Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ Украйн руу “хошуу дүрж” байгаагийн учир юу вэ?

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Украйнд үймээн эхлэх мөчөөс эхлээд л АНУ Оросыг эсэргүүцэгчдийн талд ил тодоор зогссоор ирсэн. Энэхүү дэмжлэг нь хүйтэн дайныг дэмжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн дээр украйнчуудын ашиг сонирхолтой огтоос хамаагүй гэдэг нь ойлгомжтой хэмээн зарим шинжээчид үзэж байгаа юм. Түүний нэг нь эдийн засаг, геополитикийн асуудлаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч, генерал Жан Бернар Пинатель.  Францын atlantico.fr цахим хуудсанд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэе. 

- Atlantico: Малайзийн онгоцыг буудсан хэрэгт буруутныг хайхаар АНУ ихэд хичээж байна, мөн Оросын талыг баримтладаг босогчид сүйрэлд хамаатай гэж мэдэгдэл хийж байгаа. АНУ яагаад босогчдод хариуцлагыг үүрүүлэхийг хичээгээд байгаа юм бол оо? 

- Жан-Бернар Пинатель: 1989 оны 11 дүгээр сард Берлиний хана нурснаас хойш  Америкийн улс төрчид болон стратегичид Европ, Оросын хооронд нэгдэл үүсч, харилцаа нь ойртох нь гол аюул гэж үзэх болсон. Хэрвээ ийм нэгдэл үүсвэл Дэлхийн бусад орнуудын дотоод асуудал руу дур зоргоороо оролцож, тэдэнд дайн зарлан, өөрсдийн ашиг сонирхлын дагуу олон улсын эрх тогтоодог АНУ-д тушаа болно гэсэн үг. Энэхүү маргаангүй үнэнийг ухамсарлахын тулд түүхээр багахан аялах хэрэгтэй.

1997 онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Збигнев Бжезинский “Агуу их шатрын талбар: Америкийн ноёрхол ба түүний геостратегийн эзэрхийлэл” гэсэн алдартай номоо гаргасан. Энэхүү номондоо тэрбээр Еврази болон “дэлхийн зүрх” гэсэн Маккиндерийн үзэл баримтлал дээр тулгуурласан байдаг.

Мөн “Дорнод Европыг захирч, Дэлхийн зүрхийг захирч байгаа хүн Дэлхийн арал \Еврази\- ыг захирна, Дэлхийг арлыг захирч байгаа хүн дэлхийг захирна” гэж хэлсэн алдартай үгийг нь номондоо дахин онцолсон. Түүнчлэн тэрбээр өөр нэг нийтлэлдээ “Украйн унавал Оросын геополитикийн хувилбарууд багасна.

Украйныг хэвээр нь хадгалж үлдэснээр Орос Балтик орчим болон Польшгүйгээр Евразийн эзэнт гүрний чиглэлд итгэл төгс харж чадна.

Гэхдээ Украйнгүйгээр, түүний 52 сая славян ах дүүсгүйгээр Евразийн эзэнт гүрэн байгуулах гэж Орос оролдвол славян бус ард түмэнтэй урт удаан хугацаанд сөргөлдөх болно” гэсэн санаагаа бичсэн байдаг.

Энэхүү стратегийг хэрэгжүүлэхийн тулд АНУ 2002-2004 оны хооронд Украйны барууныг дэмжигч сөрөг хүчнийг засгийн эрхэнд гаргахын тулд хэдэн зуун сая ам.доллар зарцуулсан. Соросын сан зэрэг хувийн байгууллагуудаас болон Европын засгийн газруудаас  хэдэн сая доллар гаргаж байлаа.

