Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Хятадын гэнэтийн нөхөрлөлийн ТАВАН шалтгаан

Б.Ууган, iKon.mn
2014 оны 5 сарын 21
iKon.MN

Владимир Путин  БНХАУ-ын тэргүүн Ши Жинпиний урилгаар Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа. Энэхүү айлчлалын үеэр талууд хэд хэдэн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах юм. Түүний зэрэгцээ хоёр орны харилцаа сүүлийн үед харьцангуй сайжирч байгааг шинжээчид тэмдэглэж байна. 

Ийнхүү харилцаа нь сайжирч байгаа нь харилцан ашигтай байх үндсэн дээр тулгуурласан гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ийнхүү харилцаа нь эрс сайжирах болсон шалтгаан нь юу байв? 

1. АНУ болон Европын холбоог сөрөн зогсох

“Их долоо”-ийн орнууд өдрөөс өдөрт Оросыг “чангалж”, олон улсаас тусгаарлах гэсэн үйлдлүүд сүүлийн саруудад идэвхижих болсон энэ үед Орос Хятадын нөхөрлөлийн тухай сэдэв улам идэвхижих болсон. 

Хятад улс Украйны асуудлаар хөндлөнгийн байр суурь баримталж, Оросын эсрэг хориг арга хэмжээг шүүмжлэн, асуудлыг улс төрийн замаар шийдэхийг уриалдаг. Хориг арга хэмжээтэй холбоотой нөхцөл байдал хурцадсан нь өнөөгийн айлчлалтай холбоотой гэж барууныхан үзэж байна.

Гадны хэвлэлүүд “хүчний төв” үүссэн болон бүс нутагт АНУ-ын нөлөөлөл суларсан тухай бичих болов. Түүнээс гадна АНУ-ын холбоотон болох Японтой газар нутгийн маргаантай байгаа нь Хятадын засгийг нэг их баярлуулахгүй байгаа.

Хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлснээр Орос, Хятад улс Баруунтай харилцаа нь муудсан тохиолдолд гарах эрсдлүүдээ багасгаж байгаа хэрэг. Мэдээж АНУ-ын зүгээс эдийн засгийн дарамт байсхийгээд л амсдаг Азийн нэгэн улсын хувьд энэ нь Хятадад ч тун чухал. 

2. Хийн асуудлыг шийдэх 

Айлчлалын үеэр хэлэлцэх гол асуудал нь Оросын хийг нийлүүлэх тухай хэлэлцээр юм. Хятадын дотоод эрэлт нэмэгдэж байгаагийн улмаас энэ улс хийн хэмжээгээ нэмэх шаардлагатай байгаа. Хийн эрэлт маш хурдацтай өсч байгаа. Энэ оны эхний улиралд гэхэд  л импорт жилийн хэмжээний хэрэглэх хийн тавны нэгд хүрээд байна. 

Хэрэв 2020 он гэхэд хийн хэрэглээ жилд 300 тэрбум куб.м түвшинд хүрэх бол 2030 он гэхэд ойролцоогоор 600 тэрбум куб.м хэмжээнд хүрэхээр байгаа юм. Гэхдээ 2020 он гэхэд Төв Азийн хийн хоолойны бүхий л дөрвөн шугмын хүчин чадал нь жилд 80 тэрбум куб.м байх бөгөөд, энэ нь Хятадын хийн импортын 40 гаруй хувийг хангаж байгаа, харин дотоодын эрэлт өсвөл энэ хувь буурах болно. Ийнхүү эрэлт эрчимтэй өсч байгаа нь эдийн засгийн өсөлтийн шаардлагатай хэмнэлийг тогтоон барихад шаардлагатай хотжилтын идэвхитэй процесстой холбоотой. Иймээс Оросоос Хятадад хий нийлүүлэх нь урт хугацаанд ихээхэн ач холбогдолтой, амин чухал хэрэг болно.

Харин Оросын хувьд нийлүүлэлтийн үүднээс авч үзвэл Хятад руу хий нийлүүлэх нь тун чухал, учир нь өнөөдөр Оросын хийн гол хэрэглэгчид нь Европын орнууд байгаа юм. Үүний зэрэгцээ Газпромын Европын орнууд дахь олборлолт нь багасч байгаа ч  хийн тогтвортой хэрэглэгч нэгээр нэмэгдвэл тогтвортой байдал өсөх тул Газпром Европ дахь хийн эрэлт өснө гэж найдаж байгаа. 

Туркменистаны зүгээс ирэх болон байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэгчдийн зүгээс ирэх өрсөлдөөнийг тооцвол Газпром Хятадын зах зээл дээр нийлүүлэгчдийн нэг нь байх зүй ёсны шаардлага байгаа юм. 

