Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

BRICS-ийн үнэн дүр төрх

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Америкийн геополитикч, Еврази группын ерөнхийлөгч Ян Бреммер саяхан BRICS-ийн орнуудын талаар нийтлэл бичжээ. Үүнийг нь орчуулан хүргэж байна.


Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсууд хамтран BRICS-ийн хөгжлийн банк байгуулах болсноо зарлалаа. Энэ нь Өрнөдийнхний эсрэг хүчний харьцааг тэнцвэржүүлэх гэсэн оролдлого гэдэг нь тодорхой.

Гэхдээ BRICS-ийн орнуудын энэ тогтмол уулзалтууд болон банк нь тэдэнд жингээ өсгөхөд нь тусалж чадах уу?

Дэлхийн тавцанд зөвхөн Өрнөдийнхөнд саад болох биш илүү том тоглогч болохын тулд тэд багагүй асуудалтай тулгарахыг дараах гурван шалтгаанаар тайлбарлаж байна.

     1.   Гол нь Хятад

Бид BRICS бол үнэндээ Хятад гэдгийг байнга ярьдаг. Найман их наядын ДНБ-тэй, дэлхийд хоёрт жагсдаг эдийн засагтай, энэ нь BRICS-ийн бусад гишүүдийг нийлүүлснээс ч том. Өмнөд Африкийн эдийн засаг л гэхэд Хятадын зургаа дахь том мужийнхтай ойролцоогоор тэнцүү. Үнэндээ BRICS-ийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь Хятад. Одоогийн хурдаараа Хятадын эдийн засаг нь ирэх 2.5 жилд Оросын эдийн засгийг өөр дээрээ нэмсэнтэй тэнцүү хэмжээгээр өснө. Ерөнхийдөө ямар нэг хөгжлийн банкгүйгээр BRICS-ийн хөгжлийг Хятадын хөгжил л тодорхойлно. Хятадын энэ нөлөөлөлд Орос, Энэтхэг, Өмнөд Африк, Бразилийн үзүүлэх хариу үйлдэл нь хамтран ажиллах мөн эсэргүүцэн тэмцэх аль аль хэлбэрээр илрэх нь тодорхой.

     2.   Улс төрийн тогтолцоо

Улс төрийн системийг нь харвал BRICS бол үхрийн бөөр гэсэн үг. Бразил, Энэтхэг, Өмнөд Африк нь ардчилсан тогтолцоотой бол Орос, Хятад нь дангаар ноёрхох засаглалтай. Бүр ардчилсан тогтолцоо нь ч олон янз. Бразил гэхэд маш их төвлөрсөн засаглалтай бол Энэтхэг нь салангид бие даасан тогтолцоотой. Энэтхэгийн хамгийн их оршин суугчтай Уттар Прадеш муж Бразилийн хүн амтай ойролцоогоор ижил. Харин Өмнөд Африкаас дөрөв дахин их. Маш олон хэлээр ярьдаг, төвлөрсөн биш хэт тархсан тогтолцоотой Энэтхэгт эдгээр нь эргээд асуудал болдог. Мөн Энэтхэг бол 1.2 тэрбум хүн амтай ч дэлхийн хэмжээнд дипломат бодлого явуулах чадавхи гүйцэд хөгжөөгүй. Тэдний дипломат мэргэжилтнүүдийн тоо жижигхэн Шинэ Зеландынхтай ижил тоотой гэдгийг санах хэрэгтэй байх.

     3.   Эдийн засаг ба эрчим хүч

Орос ба Хятад бол төрийн оролцоо давамгайлдаг эдийн засагтай орнууд. Харин тэдэнтэй харьцуулахад Бразил болон Энэтхэг нь илүү чөлөөт зах зээлийн тогтолцоотой. Харин тэдгээрийн эрчим хүчний хэрэгцээ ижил өсч байна. Орос, Бразил нь гол экспортлогч орнууд бол Хятад түүхий газрын тосны хамгийн том импортлогч. Харин Энэтхэг дөрөв дүгээрт ордог.

Эрчим хүч, хүнс, ундны ус зэрэг үндсэн нөөцүүдийн хэрэгцээ ирэх арван жилд геополитикийг тодорхойлно. Тэгвэл BRICS-ийн орнуудын хувьд харин эдгээрийн зөрүү улам бүр ихэснэ. Өрнөдөд явагдаж байгаа эрчим хүчний хувьсгалын дүнд эрчим хүчний үнэ буурч энэ нь Орост хүнд тусах болно. Өнгөрсөн жилд Оросын засгийн газрын орлогын тал хувь нь газрын тос ба байгалийн хийгээс бүрдсэн байдаг. 2007 онд ОХУ төсвийн орлогоо хадгалж үлдэхийн тулд Брент газрын тосны үнийг баррел  тутамд 34 долларт барих хэрэгтэй байсан бол таван жилийн дараа энэ тоо 117 доллар болжээ. Одоохондоо Хятад, Энэтхэг улсуудад байгалийн баялгийн төлөө тэмцэл хүчтэй илрэхгүй байгаа ч яваандаа Энэтхэгт хотжилт, дэд бүтэц хөгжихийн хэрээр зөрчил үүсч эхэлнэ. Зөвхөн усны хувьд авч үзэхэд л Хятад, Энэтхэг улсууд нь дэлхийн хүн амын 37 хувийг бүрдүүлдэг ч усны нөөцийн 10.8 хувь ноогддог. Хүн ам өсөхийн хэрээр янз бүрийн хэрэгцээнээс үүдэлтэй усны хомсдол бий болох нь гарцаагүй.

 

Дүгнээд хэлэхэд: хэрвээ ерөнхий сонирхол нь маш бага, томоохон таван орныг сонго гэвэл гарцаагүй BRICS. Энэ бүлэглэл нь дэлхийн хүчний харьцааны талаар заримдаа санаа нийлнэ, заримдаа нийлэхгүй. Тэд заримдаа Америк болон Европын төлөвлөгөөнд саад болохын тулд хамтарч болох юм. Гэвч BRICS бол гадна талдаа маш бага ашиг сонирхлын давхцалтай харин хувь хувьдаа дэлхийн тавцанд тоглох томоохон эрмэлзлэлтэй бүлэглэл билээ.