2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
13:00
S30
17°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/04/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүн Лобсан Сангайн ярилцлага

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг

"The Diplomat" сайтад Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүн Лобсан Сангайн ярилцлага нийтлэгдсэнийг хүргэж байна.

- Дөрөвдүгээр сарын 26-нд Далай ламыг засгийн тэргүүнээсээ бууснаас хойш болсон анхны түүхэн сонгуульд ялсны тань гурван жилийн ой тохионо. Энэ хугацаанд танд юу мэдрэгдэв?

- Эхний жил маш хүнд байлаа. Гэвч би өөрөө өөртөө энэ бол надад тохиосон их хувь заяа, би Төвдийн дүрвэгсэд болон Төвд орны төлөө чадах бүхнээ хийх ёстой гэж хэлж байв. 400 жилийн түүхтэй Далай ламын засаглал өөрчлөгдөж эхэлж байлаа. Дээрхийн гэгээнтэн өөрөө улс төрийн тэргүүн байх үүргээ бусдад шилжүүлэх шийдвэр гаргаснаар улс төрд шинэ, удирдлагын туршлагагүй надад үүрэг нь шилжиж ирсэн юм.

Би болон Төвд хүмүүс улс төрийн жолоог шилжүүлэхэд тун их эргэлзэж байсан. Хоёр дахь жилээс айдас минь багассан ч одоог хүртэл бас л сэтгэл амар биш байна. Энэ хугацаанд би Сиккимээс бусад Төвдүүдийн Энэтхэг дэх бүх суурин газрууд, сургуулиуд, ихэнх сүм хийдүүдээр очсон. Хойд Америк болон Европын орднуудад байдаг Төвдийн нийгэмлэгүүдийн дийлэнхэд нь зочиллоо. Энэ мэтээр би Төвд хүмүүсийн нэгдмэл байдлын төлөө үргэлжлүүлэн хамаг хүчээ шавхан ажиллах болно.

- Бодитой хил хязгааргүй тархмал байдалтай оршдог үндэстнийг удирдах ямар байдаг бол? Сул болон давуу тал нь юу вэ?

- Хамгийн хэцүү нь дэлхийн таван тивд суугаа Төвд хүмүүст хүрч ажиллахын тулд их аялах хэрэгтэй болдог. Маш давчуу цагийн хуваарьтай ажиллахад хүрдэг, тухайлбал Европын долоон орноор 13-14 хоногт, АНУ-ын долоон мужаар найм хоногт багтаж зочлох гэх мэт. Ердийн ажлын цаг өглөөний наймаас оройны найм хүртэл үргэлжилдэг. Дараа нь янз бүрийн арга хэмжээ дагалдана. Ингээд унтахаар хэвтэхэд шөнө дунд өнгөрсөн байдаг ба өглөө эрт дараагийн аялал хүлээж байдаг. Давуу тал нь гэвэл өөр өөр төрлийн хүмүүстэй уулзаж, ялгаатай соёл, улс төрийн системтэй танилцах боломж олгох юм даа.

 Төвдүүд Энэтхэгчүүдийн ачийг үүрд санаж явах ёстой.

- Энэтхэгт харшлахгүйгээр Хятадтай харьцах хэцүү биз? Саяхан Энэтхэгийн нэг сонин дээр таныг хэт Бээжингийн талд орж байгаа нь Энэтхэгийн аюулгүй байдалд харшилж байна гэж бичсэн байсан. Энэ шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?

- Би Энэтхэгт төрж, ихэнх цагаа энд өнгөрүүлсэн. Энэтхэг орон Төвдүүдэд аль ч улсаас илүүтэй тусалдаг. Төвдүүд Энэтхэгчүүдийн ачийг үүрд санаж явах ёстой. Бүр 70-аад оны эхэн үеэс буюу Төвдүүд жинхэнэ өөртөө засах эрх хүсч эхэлсэн цагаас бид Төвийг сахих бодлогыг тууштай баримталж ирсэн. “Төвдийн ард түмэнд Жинхэнэ өөртөө засах эрх олгох санамж бичиг”-ийг 2008 онд манай өмнөх Хашаг (танхим) Хятадын засгийн газарт санал болгосон. “Жинхэнэ өөртөө засах эрх” гэдэг нь Хятадын үндэсний цөөнхүүдэд өөртөө засах эрхийг БНХАУ-ын Үндсэн Хууль болон Автономийн тухай Хуульд бичгээр оруулж өгөх тухай юм. Энэ асуудлаар би удаан хугацаанд ажиллаж байгаа. Энэтхэгийн талаас үүнд ямар нэгэн санал гараагүй байна.

