Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Батчимэг: Транзит тээврээ шийдээгүй цагт цариг гол асуудал биш

Д.Болормаа
2014 оны 7 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг
УИХ-ын гишүүн М.Батчимэг

УИХ-ын гишүүн М. Батчимэгтэй ярилцлаа.

-Та өнөөдөр /өчигдөр/ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Ямар онцлогтой хууль болов?

-Хуулийн төсөл бүхэлдээ Монгол Улс хараат бус, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйн салбарыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа. Эцсийн дүндээ иргэддээ үнэн бодит мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхийг төлөө хийж байгаа ажил юм. Хараат бус байдлыг баталгаажуулах нэг чухал алхам бол хаалтын гэрээ гэдэг зүйлийг үгүй болгох. Төсвийн хөрөнгөөр Xэвлэл мэдээлэлтэй байгуулах аливаа гэрээг Шилэн дансны тухай уулиар олон нийтэд ил тайлагнадаг болно.

Ямар байгууллага хэн гэдэг албан тушаалтан ямар хэвлэлд хэчнээн төгрөг төлж байгаа нь ил болсноор олон нийт хяналт тавих боломжтой болж, "хаалтын гэрээ" нуугдахад амаргүй. болно гэж харж байна.

Ямар байгууллага хэн гэдэг албан тушаалтан ямар хэвлэлд хэчнээн төгрөг төлж байгаа нь ил болсноор олон нийт хяналт тавих боломжтой болж, "хаалтын гэрээ" нуугдахад амаргүй. болно гэж харж байна.

Түүнчлэн захиалгат, төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэлд ялгах тэмдэг тавьдаг, захиалсан, бэлтгэсэн уран бүтээлчид, хүмүүсийн нэр олон нийтэд ил байх зохицуулалт орсон. Эзэн биегүй, магадгүй мөнгө, эрх мэдлээс шууд хамааралтай захиалгат мэдээллийн орон зай хумигдана гэсэн үг.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд сэтгүүлчийг таван сая төгрөгөөр торгох тухай заалт оруулсан шүү дээ. Зарим нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын төлөө явж байхад өөр зарим нь торгох, шийтгэх талыг нь түлхүү барьж байна?

-Нууцлах ёстой мэдээллээ төр өөрөө хариуцах ёстой. Ямар нэгэн байдлаар алдагдсан мэдээлэл нийтлэгдсэн бол тэр нууцыг хамгаалах ёстой хүмүүс л хариуцлага хүлээх ёстой. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага тооцно гэсэн ойлголт байж болохгүй. Олон улсын чөлөөт хэвлэлийн зарчим ч ийм.

-Хаврын чуулганаар эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл баталсан. Төслийн үр дүнг та юу гэж харж байна?

-Тогтоол хэрэгжихгүй бол ийм тогтоол баталсны үр дүн гарахгүй. Энэ арга хэмжээний хүрээнд маш олон хууль тогтоомжийг Засгийн газраас өргөн барьж батлуулах ёстой байсан. Харамсалтай нь, хүлээлттэй байсан хуулиуд олон шалтгаанаар УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаж чадсангүй.

Одоо 100 хоногийн хүрээнд Засгийн газар идэвхтэй ажиллаж ёстой. УИХ-ын хувьд шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлана гэдгийг УИХ-ын дарга хэлсэн байгаа. УИХ-ын гишүүд бэлэн байгаа гэж бодож байна.

-Тогтоол хэрэгжээд үр дүн авчрахгүй бол бид өөрсдөө хариуцлагын талаар ярина гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн. Д.Эрдэнэбат даргын мэдэгдэл танай бүлгийн нэгдсэн шийдвэр үү?

-Бүлгийн дарга бүлгийн байр суурийг л илэрхийлдэг шүү дээ.

-Тэгвэл үр дүнгүй 100 хоног өнгөрөөвөл Засгийн газарт хариуцлага тооцно гэж ойлгож болох уу?

-УИХ болоод АН-ын бүлэг улс орны эрх ашгийн төлөө л ажиллах ёстой. Намын бүлгийн хувьд Засгийн газрыг хангалттай хамгаалж, дэмжсээр ирсэн. Хэрэв 100 хоногийн ажлын хэрэгжилт муу, эдийн засгийн нөхцөл байдал дээрдэхгүй бол бүлгийн даргын тавьсан шаардлагыг ярихаас аргагүй.

-Хаврын чуулганы маргаантай төслийн нэг төрөөс төмөр замын талаар баримтлах тогтоол байлаа. Гадаад бодлого, геополитикийн талаар мэргэшсэн судлаачийн хувьд өргөн, нарийн царигийн аль нь манай улсад оновчтой байна?

