Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстан Оросоос айж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Олон Казах хүмүүс Москвагийн Крымийг нэгтгэсэн явдал өөрсдөд нь тохиолдох вий гэхээс айцгааж байна.

Орос Украйныг түрэмгийлж Крымийг өөртөө нэгтгэсэн явдал Казахстаны сөрөг хүчнийхэнд аюулын дохио болж тус улсын судлаачид Москва Казахстаны тусгаар тогтнолыг бусниулах вий хэмээн сандарцгааж байна.

Украйны хямралын эхэн үед ерөнхийлөгч Назарбаев Украйны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлж байлаа. Гэвч хэдэн долоо хоногийн  дараа Казахстаны гадаад хэргийн яам даруй бодлогоо өөрчилж маргаан дагуулсан Крымийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрч орхив. Украйны хэрэг явдал даамжрахын хэрээр Казахын нөлөө бүхий хүмүүс, экспертүүд, Евразийн эсрэг үзэлтэнгүүд тус улсын ирээдүйд Оросууд хэрхэн нөлөөлж болох талаар дуугарч эхэллээ.

Үүнээс өмнө ч Казахстаны нэг том асуудал нь Казахстан дахь Орос иргэдийн асуудал байсаар ирсэн. Тэдний зарим нь бүр ОХУ-ын иргэний паспорттой байдаг. Назарбаев болзошгүй эрсдлийг урьдчилан харж нийслэлээ урд зүгээс хойд тал руу нүүлгэсэн нь Оросын хилд ойртуулсан хэрэг. Хуучин нийслэл Алмата нь улсынхаа зүүн урд байдаг бол шинэ нийслэл Астана хойд талд байрладаг. Мөн 1995 онд Казахын Ард түмний Чуулган гэгчийг байгуулж үндэсний цөөнхүүдийн эрхийг хамгаалах бодлого явуулсан нь үнэндээ орос иргэдийн сэтгэл санааг татах гэсэн алхам байв.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас Казахстан ОХУ-тай хамгийн урт шугамаар хиллэдэг, хүн амынх нь 23 хувь буюу 4 сая орчим хүн орос үндэстэн гэдгээрээ онцлог.

Назарбаевын цаашдын бодлого Оросын байгуулсан Евразийн холбоог идэвхтэй дэмжиж өөрөөр хэлбэл Оросуудын дургүйг хүргэхгүй байх бодлого барьж байгаа юм. Хэрвээ Оросоос зөрсөн бодлого явуулбал Украйнд тохиолдсон шиг хямралтай тулгарах хамгийн өндөр магадлалтай. Харин Назарбаеваас илүүтэй Казахстаны сөрөг хүчнийхэн, Евразийн холбоог эсэргүүцэгчдийн хувьд хүнд байдалд ороод байна. Энэ орон нэг хэсэгтээ Оросоос хамааралгүй хөгжлийн бодлого явуулах аргагүй болсон гэсэн үг.

Москва Казахстаныг зөвхөн өөрөөсөө уяатай хөгжих замыг тулгаж байна. Казахстаны сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Назарбаевыг улс төрөөс холдох үед улс төрийн өөрчлөлт хийх боломжийг хүлээж байгаа. Гэхдээ энэ өөрчлөлт ямар үнэ цэнээр олдох вэ гэдэг хамгийн хэцүү асуудал болоод байна.