Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд ганц Алтайн ятгыг Монгол туургатанд танилцуулна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Ховд аймгийн Манхан сумаас олдсон Алтайн ятга.

 2008 онд Ховд аймгийн Манхан сумд хийсэн археологичдын малтлагаар эртний нүүдэлчдийн хэрэглэж байсан ятгын төрлийн хөгжим олдсон юм.

Уг зэмсэг нь VII зууны Түрэгийн үед хамаарах бөгөөд Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд энэ төрлийн хөгжмийн анхны, цор ганц олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман болон эртний хөгжим судлаач Сюзанна Шүлц нар онцолсон удаатай.

Энэхүү олдворыг Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв 2011 оноос судалж, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавтай хамтран сэргээн засварлажээ.

Ингээд судалгааны түвшинээс  хэрэглээний түвшинд хүргэсэн бөгөөд нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос энэхүү хөгжмийн хөг хөглөгөө, тоглох арга барилын судалгааг явуулж бодитой үр дүнд хүрсэн байна.

Алтайн ятгыг зөвхөн Монголын ард түмэнд таниулаад зогсохгүй дэлхий дээрх нийт монгол туургатанд сурталчилан таниулах зорилт тавьжээ.

Иймээс эл Алтайн ятгыг дотоод болон гадаадад сурталчилан дуурьсгах их ёслолыг энэ сарын 16-нд АСА циркт зохион байгуулах болсон тухайгаа Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Алтайн ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол уламжлал академийн ерөнхийлөгч Л.Дашням, Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн захирал О.Цоодол, Яруу сэтгэгч нэгдлийн тэргүүн Ж.Лувсандорж нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

Энэхүү ятга нь Монгол Улсын түүхэнд дэх эртний түүхтэй хоёр дахь хөгжмийн зэмсэг аж. Манай улсын сан хөмрөгт энэхүү ятганаас гадна Хүннү гүрний үеийн ясан хуур хадгалагддаг.

Алтайн хэмээх тодотголтой дээрх ятгыг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ тоглож байгаа бөгөөд тэрбээр “Нэн эртний, 1400 жилийн өмнөх соёл иргэншлийг тээсэн уг ятга Монгол орноос минь олдсонд үнэхээр баяртай байна. Анх дуугаргаж үзэхэд хөг аялгуу нь үнэхээр амьд эгшиг, өнгө гаргаж байгаа нь мэдрэгдсэн” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Алтайн ятгыг зөвхөн Монголын ард түмэнд таниулаад зогсохгүй дэлхий дээрх нийт монгол туургатанд сурталчилан таниулах зорилт тавьжээ.

Үүний хүрээнд, ирэх сарын 20-нд тохиох Якутын хаврын баярт энэхүү хөгжмийг эгшиглүүлэхээр болсон тухай Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай хэлсэн юм.