Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Рейган ЗХУ-ын эсрэг, Обама Оросын эсрэг, төлөвлөгөө адил, харин үр дүн?

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Украйны асуудалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдал тэр дундаа Америк, Оросын харилцаа хурцдаж байгаа энэ үед хэвлэлээр олон өнцөг, өөр өөр байр суурьтай мэдээлэл, нийтлэлүүд гарсаар байгаа. Барууны хэвлэлүүд Путиныг “диктатор” гэж нэрлэн, тэр бүү хэл хоёр дахь “Гитлер”-ээр тодруулаад байгаа бол Оросын талыг баримтлагчид арай өөр бодолтой байгаа нь мэдээж. 

Бид энэ удаад Оросын Олон улсын сэтгүүлзүй, судалгааны төвийн захирал Вероника Крашенинниковагийн нийтлэлийг хүргэж байна. 


Рейганы засгийн газар 1980-аад онд Зөвлөлтийн хүчийг эрс сулруулах зорилготой нууц төлөвлөгөө хэрэгжүүлж байлаа, үүний дүнд ЗХУ дэлхийн газрын зургаас арчигдсан. 

Өнөөдөр Обамагийн захиргаанаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд Рейганы стратегийг хэсэгчлэн дагаж байна. Вашингтон ямар төлөвлөгөөтэй байгаа вэ, тэд энэ удаад зорилгодоо хүрч чадах болов уу? 

Владимир Путин 2012 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн албан тушаалд очсоноос хойшх эхний хэдэн саруудад бүх зүйл тодорхой болсон. Вашингтон Оросын тал дээр шинэ стратеги боловсруулж эхэлсэн юм. Ямар стратеги вэ гэдэг нь өнөөдөр илхэн харагдаж байна. 

Оросын  тал дээр Вашингтоны авч хэрэгжүүлж буй стратегийн зорилго нь тодорхой, хүчийг нь эрс сулруулах, болж өгвөл манай улсыг цаашид хэдэн хэсэг хуваах. Сүүлийн хоёр жилд Барууны хувьд “Орос асуудлыг” шийдэх нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Учир нь Орос улс Вашингтоноос үл хамааралтай болж, Сири, Иран, Крым Украйны асуудалд хүчээ гайхуулж эхэлсэн юм. Вашингтоны өнцгөөс харахад ч  БРИКС-ийн хүрээнд олон улсын институтуудыг байгуулж эхэлсэн нь байж болох хүрээнээс хальсан юм. 

1980-аад онд Америкийн Ерөнхийлөгч Рейган ЗХУ-ын тал дээр барьж байсан стратегийг нарийн мэддэг бол өнөөдөр Вашингтоны Москвад хэрэгжүүлж буй стратегийг харахад илүү ойлгомжтой болно.

Түүнээс гадна Украйныг тогтворгүй болгох, эдийн засгийн хориг арга хэмжээ, хийн дамжуулах хоолойнуудыг барихыг эсэргүүцэж байгаа зэрэг Америкийн арга хэмжээнүүд нь ЗХУ-ыг нураах Рейганы  стратегийн хэсгүүдийг давтаж байна. Ингээд Рейган стратегиа хэрхэн хэрэгжүүлж байсан гэдгийг эргэн нэг саная. 

Рональд Рейган1981 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албан тушаалд ирэхдээ Зөвлөлтийг нураах хэрэгтэй гэсэн тодхон санаа толгойндоо агуулан гарч ирсэн. Тагнуулын төв газрын захирал Уильям Кейси, Батлан хамгаалахын сайд Каспар Уайнбергер, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Уильям Кларк, Хууль зүйн сайд Эдвард Миз зэрэг олон хүнээс бүрдсэн, Рейганы цуглуулсан баг “Хүчирхэг зөвлөлтийг унагах, хүчийг суллруулах” төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж байлаа.

Р.Робинсон Цагаан ордонд ажиллахаасаа өмнө таван жилийн хугацаанд Чейз Манхэттен банк олон улсын департаменын Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллласан бөгөөд энд ажиллаж байхдаа зөвлөлт Холбоот Улс, Дорнод болон Төв Европд банкны төслүүдийг хэрэгжүүлж байлаа. Тиймээс АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд орсон хойноо тэрбээр Зөвлөлтийн хийтэй холбоотой төлөвлөгөөний хэсгүүдийг боловсруулж байсан юм.  

Стратегийн зорилт нь Зөвлөлтийн эдийн засгийн үндсийг дотроос нь тас татах, социалист лагер болон гуравдагч орнууд дахь ЗХУ-ын ашиг сонирхолт цохилт өгөх явдал байлаа. Зөвлөлтийн улс төрийн болон эдийн засгийн тогтолцооны сул хэсэгт цохилт өгөх нь стратегийн гол үндэс нь байсан юм. 

