Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

24 цагийн турш үнэ, төлбөргүй дуудлага хүлээн авна

Х.Жаргал
2014 оны 6 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг
24 цагийн турш үнэ, төлбөргүй дуудлага хүлээн авна

Хүүхдийн тусламжийн утас-108 энэ сарын 1-ний 08.00 цагаас эхлэн 24 цагаар ажиллаж эхэлсэн билээ.

Ингэхдээ суурин болон үүрэн телефоны дугаараас орох дуудлага үнэ төлбөргүй залгагдах юм байна.  Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком корпораци, Дэлхийн Зөн ОУБ, үүрэн телефоны компаниуд хамтарч, гурван жилийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь  энэ аж. Энэ талаар ХТҮГ-ын Хүүхэд, хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүүгээс тодрууллаа. 

-Хүүхдийн тусламжийн утас ажиллаж эхэллээ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Хүүхэд хамгааллын асууд­лыг шинэ төвшинд гаргах шаардлага нийгэмд байгааг хэн хүнгүй мэ­дэж байгаа. Тэр ч утгаараа хүүх­дийн утас бол нийгмийн захиал­га, шаардлага гэж хэлж болно. Бид өнгөрсөн хугацаанд зөвхөн нэг л утсаар хүүхэд хамгааллын асуудлаар дуудлага хүлээн авч ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, 10 гаруй жилийн турш явуулсан үйлчилгээгээ илүү боловсронгуй, хүртээмжтэй болгож, шинэ­чил­сэн гэсэн үг. Хүүхдийн тус­лам­жийн утсыг Засгийн газрын төвшинд ч их дэмжсэн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүүхэд хамгааллын асуудал шинэ төвшинд гарлаа гэж ихэд талархан хүлээн авсан.

Бид энэ асуудлаар өнгөрөгч гуравдугаар сарын 7-нд Дэлхийн зөн ОУБ, Мобиком корпорацитай хамтарсан уулзалтыг зохион байгуулж байсан юм. Дараа нь тавдугаар сарын 19-нд талууд санамж бичигт гарын үсэг зурж, гурван жилийн хугацаатай төсөл хэ­рэгжүүлэхээр болсон. Энэ хү­рээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тусгай ду­гаарын утсаа нээж, тэдэнд бэлэг барилаа. Ямартай ч бид хүүхдийн утсаа ажиллуулж эхэлсэндээ маш их баяртай байгаа. 

-Хүүхдийн утасны талаар иргэд маань тодорхой мэ­дээ­лэлгүй байгаа. Суртал­чилгаагаа хэзээнээс эхлүүлэх вэ?

-Одоохондоо сурталчлан, та­ниулах ажлыг эхлүүлэхэд арай эрт байна. Учир нь манай прог­рамм, систем хараахан боловс­рон­гуй болоогүй байгаа. Энэ даш­рамд хэлэхэд, манай “Call Center”-ийн бүх систем, программыг гардаж хийсэн Мобиком корпорацийн инженер, техникийн залуустаа маш их баярлалаа. Монголын хүүхэд бүхэн, хүүхэдтэй хүн бүхэн эдгээр залууст талархах ёстой. Тэд маш боловсронгуй систем, программыг зөвхөн хүүхдийн утсанд зориулж хийсэн. Төсөл маань гурван жилийн хугацаатай. Хүүхдийн утсыг хөгжлийн шинэ төвшинд гаргахын тулд гурван жил шаардлагатай гэж үзсэн уч­раас тэр.

Гэхдээ гурван жилийн дараа хүүхдийн утас байхгүй бо­лох юм байна гэж ойлгож болох­гүй. Улам боловсронгуй болсон утас цаашид ажилласаар л байх бол­но. Ер нь хүүхдийн утас ажил­луу­лах туршлагаараа барууны орнууд дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, Францад хүүхдийн утас 20 жилийн түүхтэй. Тэр хугацаанд тэд алдаа, оноогоо цэгнэж, улам боловсронгуй болгосон. Францад 119 гэсэн дугаарыг улаанаар бичээд бүх албан байгууллага, үйлчилгээний газрын үүдэнд наасан байдаг юм билээ.

Эцэг, эхчүүдийг ажилд ороход нь энэ дугаарыг цээжилсэн эсэхийг шалгадаг юм байна. Монголд ч гэсэн ялгаагүй 108 гэсэн тусгай дугаарыг тун удахгүй хүн бүхэн мэддэг болно гэж найдаж байгаа. Бид 108 гэсэн дугаарыг Монгол хүнийхээ бэлгэдлийг бодож сонгосон. Хүүхэд цээжлэхэд амар, хялбар байлгах үүднээс мөн бэлгэдлээ бодож 108 гэсэн тусгай дугаарыг сонгон ажиллуулж байна. 