Харин зарим Төвдийн тусгаар тогтнолын талыг баримтлагчид биднийг бууж өгч байна гэж шүүмжилдэг. Би Энэтхэгийн олон албаны хүмүүстэй уулздаг, тэдэнтэй найрсаг харилцаатай байдаг. Тиймээс би энэ тал дээр ямар нэгэн хүндрэл олж харахгүй байна. Шүүмжлэлийн тухайд, би юу хэлэх вэ? Хүмүүс янз бүрийн санаа илэрхийлж л байдаг. Үндэслэлгүй дүгнэлтүүдийг би чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Улс төрчийн хувьд шүүмжлэл сонсох нь хэвийн үзэгдэл байх.

- Гэхдээ та Энэтхэгчүүд илүү ихийг хийх боломжтой гэж үздэг үү?

- Бид зочид учраас Энэтхэгээс илүү зүйл шаардах эрхгүй. Хэрвээ Энэтхэг, Хятадтай Төвдийн асуудлаар хэлэлцэх боломж гарвал бид шаардлагаа хүргэх болно. Энэтхэгийн хувьд Төвдийн асуудлыг шийдвэрлэх сонирхолтой байдаг. Төвдийн асуудлыг тайван замаар шийдэх яриа хэлэлцээрт нэгдэхийг Хятадаас шаардахыг бид бусад улсуудад уриалдгийн нэгэн адил Энэтхэгт ч бас тавьдаг.

- Гэвч Хятадууд таныг улс төрийн тэргүүн гэдгийг тууштай эсэргүүцэж, яриа хэлэлцээрийг мухардалд оруулж байна шүү дээ.

- Тиймээ. 2010 оны нэг дүгээр сараас өнөөг хүртэл Төвдүүдийн хүсэл сонирхолгүйгээс бус, харин Хятадын удирдлагын түвшин дэх хатуу байр сууринаас болоод мухардаад байна. Хэрвээ тэд надтай хэлэлцвэл Төвдийн засаг захиргааг хүлээн зөвшөөрсөн болчих гээд байгаа. Гэвч бидэнд үйл явц хоёрдогч, мөн чанар анхдагч ач холбогдолтой.

Бид Далай лам болон Хятадын талын хооронд яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг тууштай шаардаж байгаа.

- Энэ гуравдугаар сард Төвдөд гурван удаагийн өөрийгөө шатаасан тохиолдол гарлаа. 2009 оноос хойш ийм үзэгдлийн тоо 129-д хүрлээ. Үүний хариуд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Бид Төвдийн нийгэмлэгүүдэд ямар нэгэн эрс алхам хийхгүй байх, үүний дотор өөрийгөө шатаах явдал гаргахгүй байхыг тууштай шаардаж байна. Хэдий тийм боловч Хятадуудын Төвд дэх дарамт шахалтаас болоод ийм хэрэг харамсалтай нь үргэлжилсээр байгаа юм.

- Буддын шашны хүчирхийлэлгүй байх зарчимтай энэ хүчирхийллийн аргыг хэрхэн зохицуулж ойлгох вэ?

- Хүн болж төрснийхөө хувьд өөрийгөө шатаах нь тун эмгэнэлтэй хэрэг. Нөгөө талаас эдгээр хүмүүс нь ганц ч Хятад хүн болон тэдний эд хөрөнгөнд хохирол учруулаагүйг санах хэрэгтэй. Тиймээс энэ нь хэдийгээр эмгэнэлтэй үхэл боловч бусдад хор хүргэхээс зайлсхийж байгаа үйлдэл юм. Зөвхөн өөрийнх нь хувьд өөртөө хийж байгаа хүчирхийлэл мөн үү гэвэл тийм, гэвч өргөн утгаараа бол өөр хэнд ч хохирол учруулаагүй учраас хүчирхийлэлд тооцогдохгүй.

- Төвдөөс дүрвэгсэд ирсээр л байна уу?

- Тиймээ. Олон хүн шашны болон бусад боловсрол эзэмших зорилгоор Энэтхэгт ирж байгаагаас гадна нөгөө нэг хэсэг нь Хятадын хатуу бодлогоос зугтаж ирж байгаа. Гэвч Хятадуудын Балбад үзүүлэх болсон шахалтаас болоод (Балба бол Төвдөөс ирэх дүрвэгсдийн гол гарц) бас хилийн хамгаалалт чангарснаас болоод дүрвэгсдийн тоо буурч байна.

- Та хэзээ ч Төвдөд очиж үзээгүй. Эцэг эхээс тань уламжлагдсан Төвдийн тухай ямар төсөөлөл байдаг вэ?

- Би Даржээлин дэх Төвдийн дүрвэгсдийн сууринд төрсөн. Миний аав Литанд лам байсан, ээж маань Чамдод амьдардаг байсан тул тэд үргэлж л хэнийх нь тосгон илүү сайхан тухай маргалддаг байж билээ. Би цэвэр тунгалаг устай, модод ургаж, цэцэг алагласан сайхан газар нутгийн тухай сонсож өссөн. Гэхдээ миний төсөөллөөр зун нь л тийм сайхан байдаг байх /инээв/.