“Р.Робинсон: «Ерөнхийлөгч  (Рейган) энэ жагсаалтыг сонсоод их догдолсон. Харин бид  ЗХУ-ын валютын орлогыг бууруулж, Зөвлөлт улсын үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай үндсэн эх үүсвэр болсон санхүүгийн зээлжилтэнд хүрэх боломжийг нь хаах стратеги боловсруулсан»

АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган

Эдийн засгийн болон санхүүгийн арга хэмжээнүүд нь ЗХУ –ын төсөвт хөрвөх валют орохыг эрс бууруулах зорилготой байлаа. Энэхүү төлөвлөгөөнд дараах зүйлс багтсан байв. 

Эдийн засгийн болон санхүүгийн арга хэмжээнүүд:

1. Сибирээс Баруун Европ руу чиглэсэн хий дамжуулах хоолойн хоёр дахь салааг бариулахгүй байх. (Эхний салааг тавих ажил Вашингтоны хүчин зүтгэлээр хагас жил саатсан) 

Салаа бүр жилд 12-15 тэрбум долларын орлого оруулж байв. Хоёр дахь салаагаар нийлүүлэлт хийвэл хийн борлуулалт хоёр дахин өсч, Зөвлөлийн валютын орлого ч энэ хэмжээгээр нэмэгдэх байлаа. АНУ Европын холбоотнууддаа Зөвлөлтийн хийг хэрэглэх 30 хувийн хязгаар тогтоон өгч, Зөвлөлтийн хийн тээвэрлэлтийн системд зориулж тоног төхөөрөмж нийлүүлдэг Европын 5 компанид хориг арга хэмжээ авч байв. Мөнх цэвдгийг өрөмдөх технологи ашиглахыг хорьж, Норвегийн хий Европчуудад үнэтэй туусах хэдий ч гагцхүү Тролл ордоос хий олборлохыг албадаж, ЗХУ-ын хий дамжуулах хоолойг барихад зээл олгохыг арилжааны банкуудад хориглож байлаа. 

2. Газрын тосны үнийг буулгах. Р.Робинсоны өгүүлснээр:

"Саудын нөхөдтэйгээ хамтран газрын тосны үнийг бууруулж, боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх гэсэн тактиктай байсанд гайхах зүйлгүй. Олборлолтыг нэмэгдүүлэх тал дээр саудчууд их дуулгавартай байсан. Газрын тосны баррелийн үнэ буурсан доллар тутамд Москвад таван зуун саяас нэг тэрбум долларын хохирол үзүүлж байсан юм. Тагнуулын төв газрын захирал Билл Кейси Саудын Арабтай хэлэлцээр хийхийг хариуцаж байсан бол би байгалийн хийн төлөвлөгөөн дээр ажиллаж байсан юм"

Саудын Араб ийнхүү дуулгавартай байсныхаа төлөө АНУ-д төдийгүй дэлхийн дахинаа тухайн үед шуугиан тариад байсан худалдан авалтыг хийх болсон бөгөөд тодруулбал AWACS радио илрүүлэлтийн агаарын комплексийн системийг худалдаж авах эрхтэй болсон юм. 

3. Зөвлөлт холбоот улсад зээл олгохоо зогсоож хүүгээ хугацаанаас нь өмнө төлөхийг шаардаж байв. 

4. Технологи нийлүүлэхийг хориглох: 

ЗХУ-ын холбоотон орнуудад өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулах 

5. Польш дахь Зөвлөлтийн засаглалыг сулруулахын тулд “Эв нэгдэл” нэртэй үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн болон католик сүмээр дамжуулан эсэргүү үйл ажиллагаа эхлүүлжээ.

АНУ “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийг далдуур, нууцаар дэмжсэнээр нөхцөл байдлыг өөрчлөх нэг арга гэж үздэг байж. 

6. Афганистан дахь можахедуудад цэргийн дэмжлэг үзүүлэх.

Рейганы үед Вашингтон зэвсэг нийлүүлэлтийн хэмжээгээ эрс нэмэгдүүлж, Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр дайн дэгдээхийн тулд можахедуудыг ашигладаг байв. 

Цэрэг улс төрийн арга хэмжээнүүд:

7. Зэвсэглэлээр хөөцөлдөх:

Зөвлөлтийг батлан хамгаалахдаа гаргах зардлыг нь нэмэгдүүлэх зорилготойгоор зэвсэглэлээр хөөцөлдөж, төсөвт орох орлогыг багасган, сэтгэлзүйн цохилт өгөх явдал байв. 