Гэрээний хугацаанд Оросын тал ямар нэг хэлбэрээр 400 тэрбум ам.доллар олох боломжтой. Ингэснээр төсөвт орох хөрөнгө нэмэгдэж, шинээр ажлын байр үүснэ гэсэн үг. 


3. Хоёр орны эдийн засгийн интеграци

Путин Хятадад айлчлахаасаа өмнөхөн хоёр орны бараа эргэлт 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүрэх буюу одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. 2013 онд хоёр орны хоорондын бараа эргэлт 90 тэрбум ам.долларт хүрч байжээ. Тиймдээ ч айлчлалын үеэр эдийн засгийн илүү идэвхитэй хамтын ажиллагаа, тэр дундаа томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх гэнэ. 

АНУ болон Европын санхүүжилттэй холбоотой өрсөлдөөн багасч, Хятад Оросын эдийн засагт орох сайхан боломжтой болно гэсэн үг. Ахуйн нэмэлт зах зээлээс гадна Хятадын тал нөөцөд хүрэх боломжтой болох бол Оросын бизнесийнхэн цаашдын хөгжилд нь шаардагдах хөрөнгө оруулалттай болно. 

Одоо байгаа нөөцийн төслүүдийг тэгээс эхлэх шаардлагагүй тул  илүү тааламжтай байх нь мэдээж. Хятадын засгийн газар хоёр талт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагийн дээр Орос дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дөрөвдүгээрт орж байгаа юм.

Түүнчлэн Хятадын бизнесийн салбарынхан Алс дорнод дахь эдийн засгийн онцгой бүсэд үйл ажиллагаа явуулах хүрээ нь улам өргөжсөн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Хятадын төрийн банк Алс дорнодыг хөгжүүлэх төсөлд таван тэрбум ам. доллар гаргахад бэлэн байгаа тухай өнгөрсөн сард мэдээлсэн. Энэхүү хөрөнгө болон бусад санхүүжилтээр Алс Дорнодод дэд бүтцийн хөгжлийн санхүүжилт, урт хугацааны хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Ийнхүү олон салбарт хамтран ажиллаж байгаа хоёр орны хөрөнгө оруулалт 2020 он гэхэд нэг тэрбум ам.долларт хүрч мэдэхээр байна. 

4. Үндэсний валютуудынхаа нөлөөллийг өргөжүүлэх төлөвлөгөө 

Хятад улс үндэсний валютаа дэлхийн шинэ нөөцийн валют болгох боломжтой гэсэн санааг байнга дэвшүүлдэг. Тэр бүү хэл зарим шинжээчид юанийг бүрэн хөрвөх чадвартай болохоос нь ч өмнө нөөцийн валют болгох боломжтой гэж үздэг юм. 

Орос, Хятад улс нэмэлт хэлэлцээр хийснээр юанийг дэлхийн нөөцийн валют болгох явцад түлхэц болж мэдэх юм. Үүний тулд бараа нийлүүлэлт, тэр дундаа эрчим хүчний тооцоог юаниар хийхэд л хангалттай.

Юанийг Азийн бусад орнудтай тооцоо хийхэд идэвхитэй хэрэглэж байгаа, харин Орос улс Хятад руу хий нийлүүлэхдээ төлбөрөө юаниар авч, дараа нь рубль болгон хөрвүүлж болох юм.

Үүнтэй адилаар Орос улс Хятадын бараа үйлчилгээний төлбөрийг юаниар хийж болно. Доллараар тооцоо хийхээс татгалзаж эхлээд байгаа Оросын хувьд ингэснээрээ валютын эрсдлээ багасгаж байна гэсэн үг. 

5. Технологийн гарц 

Аливаа барааг өөрийн зах зээлдээ оруулж байгаа үедээ Хятад улс технологийн гарцыг чухалчилдаг. Хятадын засгийн газар өндөр нэмэгдүүлсэн өртөгтэй барааны эзлэх хувийг нэмэгдүүлж, тэдгээрийн ихэнх хувийг дотоодын зах зээл дээрээ борлуулдаг. Ийм тохиолдолд Оростой хийх цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан нислэгийн үйлдвэр байгуулахын тулд Орос нисэхийн салбарын технологи шилжүүлэх бололтой.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Airbus, Boeing –той өрсөлдөхүйц онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь Оросын хувьд энэ салбарт нөлөөллөө эргүүлэн авчирах, дотоодын хэрэгцээгээ хангахад ихээхэн ач холбогдолтой төсөл юм.

Харин бусад технологийн тухайд гэвэл Орос улс Хятадтай бусад асуудлаарх хамтын ажиллагаагаа идэвхижүүлснээр хамтарсан үйлдвэрүүд байгуулж, технологиудыг авч болох юм.