Саяхан би Аруначал Прадеш (Төвдтэй хиллэдэг Энэтхэгийн зүүн хойд муж) мужаар орж Таванг, Тутинг, Геллинг хязгааруудаар зочилсон. МакМахоны зурваст (Энэтхэг, Хятадын хил) очиж хилийн цаадах Төвд орныг нүдээр харлаа. 2012 онд Ладахт очихдоо Төвдийн өөр нэг төрх болох гандуу, өвс ногоо тарчиг ургадаг хуурай уулсыг харсан. Мөн би Сиккимд зочилж Төвдийг өөр нэг өнцгөөс нь харах төлөвлөгөөтэй байна. Эдгээр аялал нь миний хувьд Төвдтэй ойрхон байх хамгийн ойр боломж минь юм.

- Та энэ насандаа Төвдийн сэргэхийг харна гэж итгэдэг үү?

- Тиймээ. Тийм учраас л би Америкийг орхиж энд ажиллахаар ирсэн. Намайг Аруначал Прадеш мужид очих үед надад эцэг эхийнхээ болон Дээрхийн гэгээнтний ирсэн замаар буцаж яваа мэт сэтгэгдэл төрсөн. Миний санахын Бомдилла тосгон бол аавын минь хил даваад буусан анхны суурин гэдэг. Ээж маань Тутингд амьдарч байгаад Даржээлинд шилжиж ирээд аавтай танилцсан гэдэг. Хоёулаа л Дээрхийн гэгээнтнийг 55 жилийн өмнө Тавангаар дамжин Энэтхэгт ирэхэд нь дагаж явсан гэсэн.

Би Төвдийг сэргэнэ гэдэгт итгэлтэй байдаг.

Тэд маань Төвд руугээ буцах бодолтой хил давсан тул ямар ч эд хөрөнгө авч яваагүй гэдэг. Тэдний маань гэртээ харих мөрөөдөл 55 дах жилтэйгээ золгож 2004 онд аав минь тэр цагийг үзэлгүй хорвоог орхисон. Энэ түүх бол Төвдөд байгаа болон дүрвэн гарсан мянга мянган хүний амьдралтай ижил. Эд бүгд миний зорилгыг илүү тод болгож өгдөг. Тэднийхээ мөрөөдлийг биелүүлэх нь миний амьдралын зорилго. Энэ бол миний өөрийгөө таньж мэдэх эрэл хайгуул. Нэг л өдөр бидэнд ийм боломж олдоно гэдэгт итгэлтэй байдаг.

- Та залуудаа Төвдийн Залуучуудын Конгресс болон Чөлөөт Төвд оюутны хөдөлгөөний гишүүн байсан. Эдгээр нь хоёулаа Төвдийг бүрэн тусгаар тогтнуулахын төлөө тэмцдэг. Харин одоо та Төвдийн Төв Засгийн газрын тэргүүн, Төвийг сахих зарчмыг баримталж байна.

- Би одоо ч Төвдийн талаар хуучныхаа үзэлтэй хэвээр байгаа. Гэвч цаг хугацааны явцад би Төвийг сахих зам нь бидний өмнөх үеийнхний ухаалаг, амьдралд ойр шийдвэр байсныг ойлгосон. Энэ нь харилцан ашигтай шийдэл бөгөөд Хятад улс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалж, Төвдүүд өөртөө засах жинхэнэ эрхтэй болох юм.

- Далай ламын зорилго улс төрийг шашнаас тусгаарлах. Энэ нь хэрэгжиж байна уу?

- Ихээхэн хэмжээгээр. Шилжилтийн процесс  үргэлжилсээр байгаа, зохион байгуулалтын болон дүрэм журмын хувьд өдрөөс өдөрт тодорхой өөрчлөлтүүд гарсаар байна. Дээрхийн гэгээнтэн маань Төвдүүдийн хувьд эрхмийн дээд  хүн хэвээр байгаа. Гэхдээ тэр улс төрийн эрх мэдлийг салгахыг өөрөө санаачилсныхаа хувьд энэ бүх явцад санаа тавьж байна.

- Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын сайд шашны бус хүн байж болох юм уу?

- Болно.

- Та Дээрхийн гэгээнтэнтэй гүйцэтгэх шатны ямар нэгэн шийдвэрийг зөвлөлддөг үү?

- Албан ёсоор ингэх шаардлагагүй. Гэвч түүнд туршлага бий, түүний бодлыг сонсох нь тустай. Тэр нэг удаа чи хүмүүсийн сонгосон удирдагч тул хүмүүсээс шүүмж сонсох ёстой, би ч гэсэн тэдний нэг тул шүүмжлэх эрхтэй гэж наргиа болгон хэлж билээ /инээв/. Хамгийн сүүлд л гэхэд би түүнээс шүүмж хүссэн байгаа.

x