Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шотландчууд тусгаар тогтносны дараа юу болох вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шотландчууд энэ сарын 18-ны өдөр Их Британий Нэгдсэн Вант улсаас тусгаар тогтнох эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийднэ. Энэ түүхэн үйл явдлын үр дүнд Шотландууд тусгаар тогтновол ямар сөрөг болон эерэг үзэгдлүүд өрнөхийг шинжээчид тодорхойлжээ.

 

Сөрөг талууд

 

     1.   Ямар мөнгөн тэмдэгттэй болох нь тодорхойгүй

Шотландын улс төрчид паунд хэрэглэсэн хэвээр үлдэхийг хүсэх ч Лондон үүнийг нь зөвшөөрөхгүй.

Үүнээс болоод эдийн засагт нь эмх замбараагүй байдал үүсч болзошгүй. Шотландуудад паундаас өөр сонголт одоохондоо байхгүй.

     2.   Британий санхүүгийн зах зээлд уналт үүснэ

Санал асуулга болох сургаар паунд болон Лондонгийн Хөрөнгийн биржийн үнэлгээ буурч эхэлжээ. Даваа гарагт паунд Америк долларын эсрэг 1.3 хувь буусан бол Еврогийн эсрэг 1 хувь буурсан нь сүүлийн 10 сарын хамгийн доод хэмжээ. Британий ирээдүй тодорхойгүй байгаа тул ийнхүү санхүүгийн зах зээлд нөлөөлж эхэлжээ.

     3.   Британи болон Шотландын олон улсын нэр нөлөө буурна

Хуваагдсаны дараа Британи НАТО-гийн сулавтар гишүүн болж үлдэнэ. Шотландуудын хувьд мөн хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү. Магадгүй тэд Европын Холбоонд элсэхээр өргөдөл өгөх ч дотооддоо салан тусгаарлах үзэлтэй тэмцэж байгаа олон улс орнууд тэднийг дэмжих эсэх нь эргэлзээтэй.

     4.   Европын бусад салан тусгаарлагчдад хүч өгнө

Жишээ нь Испаний засгийн газар энэ үзэгдлээс ихээхэн айж байна. Тэдэнд Каталониа гэсэн шүдний өвчин бий. Бельгид бас Валлуны тусгаарлах үзэлтэй улс төрчид энэ явдлаас урам зориг авах нь гарцаагүй.

     5.   Шотландаас бизнесүүд гарч эхэлнэ

Тусгаар тогтносон Шотландчууд Лондонгоос дэмжлэг авахаа больж, шинэ мөнгөн тэмдэгттэй болон Европын Холбоонд элсэхээр тэмцэж эхлэх нь тодорхой. Эдгээрээс болж эдийн засаг нь нэг хэсэгтээ тогтворгүйтнэ. Ямар ч байсан олон гадны компаниуд үүнээс болж Шотландыг орхих байх.

 

Эерэг талууд

 

     1.   Шотландчууд засаглалаа бүрэн хяналтдаа авна

Шотландын улс төрчид үргэлж тус бүс нутгийн баялаг нь Британичуудад ихэнхдээ зарцуулагддаг талаар гомдоллодог. Тэгвэл энэ асуудал нэг мөр шийдэгдэнэ.

     2.   Шотландад өөр улс төрийн бодлого хэрэгжинэ

Британиас салсны дараа Шотландын эрх баригч хүчин илүү зүүний баримтлалтай болно. Шотландчууд дотроо хэдийгээр Консерватив олонхтой парламенттай ч Лондонд бараг нөлөөлж чаддаггүй. Тэгвэл одоо Консерватив хүчин олонхи болсон Вестминстр дэх засаглал Шотландыг удирдана.

     3.   Шотландчууд газрын тосны нөөцөө өөрсдөө ашиглах болно

Хойд Тэнгис бол 30-40 жилийн газрын тосны нөөцтэй. Уг бүс Шотландын мэдэлд үлдэх юм. Урьд нь Британичуудыг эндээс олсон ашгийг зөвхөн өөрсдөдөө зарцуулдаг гэж Шотландчууд шүүмжилдэг байсан. Газрын тосны баялаг ордоо бие даан ашиглаж эдийн засгаа бэхжүүлэх боломж нээгдэнэ.

     4.   Шотланд цөмийн зэвсэггүй болно

Британичууд цөмийн зэвсгээ Шотландад байрлуулдаг бол Шотландын улс төрчид цөмийн зэвсгийн эсрэг хатуу зогсдог. Тусгаар тогтносны дараа тэд 2020 он гэхэд цөмийн зэвсгээ шилжүүлж дууссан байх шаардлагыг Британид тавих гэнэ.

 

Хэдийгээр санал асуулгын дүн эсрэгээр гарч Шотландууд Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд үлдсэн ч тэдний энэ тэмцэл амжилт олж илүү их бие даасан байдал, Лондонгоос эдийн засгийн илүү их хангамж эдлэх боломж олгох юм. Мэдээж Лондон дахин салан тусгаарлах явдал гаргахгүйн тулд Шотландчуудад таатай нөхцөл амлана.

Тиймээс аль ч тохиолдолд Шотландчууд хожих бөгөөд 18-ны өдөр юу болохыг харах л үлдэж байна.

 

Эх сурвалж: Mashable.com