8. “Першинг” баллистик пуужин болон далавчит пуужингуудыг Европд байршуулснаар пуужингуудын нисэх хугацааг 6 минут хүртэл багасгаж чадсан нь Москвагийн асуудал болсон гэж Р.Робинсон өгүүлж байжээ. 

Үзэл суртлын болон сэтгэлзүйн дайн:

9. Олон улсын талбар дээр, “Америкийн дуу хоолой” станцийн эфирээр болон олон нийтийн байгууллага болон үзэл суртлын машинаараа дамжуулан “Хэрцгий эзэнт гүрэн” гэдэг ухуулгыг хийдэг байв. 

10. Зөвлөлтийн удирдлагуудын дунд  айдас, үл итгэх байдлыг бий болгохын тулд бүх талын, олон төлөвлөгөөтэй, нарийн боловсруулсан сэтгэлзүйн дайн явуулж байв.

Рейганы засгийн газрын төлөвлөгөө маш нууц боловруулагдаж, хэрэгжиж байжээ. Р.Робинсоны өгүүлснээр АНУ –д энэ төлөвлөгөөний талаар ердөө 12, 13 хүн л мэддэг байж.

Энэ төлөвлөгөөг дэд ерөнхийлөгч Жорж Буш ч мэддэггүй байсан гэнэ. Рейганы ойрын туслахууд нь Бушийн гэр бүлийнхний газрын тосны ашиг сонирхол нь газрын тосны үнийг төлөвлөгөө ёсоор унагахад саад болно гэж зөвлөсөн гэнэ. 

Рейганы стратегийн чухал заалтуудын нэг нь европчуудыг өөрсдийнхөө төлөвлөгөөг дагахыг албадах явдал байлаа. Баруун Европ “аюулгүй байдлынхаа талаар анхаарахынхаа оронд ”Зөвлөлт Холбоот улстай хэтэрхий ашигтайгаар худалдаа хийж  байна гэж Вашингтон үзэж байлаа. Европд ажилгүйдэл хамгийн өндөр байсан он жилүүдэд хэдэн арван мянган ажлын байр шинээр бий болгох байсан хий дамжуулах хоолой барихыг татгалзахыг Рейганы захиргаа европчуудаас шаардаж, Зөвлөлтийн хямд хийн нийлүүлэлтээс татгалзаж, үүний оронд Норвегийн орд газрыг боловсруулахад асар их хөрөнгө оруулалт хийн, Норвегийн үнэтэй хий худалдаж авахыг шаардаж байлаа.

Харин Европын таван компани Зөвлөлтийн хийн тээвэрлэлтийн системд тоног төхөөрөмж үргэлжлүүлэн нийлүүлэхэд Цагаан ордон, нэн хурдан, 1982 оны хавар тэднийг Америкийн зах зээл дээр нэвтрэх эрхийг нь хаав. 

1882 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Рейган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийг уулзалтанд дуудлаа. Энэ өдрийг хожим нь Европд “хар баасан” гариг гэж нэрлэсэн юм. Чухамхүү энэ өдөр Баруун Европын орнуудад маш хатуу хориг арга хэмжээ авсан нь Рейганыг дэмждэг Маргарет Тэтчерийн дургүйг хүртэл хүргэсэн гэдэг. Баруун Европын томоохон улс орнуудын бүхий л удирдагчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн “шинэ дүрэм журам”-ыг дагах бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна. 

Хориг арга хэмжээний эсрэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Александр Хейг ч мөн мэдэгдэл хийсэн, гэвч түүний энэ эсэргүүцэл албан тушаалынх нь үнэтэй байлаа.

Түүний оронд өмнөх хүн нь юуны учраас халагдсан гэдгийг сайн мэдэх Жорж Шульц ирсэн юм. 

Энд онцолоход, Рейганы захиргааны гишүүд 1982 онд ЗХУ-ын эсрэг стратеги боловсруулж эхлэхдээ эцсийн дүнд Зөвлөлт хоолбоот улс сүйрнэ гэдгийг тооцоолоогүй байлаа.

