Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Салсан гэр бүлийн 25 хувь нь хүүхэддээ тэтгэлэг өгдөггүй

Б.Бат, Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 11
Өдрийн шуудан
Зураг зураг
Салсан гэр бүлийн 25 хувь нь хүүхэддээ тэтгэлэг өгдөггүй

Хүүхдийн тэтгэмж гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт болон цаашид анхаарах асуудлын талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Хэлэлцүүлэгт холбогдох байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцсоноос гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан төлбөр төлөгч болон гаргуулагч иргэд санал бодлоо илэрхийлсэн юм.

Энэ үеэр хүүхдийн тэтгэмж гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтийн асуудлаар Төлбөр барагдуулах ажлын албаны ахмад Я.Батгэрэл илтгэл тавьсан юм. Тэрбээр “Энэ арга хэмжээ нь Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хүүхдийн төлбөрийн асуудлыг шинэ шатанд гаргаж тавьсан. Өнгөрсөн таван жилд 98800 гэр бүл шинээр бий болсны 24 хувь нь цуцлуулсан талаар албан бус судалгаа бий.

Хүүхдийн төлбөр барагдуулах асуудлыг өмнө нь ганц байгууллага хариуцаж шийдвэрлэдэг байсан бол энэ жилээс тус тусад нь шийдвэрлэдэг болсноор бодит үр дүнд хүрсэн.

2012 онд 700 сая төгрөгийг төлбөр төлөгч талд олгосон бол өнгөрсөн жил 2.3 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Энэ жилийн эхний таван сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийг хүүхдийн асран хамгаалагчид олгоод байна” гэв.

Нийслэлд хүүхдийн тэтгэмжийг төлдөг 2075 иргэнээс огт төлөхгүй байгаа 25 хувь буюу 607 хүнийг хэрхэн тэтгэмж төлүүлэх талаар хэлэлцэж тодорхой шийдвэрүүдэд хүрсэн байна. Үүнд ажилгүй иргэдийг албадан ажил олгох болон хөдөлмөрийн биржтэй хамтран ажлын байраар хангах аж.

Хэрэв татгалзвал эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлд зааснаар 30 хоног хүртэл албадан саатуулах нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид шийджээ.

Энэ тухай төлбөр барагдуулах албаны ахмад Я.Батгэрэлээс лавлалаа. Тэрбээр "Төлбөр төлөх боломжгүй гэдэг нь цаанаа хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн үг. Тэгэхээр төлөх боломжгүй иргэдийг ажилтай болгосноор орлоготой болно. Ингэснээр төлбөрийн чадавхитай болж улмаар хүүхдийн эрх хамгаалагдана” гэж ярилаа.

Мөн төлбөр төлөхөөс татгалзаж алга болсон иргэдийг ЦЕГ, УБЕГ-тай хамтран эрэн сурвалжилж хайхаас гадна тэтгэмж төлөгч олдохгүйн улмаас хэргийг орхих явдлыг таслан зогсоох зорилт тавин ажиллаж байна гэв.

Нийт салсан гэр бүлийн хохирогч нь хүүхдүүд байдаг бөгөөд тэдний 95 хувь нь эхийн халамжинд байдаг аж.

Дашрамд дуулгахад зургаан наснаас дээш настай хүүхэд өөрийн хүсэлтээр асран хамгаалагчаа сонгох эрхтэй аж.

Зураг