Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах үйлчилгээ хөдөө ч байх боломжтой

Д.Гэрэл
2014 оны 5 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг манай улсад анх удаа "Хүүхэд харах үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр ажиллаж буй юм. Энэ тухай түүнтэй ярилцлаа.

-“Хүүхэд харах үйлчилгээ” байгуулах тухай ярьсаар удлаа. Юу болж байна вэ?

-Өнгөрсөн онд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн хүрээнд Хүүхэд харах үйлчилгээг бий болох учиртай. Энэ төв нь манайдаа анх удаа болж буй гэдгээрээ онцлогтой. Хууль нь батлагдсаны дараа ямар стандарттай, яаж хэрэгжих боломжийг харуулсан “Хүүхэд харах үйлчилгээний загвар төв”-ийг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо буюу Баянхошуунд байгуулсан.

Ер нь манай Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 80 хувь нь гэр хороололд амьдардаг. Дээрээс нь цэцэрлэг сургууль хүрэлцээгүй, дэд бүтэц байхгүй. 10 дугаар хороонд гэхэд л цэцэрлэгийн насны 840 хүүхдээс ердөө 270 хүүхэд цэцэрлэгт явж байна. Үлдсэн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, эцэг эх нь хүүхдээ хараад гэртээ суудаг эсвэл цоожтой хаалганы цаана аюултай орчинд өдрийн бор хоногийг өнгөрөөж байна. Энэ бол аюултай.

-“Хүүхэд харах үйлчилгээний загвар төв” гэж нэрлэх ч бодит байдалд дэд бүтэц нь хангагдаагүй юм биш үү?

-Загвар төв маань ямар ч дэд бүтэцгүй гэр хороолол дунд байрлаж байна. Жирийн нэгэн айлын хашаа байшинг түрээслэн байгуулжээ. Энэ айл орон сууцанд ороод газар үнэд орохыг хүлээгээд хашаа байшингаа түрээсэлсэн юм билээ. Гэхдээ анхны төв гэхэд үйл ажиллагаа нь жигдрээд боломжийн ажиллаж байгааг хэлэх ёстой. Бяцхан 15 хүүхэд 68 мвк бүхий жижиг тоосгон байшинд тохь тухтай сурч боловсорч байна даа.

Нийт 20 сая төгрөгөөр байшингийн дотоод засал болон гадаад орчныг тохижуулж, хүүхдийн тоглоомын талбай, явган зам байгуулсан. Төвийн дулаан, бохир цэвэр усны шугамгүй газар тул зөөврийн усыг бойлууроор угаалтуурт хүргэх, халаах систем хийж, био жорлон ч гэсэн байрлуулсан.

-Энэ төвд явах хүүхэд хэдий хэмжээний зардал гаргаж байгаа бол?

-Одоогоор гурван багш ажиллаж байна. Тэд өөрсдөө 2-3 насны хүүхэдтэй. Тус хороонд амьдардаг, хүүхдийн цэцэрлэг олдохгүйн улмаас гэртээ хүүхдээ харж байсан эмэгтэйчүүд. Ахлах багш нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хүүхдүүдэд хичээл заах үүрэгтэй, нэг багш нь тогооч мэргэжилтэй учраас ЭМЯ-аас гаргасан стандартын дагуу хүүхдүүдийн хоол хийх үүрэг хүлээнэ.

Хүүхэд харах төвүүд улсаас авсан зардлаас гадна эцэг эхчүүдээс 60-100 мянган төгрөгийн төлбөр авах шаардлага гарч байгаа.

Эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээний дагуу долоо хоногт нэг удаа хүүхдийн хоолны хүнсний материал цуглуулах болон их цэвэрлэгээнд оролцох, сургалт хүмүүжлийн программд хяналт тавих үүрэг хүлээнэ. Хүүхэд харах төвд энэ хорооны амьжиргааны төвшин доогуур айлын 15 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд эцэг эхчүүд гэрээ байгуулж cap бүр 50 мянган төгрөгийн төлбөр төлнө.

Учир нь хүүхэд харах үйлчилгээг эрхлэн явуулахад гурван багштай 15 хүүхэдтэй төвд cap бүр хоёр сая 650 мянган, нэг хүүхдэд 176 мянган төгрөгийн зардал гарч байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар хүүхэд бүрд cap бүр 116 мянган төгрөгийн урсгал зардлыг улсын төсвөөс гаргахаар тооцсон учраас Хүүхэд харах төвүүд улсаас авсан зардлаас гадна эцэг эхчүүдээс 60-100 мянган төгрөгийн төлбөр авах шаардлага гарч байгаа.

-Цаашдаа цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд бүрт энэ төв нээлттэй биз дээ?

-Хууль батлагдан гарснаар ийм хэлбэрийн хэдэн зуун Хүүхэд харах үйлчилгээний төвүүд байгуулагдах боломжтой. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 80 мянган хүүхдэд цоо шинэ үйлчилгээ бий болох бөгөөд энэ үйлчилгээг эрхлэх 15 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Бүх хүүхдээ цэцэрлэгтэй болгоход нэг их наяд төгрөг зөвхөн барилга барихад шаардлагатай байгаа. Улс үүнийг ойрын хорин жилдээ хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

Энэ үйлчилгээг нэвтрүүлсэнээр цэцэрлэгийн барилга барих төсөв хэмнэгдэж, хувийн хэвшлийг татан оролцуулах сайн талтай юм. Нийслэлийн гэр хороололд өөрсдийн хашаа байшинг тохижуулан энэхүү үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэд олон байгаа.

Энэ нь өрхийн амьжиргаанд ч хэрэгтэй жижиг бизнесийн нэг хэлбэр юм. Хөдөө орон нутагт малчин өрхүүд хот айлынхаа дунд энэ үйлчилгээг эрхлэх боломжтой. Хөдөөний багачууд заавал сумын төв орж цэцэрлэгт явах шаардлагагүй. Сургалтад хамрагдсан багш ээжээрээ хичээлээ заалгаад гэртээ байх боломжтой.

Зураг