Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын эрчим хүчийг зөвхөн Хятад хэрэглэхгүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 22
iKon.MN

Мягмар гарагт Хятадад айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Барууныхны хориг арга хэмжээнд хариу болгож Хятадтай байгалийн хий нийлүүлэх түүхэн гэрээ байгууллаа.

Энэ нь Путины Ази, Номхон далайн бүс нутагт хийх хэд хэдэн гэрээний эхнийх болж магадгүй байна.

Оросын байгалийн хийн экспортод голлох жин дардаг Европоос хамаарах хамаарлыг багасгахад энэ нь том нэмэр болно.

Ирэх 10 жилд ОХУ, Европ дахь зах зээлээ Хойд Америкийн нийлүүлэгчдэд алдах нь бараг тодорхой болсон тул эрчим хүчний эрэлт нь хурдтай өсч байгаа Азийн зах зээлд анхаарлаа хандуулж эхлээд байгаа юм.

Дөрөвдүгээр сарын сүүлээр ОХУ нь Хойд Солонгосын Зөвлөлтийн үеэс уламжлагдаж ирсэн өрийн 90 хувийг тэглэхээ мэдэгдсэн. Үүнийхээ хариуд ОХУ тус улсын эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх эрх авчээ.

Уг төслийн нэг гол хэсэг нь Хойд Солонгосоор дайрах байгалийн хийн хоолой юм.

Оросуудын төлөвлөгөө ёсоор Сахалины арлаас төмөр зам дагуу Японы хойд хэсэг, Умард Солонгосоор дайран Өмнөд Солонгосын зах зээл рүү хийн хоолой тавигдана.

Харин энэ төсөлд хамгийн их эрсдэл учруулах магадлалтай этгээд нь Хойд Солонгос. Хоёр Солонгосын харилцаа сайнгүй байдал, мөн Хойдынхны улс төрийн тогтворгүй ааш авир нь уг төсөлд саад хийх магадлалтай. Тиймээс ч Оросууд Хойд Солонгосын өрийг нь хөнгөлөх аргаар замаа засаж байгаа бололтой.

Сахалин дахь олборлолтын үйл ажиллагаанд бүс нутгийн компаниуд оролцоод эхэлсэн байна. Одоогоор тэнд Газпромоос гадна Нидерландын, Японы, Энэтхэгийн хөрөнгө оруулалттай компаниуд ажиллаж байгаа юм.

Төсөл хэрэгжиж эхлэхэд Оросууд жил бүр Өмнөд Солонгост 10 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлнэ.

Ингэвэл ОХУ-ын хувьд Хойд Солонгос нь одоогийн Украйн, Өмнөд Солонгос нь одоогийн Европ болж хувирна гэсэн үг.

Өмнөд Солонгос нь эрчим хүчний хэрэглээнийхээ 97 хувийг импортоор хангадаг, Японы дараа дэлхийд хоёрт орох байгалийн хийн хэрэглэгч юм.

Үүнээс гадна Азийн өөр нэг хэсэгт Оросууд зах зээлээ бий болгохоор идэвхийлэн ажиллаж байна. Орос, Энэтхэг улсууд 30 тэрбум долларын өртөгтэй дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох газрын тос дамжуулах хоолой барихаар хэлэлцэж байгаа юм. Торгоны замын хоолой гэгдэж байгаа энэ байгууламж Оросын Алтайн уулсаас Хятадын Шинжааныг дайран Хойд Энэтхэг хүрэх гэнэ.

ОХУ нь газрын тосныхоо 70 хувийг, байгалийн хийн 30 хувийг экпортод гаргадаг. Тиймээс газрын тосноос ордог орлого нь хийнийхээс долоо дахин их гэж U.S. Energy Information Administration тайланд дурджээ.

Энэтхэг улс бол АНУ, Хятадын дараа дэлхийд гуравт ордог газрын тос импортлогч. Хэрэгцээнийхээ ихэнхийг Ойрх Дорнодоос хангадаг ба 2020 он гэхэд дэлхийн хамгийн том импортлогч болно гэж таамаглаж байгаа.

Тиймээс Энэтхэгчүүдэд газрын тосны хоёр дахь нийлүүлэгч бий болгох зайлшгүй хэрэгцээ байгаа юм.

Хоолой барих хэлэлцээрийг энэ оны дундуур эцэслэж, 2020-2022 оны хооронд барьж дуусгах төлөвлөгөөтэй байна.

Ийнхүү Оросууд Дорно зүгт тавих анхаарлаа нэмэгдүүлэн Барууныхны хориг арга хэмжээнд хариу барьж эхэлжээ.

 

Эх сурвалж: International Business Times