-Нарийн систем, прог­раммыг хийсэн гэлээ. Тэгэхээр дуудлага өгсөн даруйд байр­шил тогтоох боломжтой юу. Учир нь гэрээсээ дуудлага өгч байгаа хүүхдүүд хаяг, байршлаа тодорхой хэлж өгч чадахгүй шүү дээ?

-Ер нь хамгийн орчин үеийн боловсронгуй системээр ажил­лаж байна. Харин байршил тог­тоо­дог эсэхийг олон нийтэд зар­лах нь тохиромжгүй гэж үзэж байгаа. Учир нь энэ чинь хүү­хэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах утас. Тиймээс ч хувь хүний нууц­ла­лыг чандлан хамгаалах ёс­той. Тухайн хүнийхээ ч тэр, ажилтнуудынхаа ч тэр аюул­гүй байдлыг 100 хувь хан­гах учиртай. Ер нь бол дууд­лага хүлээн авах цэг зөвхөн Улаанбаатарт л байх юм. Харин дэлхийн хаанаас ч залгаад хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Монгол орны өнцөг булан бүрээс Увсаас, Сүхбаатараас залгаад хүүхэддээ тулгамдаад байгаа асуудлын талаар зөвлөгөө, мэдээлэл авч болно. 

-Хүүхдийн утасны опера­торууд нийгмийн ажилтнууд гэсэн үг үү. Утсаар зөвлөгөө, мэдээлэл авч болно гэлээ?

-Тийм. ХТҮГ-ын вэб хуудаснаас зар хараад хүүхдийн утсан дээр ажилламаар байна гээд хүмүүс ирсэн. Манай төвд одоогийн байдлаар 15 нийгмийн ажилтан, зургаан сэтгэлзүйчээс гадна олон улсын харилцааны мэргэжилтнүүд ажиллаж байна. Орос, англи, хятад хэлтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн нэлээн гайгүй баг болчихлоо гэж олзуурхаж байгаа. Хэдэн жилийн дараа тэд маань хүүхэд хамгааллын чиглэлээр хамгийн шилдэг мэргэжилтнүүд болно гэж найдаж байна. 

-Хүүхдийн утас 24 цагийн турш, үнэ төлбөргүй дууд­лага хүлээн авах юм бай­на. Тоглосон, шалгасан дууд­лагуудыг хэрхэн зохицуулах вэ?

-Хүүхдийн тусгай дугаарын утсыг нээсэн эхний өдрөө буюу зургадугаар сарын 1-нд 383 дуудлага ирсэн байсан. Ихэнх нь талархсан, баяр хүргэсэн, мэдээлэл авах гэсэн дуудлага байсан. Харин 3-4 “халуун” дууд­лага ирсэн. Өөрөөр хэлбэл, яг хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар гэсэн үг.

Энэ бүхнийг шийдвэрлэхэд цагдаагийн бай­гуул­лагын тусламж маш их байсан гэдгийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Нөгөөтэйгүүр одоогоор дөрвөн оператортой, нэгэн зэрэг 10 дуудлага хүлээн авах хүчин чадалтай ажиллаж байгаа. Гурван жилийн дараа гэхэд 10 оператортой болох төлөвлөгөөтэй байна. Харин тоглосон, шалгаасан дуудлагын тухайд хэрхэн шийдвэрлэхээ ярилцсан байгаа. Тодруулбал, тухайн дугаараас гурав дахь удаагаа тоглосон дуудлага ирвэл эрх нь автоматаар хязгаарлагдана.

Гэхдээ хүүхэд гурван удаа тоглосон дуудлага өгсөн байлаа гэхэд дөрөв дэх дуудлага нь үнэхээр тусламж эрсэн байвал яах вэ. Энэ мэтчилэн цаашид боловсронгуй болгох асуудал олон байна. Ялангуяа хууль, эрх зүйн орчинг нь илүү боловсронгуй болгохгүй бол сэтгэцийн өөрчлөлттэй, архины хамааралтай хүнээс шууд хүүхдийг нь салгах эрх бидэнд байхгүй. 

-Хүүхэд хамгааллын үйл­чил­гээ гэдэг утгаараа  цагдаагийн байгууллага болон ЯТТ-тай хэрхэн хамтрах вэ?

-ЯТТ гэхээсээ илүү цагдаа­гийн байгууллагатай нягт уял­даа­тай ажиллана. Харин цагдаа­гаар дамжуулж эмнэлэг­тэй холбогдоно. Бид зөвхөн дууд­лага хүлээн аваад зогсохгүй ард нь мэргэжлийн баг ажил­лаж байгаа. Тэгэхээр бусад бай­гуул­лагуудтайгаа нягт уялдаатай ажиллах нь маш чухал.

Зураг