-Бид царигийн асуудлыг хэт улс төржүүлж, талцаж маргаж байна. Энэ маргаан хүмүүсийн нүд чихийг бүрхчихээд гол асуудлаа анхаарахгүй байна. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төмөр замын бодлогын талаарх тогтоолын төслийн царигтай холбоотой хэсгээс илүү нэгдүгээр заалт нь маш чухал. Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг БНХАУ-тай байгуулах тухай.

Хятадын нутгаар ямар, ямар чиглэлээр жилд хичнээн сая тонн ачааг, ямар тарифийн нөхцөлтэйгээр гаргах вэ гэдгийг өмнөд хөршийн Засгийн газартай хэлэлцээр хийж урт хугацааны хэлэлцээрээр шийдэх нь хамгийн гол асуудал.

Хятадын нутгаар бид ер нь тээвэр хийж чадах уу, үгүй гэдэг асуудал баталгаатай болохгүй. Тээвэр хийж чадахгүй бол манай төмөр замын цариг ямар байх нь ямар ач холбогдолтой юм. Зөвхөн хил хүрээд зогсчихдог бол тэр замын цариг өргөн байх, нарийн байх нь чухал биш. Хятадын нутгаар ямар, ямар чиглэлээр жилд хичнээн сая тонн ачааг, ямар тарифийн нөхцөлтэйгээр гаргах вэ гэдгийг өмнөд хөршийн Засгийн газартай хэлэлцээр хийж урт хугацааны хэлэлцээрээр шийдэх нь хамгийн гол асуудал. Цаг хугацааны хувьд доод тал нь 20 жилийн хугацаатай гэрээ хиймээр байна.

-Гэрээ яагаад царигаас чухал гэж?

-Манайх далайд гарцгүй. Монголын ачаа Хятадтай төмөр замаар эцсийн хэрэглэгчиддээ хүрэх боломж байгааг эсэх, цаашилбал аль зам, аль боомтоор жилд хичнээн хэмжээний ачааг гуравдагч оронд гаргаж болох вэ гэдэг тодорхойгүй байхад бидэнд эдийн засгийн ирээдүй тэр хэрээр баталгаагүй. Хөрөнгө оруулагчдын хувьд тэр хэмжээгээр асуудал тодорхойгүй байна.

Бид Хятадын талтай урт хугацааны гэрээ байгуулж чадвал далайд гарцгүй түгжигдмэл байдлаа даван туулахад нэг бодитой алхам болно. Энэ нөхцөл тодорхой болж байж цариг өргөн, нарийн аль нь байхаас үл хамааран гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Хөршүүдтэйгээ тээврийн асуудлаар ойлголцохгүй бол Монголын нутаг дээрх төмөр зам зам биш, төмөр болж үлдэх аюул бий. Тиймээс төмөр замын газар дээрх маршрутыг эхлээд улс төрийн хүрээнд, цаасан дээр баталгаажуулах учиртай.

-Ирэх наймдугаар сард хоёр хөршийн тэргүүн айлчилна. Айлчлал манай улсад ямар үр дүн авчрах бол?

-Миний ойлгож байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын тов одоогоор тодорхой болоогүй байгаа. Харин БНХАУ-ын дарга наймдугаар сарын сүүлээр айлчлах нь тодорхой болж байх шиг байна. Ер нь БНХАУ-Монгол хоёр орны харилцаа улс төрийн төвшиндээ ойлголцол сайтай, эдийн засгийн төвшиндөө ч сайн байна. Хоёр орны харилцааны хамгийн үндсэн суурь бол итгэлцэл.

Монгол, Хятадын ард түмэн бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн харилцаатай байх нь хоёр орны харилцааны хамгийн чухал суурь. Энэ чиглэлд итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын удирдлага чухал алхам хийх болов уу гэж харж байна. Мөн түрүүний хэлсэн дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр бол айлчлалаас гарах нэг чухал үр дүн байх болно гэж найдаж байна.

-Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим бодлого БНХАУ-ын эрх ашгийг түлхүү анхаарч байна гэх шүүмжлэл бий. Ялангуяа, уул уурхай, ашигт малтмалын салбарт?

-Би тэр дүгнэлттэй шууд санал нэгдэж чадахгүй. Гадаад харилцаа, улс төр, аюулгүй байдлын асуудалд тооцоо судалгаагүй, улстөржсөн, цэцэрхсэн дүгнэлт хийх нь улс орны эрх ашигт хохиролтой.

Ер нь Монгол Улсын гадаад харилцаа тэнцвэртэй байхын том баталгаа бол парламентын засаглал юм. УИХ-д олон ургальч үзэл байж, зөвшилцлийн механизм ажиллаж байгаа цагт гадаад бодлого аль нэг зүгт хэт савлахгүй байх боломжтой.

Харин парламентийн үйл ажиллагаа доголдоод, Засгийн газар нь парламентаа сонсохоо байгаад эхэлбэл гадаад харилцаанд алдаа гарах эрсдэл бий.

Зураг