ЗХУ-ыг газрын хөрснөөс арчихыг мөрөөдөж байсан хүмүүс ч ийм зүйл боломжтой гэдэгт эргэлзэж байв. Зөвлөлт холбоот улс улс төрийн байгуулалтын үл ганхах багана, хэдэн зуунаар түрүүлсэн мэт л харагдаж байлаа. Гэхдээ Рейганы захиргааны ажилтнууд бүхий л салбарт мэргэшсэн мэргэжилтнүүд, ЗХУ-ыг эсэрүүцэгчид зөвлөлтийг унгахын тулд чадлынхаа хэрээр бүхий л зүйлийг хийсэн юм. Тэд зөвлөлтийн тогтолцооны сул хэсгүүдийг нарийн тооцоолж, түүнд хүчтэй цохилт өгч байлаа. Стратегийг боловсруулагчид хориг арга хэмжээ болон бусад арга хэмжээ 5-10 жилийн дотор үр дүнгээ өгнө гэж тооцоолж байв. Тэдний тооцоолж байснаар ч болж, 1991 оны 12 дугаар сард, Зөвлөлт холбоот улс задран унаж байгаа тухай зарлахаас хоёр хоногийн өмнө М.Горбачев 96 тэрбум долларын дефолт зарлажээ…

Р.Робинсон: «Үнэнийг хэлэхэд бид зөвлөлтийн эдийн засгийн дугуйнд мод хийн гацааж, моторонд нь элс хийж эхэлсэн тэр үед энэхүү нарийн төвөгтэй ажиллагааг удирдах нь хүний боломжоос хэтэрсэн хүч чадал шаардаж байлаа»

ЗХУ-ыг боомилох Рейганы стратегийг боловсруулж эхлэснээс хойш 30 жилийн дараа, 2012 онд Барак Обамагийн засгийн газар энэ стратегитай адил төлөвлөгөө зохиожээ, гэхдээ энэ удаад Оросын эсрэг. Рейганы стратегитай юугаараа адилхан бэ гэдгийг хэсэгчлэн харцгаая. 

Эдийн засгийн болон санхүүгийн арга хэмжээнүүд:

Эдийн засгийн хориг арга хэмжээний гурван үе шат хэдийнэ хэрэгжчихсэн. “Өмнөдын урсгал” хий дамжуулах хоолойг барихыг эсэргүүцэх ажил эрчимтэй явагдаж байна.

Рейганы үед мөнх цэвдгийг өрөмдөх технологийг хорьж байсан шиг арктикийн хэсэг болон занарын орд газрын өрөмдөх, гүний олборлолт хийх тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэнд хориг тавьсан. Европчууд өөрсдийнхөө ашиг сонирхлоор хохирон байж Америкийн хориг арга хэмжээг дагахаас аргагүйд хүргэсэн дарамт шахалт явагдсаар байна. Түүнчлэн Орос улс хариу хориг арга хэмжээ авсны дараа Орос руу чиглэх Европын экспортыг бүрэн орлож чадахуйц Латин Америкийн улс орнуудад дарамт үзүүлсээр байна. 

Холбоотон орнуудаар нь дамжуулан өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулсаар байна. 1982 онд Вашингтон ЗХУ руу Польшоор дамжуулан дайрсан бол 2013 онд Украйнаар дамжуулан довтолж байна. 

Цэргийн арга хэмжээ:

Өнөөдөр Европд байрлуулсан Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүд нь мөн л Рейганы стратеги давтагдаж байгаагийн илрэл.

Үзэл суртал, сэтгэлзүйн дайн:

“Хэрцгий эзэнт гүрэн” гэсэн шошгоны оронд манай орныг фашизмд буруутгаж байна. 

Оросын эсрэг энэхүү стратегийг хэн боловсруулж, хэрэгжүүлж байгаа вэ гэдэг чухал асуулт эндээс гарч ирнэ. Өнөөгийн Тагнуулын төв газрын захирал Жон Бреннан Саудын Араб дахь удирдах газрын тэргүүн байсан, тиймээс саудчуудтай хамтран ажиллах шаардлагатай холбоо сүлбээтэй гэсэн үг.  

Энд сэтгэлзүйн чухал үе байгаа юм. 1980-аад онд Америкийн стратегичид Зөвлөлтийг устгах боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй байгаагүй бол өнөөдөр Вашингтон томоохон гүрнийг нураах боломжтой гэдгийг мэдэж байгаа. Мөн энэхүү зорилтоо хэрэгжүүлэх шалгарсан арга хэрэгсэлтэй. Энэ тал дээр хорь гаруй жил идэвхтэй ажилласан шүү дээ, Америк. Тэгэхээр тэдний үзэж байгаагаар бол өнөөдөр хүчийг сулруулах, цаашид Оросыг хагалан бутаргах нь бүрэн хэрэгжиж болохоор зорилт. 

Тэгвэл одоо тэсч гарах ямар боломж байна вэ? Манай талаас хариу арга хэмжээ боловсруулах нь Америкийн төлөвлөгөөг саармагжуулж, АНУ руу өөрсөд рүү чиглүүлэх боломжтой. Энэ бол зөвхөн эхлэл, Оросыг сүйрүүлэх Вашингтоны төлөвлөгөөг сөрөх төлөвлөгөө боловсруулах нь төрийн хамгийн чухал, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх зорилт юм.