явуулах уу, зөвшөөрөл авах энэ тэр гээд л ажил их байна.  Хэрвээ төр мөнгөгүй гэвэл арай өөр аргаар шийдэж яагаад болохгүй гэж. Төр газрынх нь асуудлыг шийдэж өгөөд, оронд нь сургууль, цэцэрлэгийн барилга бариулж авъя л даа. Газраа үнэгүй биш юм аа гэхэд хямдхан өгвөл яасан юм.  

Тийм боломж бага ч болов байж л таараа. Ингээд шийдчихэж болдог бол төр сургууль, цэцэрлэгийн барилгатай болоод авчихаж болно. Тэгэхгүй бол өдөр өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа орон сууцны хорооллуудын дунд хувийн цэцэрлэгүүд дүүрлээ. Орон сууцанд орж байгаа айл болгон хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч чадах уу, үгүй юу гэдгийг бодолцох цаг болсон. Боломжтой нь хүүхдээ өгөөд, боломжгүй нь улсын цэцэрлэг л бараадуулна. 

Тун аргагүй бол гэртээ түгжинэ. Түүнээс нь болоод янз бүрийн осол гарч л байна.  Бүх зүйлийг хувийн хэвшил рүү чихээд, түүнийгээ төрийн ачааг үүрэлцэж байна гэж цагаатгаад байх юун. Ядаж сургууль, цэцэрлэгээ ч болов төр үүрэх л хэрэгтэй байна шүү дээ.  Тиймээс энэ тал дээр хөрөнгө оруулалтаа жаахан нэмж, хэдэн цэцэрлэг ч болов худалдаж авмаар юм, энэ намар.

Зураг