Энэ мөнгө улс төрийн намуудад шууд очоогүй. Харин сөрөг хүчнийхэнтэй зөвлөлдсний үндсэн дээр сан, төрийн бус байгууллагууд руу орж, тэд хамгийн орчин үеийн техник хэрэгсэл, сурталчилгааны хэрэгсэл авч байлаа. Викиликс цахим хуудсанд нийтлэгдсэн 2010 оны нэгдүгээр сарын тавны өдрийн Америкийн нот бичгээс харахад Дорнод Европын орнуудад шилжилтийн болон ардчиллын явц явагдахад Польш оролцох тухай тодорхой бичсэн байсан. Викиликсийн мэдээлэл нь АНУ Дорнод Европд тэр дундаа Украйнд нөлөөлөх нөлөөллөө өргөжүүлэх асар их хүсэл эрмэлзэлтэйг нь харуулж байсан юм.

-Украйнд одоо жинхэнэ иргэний дайн өрнөж байна. Гэтэл Украйны засгийн газар хэт даврагсдыг дарахын тулд хамгийн хэрцгий арга хэрэглэж байгаа тухай Баруунд огт дугарахгүй хэвээр. Америкчууд яагаад ийм зүйлийг хараагүй юм шиг өнгөрч, Украйны Засгийн газрыг дэмжсээр байгаа юм бол? Тэд эндээс юу хожих юм бэ? 

-Украйн улс бол Сталины байгуулсан улс шүү дээ. Зөвлөлт улс нуран унасны дараагаас, 1990 оноос хойш л тусгаар тогтносон улс болсон. Өмнө нь 1917-1921 оны хооронд л оршин тогтноож байлаа, 1917 онд Хаант засаглал нуран унасан болон большевикууд ялалт байгуулсан үед гэсэн үг. Энэ үйл явдал нь дөнгөж бүрэлдэж байсан улсыг дөрвөн хэсэгт хуваасан. Оросын түүхэн соёл иргэншлийн өлгий болсон Киев нийслэлтэй, Оросд хамаарах хэсэг нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж, харин Австри Унгарын хэсэг нь Львов нийслэлтэйгээр Польшид нэгдсэн. 

Аль нь байлаа ч гэсэн Украйн бол үндэстэн биш. Украйнчуудад нийтлэг түүх гэж үгүй. Дэлхийн хоёрдугаар дайны үед 1941 оны зун Украйнд Рейхийн арми нэвтрэн орж ирэхэд Украйны хүн амын нэг хэсэг нь германчуудыг чөлөөлөгч мэтээр хүлээж авсан.

Харин дорнод хэсэгт нь Германы цэргүүд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч энэ нь 1944 он хүртэл үргэлжилж байлаа. Үүний хариуд германчууд партизануудыг мөрдөн мөшгиж, бүхэл бүтэн тосгон, суурингуудыг шатааж байлаа. 1944 оны дөрөвдүгээр сард Украйнчуудын сайн дурынхнаас СС “Галиция” гэдэг дивиз бүрэлдсэн. Энэ хүмүүсийн үр удам нь Майдан дахь хувьсгалчдын цохилтын гол хүч болсон юм. Германчууд энэхүү дивизийг Словакд өрнөсөн үндэсний хөдөлгөөнийг дарахад ашиглаж байлаа.

Түүнчлэн дайн дуусахад барууныг дэмжигч украйнчууд болон америкчууд дивизийн үйлдсэн хэрцгий явдлыг мартагдуулж, зөвлөлтийн эсрэг тэмцлийг л сануулж байхын тулд бүхнийг хийсэн. Түүхчдийн тооцоолсноор Дэлхийн хоёрдугаар дайны үед 220000 гаруй украйн Зөвлөлтийн дэглэмтэй тэмцэх германчуудын тэмцэлд нэгдэж байсан гэдэг. 

Энэхүү түүхийн бяцхан аялал яагаад иргэний дайн гарах болсон, яагаад Украйны зэвсэгт хүчнийхэн дорнод хэсэг дэх хэт даврагчид руу буу онилж, танк илгээх болсон гэдгийг ойлгоход туслана. 

