Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд Вьетнамаас зугтаж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын засгийн газар Хятадын эсрэг жагсаал цуглаан хийхийг хориглоод байна. Өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй тэмцлийн үеэр хоёр Хятад иргэн амиа алдаж зуу гаруй хүн шархдсан билээ.

Ингэх болсон шалтгаан нь Өмнөд Хятадын тэнгис дэх хилийн маргаантай бүсэд Хятадын тал газрын тосны өрөмдлөг хийж эхэлсэнтэй холбоотой.

Одоогоор Хо Ши Мин болон Ханой хотуудад мянга мянган цагдаа, хүчнийхэн гол цэгүүдийг хяналтандаа авч, зарим нэг алдартай тэмцэгч нарыг гэрээс нь гарахыг хориглоод байна.

Ханой хотод Хятадын элчин сайдын яамны орчны гудамжнуудыг хааж хамгаалалтанд авчээ.

Вьетнам дахь Хятад иргэдийг нутаг буцаах ажлыг Бээжингийнхэн зохион байгуулснаар 3000-аад иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Үүнд зориулж Хятадаас таван хөлөг онгоц гаргаад байна.

Хятад улс Вьетнамтай зарим хамтын ажиллагаагаа зогсоож өөрийн иргэддээ Вьетнамд зорчихгүй байхыг анхааруулжээ.

Хэрэг явдал БНХАУ маргаантай бүс нутагт өрөмдлөг хийх шийдвэрийг 5 сарын нэгэнд гаргаснаас эхэлсэн юм.

Үүний дараа олон мянган хүн оролцсон жагсаал хөдөлгөөн өрнөж Хятад эзэнтэй аж ахуйн нэгжүүд рүү халдаж эхэлжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь Тайвань эзэнтэй ч ажилчид нь Хятадууд байдаг аж.

Хятадын тал Ханойг өөрийнхөө иргэдийн аюулгүй байдлыг хангахыг шаардсанаар байдал намжсан ч олон зуун Хятад иргэд тус улсыг орхисоор байна. Зарим нь хил залгаа Камбож улс руу газраар нэвтэрч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: TheGuardian.com