Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн Азийн Хүүхдийн эрхийн III чуулга уулзалт Монголд болно

ikon.mn
2014 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн институц хамтран “Зүүн Азийн хүүхдийн эрхийн III чуулга уулзалт”-ыг энэ сарын 23-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Тус чуулга уулзалтаар хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянахад төрийн болон ТББ-ын үүрэг оролцоо, хүүхдэд хүрэх хэвлэл мэдээллийн аюулгүй байдал, боловсролын хөтөлбөр, онцгой байдлын үед хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг зэрэг хүүхдийн хөгжих, хамгаалуулах эрхийн асуудлыг хэлэлцэх юм.

Зүүн Азийн орнуудаас 50 гаруй зочид, төлөөлөгчид оролцох аж. Япон, Солонгос, Энэтхэг, Камбож, Индонез, Монгол зэрэг улс орны жишээн дээр төлөөлөгчид илтгэл тавьж, туршлагаа солилцоно.

Мөн чуулга уулзалтаар “Азийн хүүхдийн эрхийн Форум 2014” тунхаг бичгийг батлан, дараагийн чуулга уулзалт зохион байгуулах улс орныг товлох юм.

Тус чуулга уулзалт 2009 онд БНСУ-д, 2014 оны 1 дүгээр сард Япон улсад зохион байгуулагдахад Монгол улсын төлөөлөгчид оролцож байсан билээ.