Баруун улс төрчдийн дэмжлэгтэй гарч ирсэн Украйны Ерөнхийлөгч болон хэвлэл мэдээллийнхэн Сирийн диктаторыг буруутгаж байсан дайн шиг яг л тийм дайныг хүн амынхаа эсрэг өдүүлж байна. Түүнээс гадна Украйны армид Америкийн тусгай хэлтэс болон хөлснийхөн зөвлөгөө өгч байгаа. 
АНУ болон Обама Дорнод болон Барууны хооронд хүйтэн дайныг үүсгэхүйц хатуу, хэрцгий хариу үйлдэл Орос хийгээсэй гэж хүсч байгаа.

АНУ болон Обама Дорнод болон Барууны хооронд хүйтэн дайныг үүсгэхүйц хатуу, хэрцгий хариу үйлдэл Орос хийгээсэй гэж хүсч байгаа. 

“Нобелийн энх тайвны шагналт” Обама ямар занга бэлдсэнийг Путин сайн мэдэж байгаа л даа. Анхандаа Путин Украйны хэт даврагчдыг санал асуулга явуулахгүй байхыг хүссэн, дараа нь үр дүнг нь зөвшөөрөөгүй. Одоо орос хэлт хүн ам суурьшиж байгаа хэсэгт танк, онгоцоор цохилт өгч байхад маш их биеэ барьж, тэвчин, хөндлөнгийн ажиглагчийн байр суурин дээр байна.

- Европ Орос гэсэн блок үүсэхэд Украйн яаж саад болно гэж? Яагаад АНУ үүнд нь саад болох гэж хичээгээд байгаа юм бэ? 

-АНУ Оросыг өдөөн хатгахын тулд Украйн, Гүржийг НАТО-д элсүүлэх  гэж Европд байнга шахалт дарамт үзүүлсээр ирсэн. Азаар Европын тэргүүнд Вашингтоны заасан замаар яваагүй. Мөн Путин хэт үндсэрхэг босогчдын дарамтанд бууж өгч, Украйны асуудалд ил тодоор оролцож эхлэсэн бол АНУ өмнөө тавьсан стратегийн зориилтдоо хүрч, харин Европд хүйтэн дайн эхлэх байлаа.

-Европ яагаад АНУ-д захирагддаг юм бэ? Америкийн стратегийг дагах ашиг сонирхолтой байдаг гэж үү? 

- Европын олон лидерүүд АНУ-д боловсрол эзэмшсэн. Тэд Америкийн болон Атлант дамнасан “шинжээчдийн хэсэг” эсвэл санд харъяалагдаж, эдгээр нь тэдний хөтөлбөр, аяллыг санхүүжүүлдэг. Атлантизм нь зөвхөн ертөнцийг үзэх үзэл нь ижил, америк үндэстэнтэй үнэт зүйл нь адил гэдгээрээ төдийгүй Европын олон лидерийн хувийн ашиг сонирхлын цогцоос үүдэлтэй. Тэд Америкийн ашиг сонирхолд хэр их үйлчилнэ тэр хэмжээгээр нь тэдний амьдралын түвшин хамаардаг.

Ямартай ч европчууд өнөөдөр бодит нөхцөл байдлыг ухамсарлаж эхлэж байна. Ангела Меркель болон германчууд энэхүү ухамсарлах явцын түрүү эгнээнд явж байгаа гэж болно. Тэднийг тагнаж чагнасан, ялангуяа Меркелийн утсыг чагнасан нь ихээхэн шуугиан тарьсан шүү дээ. Тиймдээ ч энэ оны долоодугаар сарын 10-нд Германы Засгийн газар Америкийн тусгай албадыг эх орноосоо хөөн гаргах шийдвэр гаргасан.

Гэвч харамсалтай нь Франц, Европын хувьд одоо хэр Барак Обамаг шүтсэн хэвээр л байна, ердөө л тэднээс санхүүжилт авдаг учраас тэр. Тэд ингэснээрээ Франц болон Европын стратегийн ашиг сонирхолд аюул занал учруулж байгаагаа ухамсарлахгүй байгаа юм.