Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тажикстан Хятадад газар нутгаа алдсан уу?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр Тажикстан улс өрөндөө үлэмж хэмжээний газар нутаг Хятадад алдсан тухай мэдээлэл дамжих болсон. Үүнийг Монголтой хамаатуулж ийм аюул занал тохиолдож болзошгүйг анхааруулсан үзэл санаа гарах болжээ.

Тиймээс БНХАУ, Тажикстан улсуудын хилийн асуудлыг эх сурвалжуудаас сөхөж үзсэнээ уншигчиддаа хүргэж байна.


Дэлхийд газар нутгийн хэмжээгээр гуравт ордог БНХАУ-ын хувьд олон хөрш улс оронтой түүхийн явцад бий болсон хилийн маргаан, шийдэгдээгүй асуудлууд байдаг.

Тэдний нэг хэсэг нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн Тажикстан, Киргизстан, Казахстан улсууд.

Түүхэн уг сурвалж нь 19 дүгээр зууны үеэс эхэлдэг. Тухайн үед хүч нь суларсан байсан Манж Чин гүрэн, колончлолоо Ази руу идэвхитэй тэлж байсан Хаант Орос улсуудын ашиг сонирхол энэ бүсэд тулжээ. Хил тогтоолт Хаант Оросын давамгайллаар өндөрлөж Манжийн тал сэтгэл дундуур үлдсэн гэдэг.

Энэ асуудал 100 гаруй жил үргэлжилж ЗХУ-ын үед ч шийдэж чадаагүй юм. Харин 1990-ээд оны үед ЗХУ бутарснаар олон салангид бие даасан улсууд бий болж хилийн маргааныг шийдвэрлэхэд илүү хялбар болсон байна.

Нөгөө талаас БНХАУ нь газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд хамгийн тогтворгүй эмзэг бүс нутаг болох Шинжаантай залгадаг хилийнхээ асуудлыг яаралтай тодорхой болгож авах сонирхолтой байжээ.

Иймээс Казахстан, Киргизстан улсуудтай маргааныг шийдвэрлэснийхээ дараа 2011 оны нэгдүгээр сард Тажикстан улстай 1877 оноос хойш тодорхойгүй байсан Памирын уулсын бүс дэх хилийн зурвас дээр тохиролцож чадсан байна.

Тохиролцооны дүнд 1158 хавтгай дөрвөлжин км нутаг БНХАУ-ын харъяанд орсон түүхтэй. Тажикстаны гадаад хэргийн сайдын мэдээлснээр энэ нутаг нь Хятадтай маргаантай байсан нийт газрын 5.5 хувь болж байгаа аж.

Үүний дараа Хятад улс нь зургаан хилийн маргаантай үлдэж байгаа ба эдгээрээс шийдвэрлэхэд хамгийн хүнд нь Сенкаку арал (Японтой), Өмнөд Хятадын тэнгис дэхь бүс (Вьетнам) болж байгаа юм.

Мэдээж энэ тохиролцоонд хүрснээр Тажикстанд эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал эрдэс баялгаа БНХАУ-д экспортлох зорилгод нь таатай нөхцөл бүрдсэн байж болох юм. Харин ямар нэг өр зээлийн барьцаанд асуудлыг шийдсэн тухай мэдээлэл олдсонгүй.