Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Машины урд суудалд хүүхдээ өвөр дээрээ суулгаж явах аюултай!

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Манай оронд тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс шалтгаалсан байдаг байна.

Гадны орнуудын хувьд хүүхдээ машинд авч явахдаа  хамгаалалтын суудал, өндөрлөгч хэрэглэх нь хуульчлагдсан байдаг бөгөөд авто машин дотор хүүхэд ороод суусан л бол зориулалтын суудал, тохируулагчийг \өндөрсгөгч, хамгаалалтын бүсийг доошлуулагч\ заавал хэрэглэдэг юм байна. 

Харин манайд одоо мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрэмд хүүхдийн аюулгүй суудал хэрэглэх талаар тусгаагүй, иргэд аюулгүй суудлын ач холбогдлыг ойлгож мэдрээгүй байгаа учраас бага насны хүүхэд ослын улмаас амь үрэгдэх тохиолдол  буурахгүй байна.

Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар 2013 онд орон нутагт 30, нийслэлд 7 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ.

Харин амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54 хувийг эзэлж байна.

Тиймээс автомашинд хүүхдийг аюулгүй суудалд суулгаж авч явах талаар хуулинд хэрхэн заасан байдгийг ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Энхбатаас тодрууллаа.

-Замын хөдөлгөөнд машинтай оролцож байгаа иргэдэд хүүхдийн аюулгүй суудал хэрэглэхийг зөвлөж байгаа гэсэн? 

- Манай улсад одоо мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийг замын хөдөлгөөнд хэрхэн оролцуулах талаар дараах заалтууд байдаг. Үүнд сургуулийн өмнөх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй, мөн гурав хүртэлх насны хүүхдийг машин дотор харгалзах хүнгүй авч явж болохгүй гэж байгаа.

Гэтэл дөрвөн настай хүүхдийг зүгээр ганцааранг авч явахад хялбар гэжүү? Хүүхэд өөрөө хөдөлгөөнтэйгөөс гадна хамгаалалтын бүс зүүлгэхэд хүүхдийн нүүрийг нь дараад байдаг. Тиймээс хүүхдийн аюулгүй суудал хэрэглэж хэвших хэрэгтэй байна.

-Хүүхдийн аюулгүй суудал хэрэглэх ёстой гэсэн заалт байдаггүй хэрэг үү?

-Тийм ээ байхгүй. Гадны орнуудын хувьд хамгаалалтын суудал, өндөрлөгч хэрэглэх нь хуульчлагдсан байдаг. Харин манайд энэ талаар хууль, дүрэм журам байхгүй учраас иргэд энэ талаар мэдээлэл муутай байдаг. 

-Тэгэхээр машинд зориулалтын суудалгүй хүүхэд авч явлаа гэхэд хариуцлага тооцохгүй байх нь ээ?

- Бид одоогийн байдлаар алба хаагчиддаа үүрэг өгч авто машинд хүүхэд буруу тээвэрлэсэн тохиолдолд замын хөдөлгөөний дүрмийн 2.3Б, 21.8  гэсэн заалтуудыг үндэслэн торгох арга хамжээг авч байгаа. Гэхдээ хүүхдийн зориулалтын суудал хүүхдийг гэмтэж бэртэх, амь насаа алдахаас хамгаалдаг.

Хүүхдийн зориулалтын суудал хүүхдийг гэмтэж бэртэх, амь насаа алдахаас хамгаалдаг. 

Өнгөрсөн 2013 онд гэхэд л 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсны 20 нь машинд зорчиж байсан. Хэрвээ хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэсэн бол тэр хүүхдүүдийг аврах боломжтой байсан.

-Буруу тээвэрлэсэн гэдэгт ямар тохиолдлууд багтах вэ?

-Хүүхдийг хараа хяналтгүй авч явах, урд суудал дээр өвөр дээрээ суулгаж явах зэрэг нь осол гарсан тохиолдолд хамгийн эрсдэл өндөртэй байдаг. Тиймээс иргэддээ хүүхдээ автомашинд авч явахдаа зориулалтын аюулгүй суудалд суулгаж авч явахыг зөвлөж байна.
 



Зөвлөмж

Хүүхдийн аюулгүй суудлыг хэрхэн байрлуулах вэ

Хүүхдийн аюулгүй суудлыг хамгийн аюулгүй байрлуулсан байдал

Хүүхдийн суудлыг машины баруун хойд талд хойш нь харуулан байрлуулах нь хамгийн аюулгүй гэж үздэг юм байна. Ингэж байрлуулсан тохиодолд машин хүчтэй тормослох, доргилт үүсэхэд хүүхдэд үзүүлэх доргилт нь бага байдаг ажээ.

Өндөрсгөгч

Хүүхдийн нас биеийн онцлогт тохируулан аюулгүй суудлаас гадна өндөрлөгч суурилуулж машины хамгаалалтын бүсээр бүсэлж болох юм байна.