Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ 15 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай

Ж.Отгон
2014 оны 4 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Шинээр төрсөн хүүхдээ улсын бүртгэлд хэд хоногийн дотор бүртгүүлэх шаардлагатай болон хоцорч бүртгүүлсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг талаар Сүхбаатар дүүргийн Хяналтын улсын байцаагч Л.Энхцэцэгээс тодрууллаа.

-Иргэд шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэхдээ ямар материал бүрдүүлж ирэх шаардлагатай вэ?

-Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд шинээр төрсөн хүүхдийг бүртгэх тухай заалтууд орсон байдаг. Шинээр төрсөн хүүхдийн ЭМЯ-наас баталсан Иргэний эрүүл мэндийн дэвтэр буюу төрснийг батлах баримтыг, эцэг, эхийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа зэрэг материалыг бүрдүүлээд өөрийн харьяа дүүргийнхээ улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлнэ. Ямар нэгэн төлбөр төлөхгүй. 

-Эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй байгаа тохиолдолд хүүхдээ эцгээр нь овоглож болох уу?

-Гэрлэлтээ батлуулаагүй эцэг эхийн дундаас төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож болно. Тодруулбал, эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийн дагуу эцгээр нь овоглож болдог. Гэхдээ эцэг, эх нь харьяа дүүргийнхээ улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирэх шаардлагатай. Хэрэв ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар хэн нэгэн нь ирэх боломжгүй тохиолдолд тухайн хүний өргөдлийг нотариатаар батлуулаад ирж болно. Ихэнхдээ эх нь хүндрэлтэй төрсөн тохиолдолд ирж чадахгүй байдал үүсдэг. 

-Шинээр төрсөн хүүхдийг хэд хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай вэ?

-Шинээр төрсөн хүүхдийн бүртгэл бол Монгол Улсын иргэн болсоноос хойш анхны бүртгэл нь юм. Уг бүртгэлийг төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, баг хороонд 30 хоногийн дотор бүртгүүлэх хуулийн заалттай байдаг. Үүнийг иргэд мэдэхгүйгээсээ болоод хугацаа алддаг. Гэтэл тухайн хүүхдийн нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг тэр хэмжээгээр алдагдаж байна гэдгийг ойлгодоггүй.

Тухайлбал, хүүхдэд олгож байгаа мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах зэрэг суурь үйлчилгээнүүд нь хойшлогдоод явчихдаг. Тиймээс шинээр төрсөн хүүхдээ цаг алдалгүй бүртгүүлдэг байх хэрэгтэй. Тэр бүү хэл олдмол хүүхдийг ч улсын бүртгэлд олдмол гэдгээр нь бүртгэж бүртгэлжүүлдэг.

Тодруулбал, олдмол хүүхдийг олсон хүн нь олсоноосоо хойш хоёр хоногийн дотор харьяа дүүр­гийнхээ цагдаагийн бай­гуул­лагад бүртгүүлэх шаардлагатай. Үүний дараа тухайн хүүхдийг олдмол хүүхэд гэдгийг нотлох хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээр тогтооно. Өөрөөр хэлбэл, гэрч болон, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргийг үндэслэн шинээр төрсөн тухайн хүүхдийн олдмол гэдгээр улсын бүртгэлд бүртгэж болдог.

-Хуульд заасан хугацаа­наас хоцорч бүртгүүлсэн тохиолдолд ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Иргэний бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн болохоор Захиргааны хариуцлагын тухай хуулиар хариуцлага ногдуулдаг. Тодруулбал, иргэнд 40 мянга хүртэл, албан тушаалтанг 60 мянга хүртэл мөнгөн торгууль ногдуулдаг.

-Ямар нэг шалтгаанаар шинэ төрсөн хүүхдээ эхээр нь овоглочихсон байж байгаад дараа нь төрсөн эцгээр нь овоглож болно биз дээ?

-Хэрэв эхний удаад ямар нэгэн шалтгаанаар шинэ төрсөн хүүхдээ ээжээр нь овоглосон болоод дараа нь эцгээр нь овоглох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд төрөлт бүртгүүлсэн тухай архивын лавлагаа авна. Эцэг, эх нь гэрлэлтээ батлуулсан бөгөөд тухайн хүүхэд нь гэрлэлтээс хойш төрсөн нь батлагдаж байвал тухайн хүүхдийг төрсөн эцгээр нь овоглох боломжтой. Харин эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй байгаа бол хамтарсан өргөдөл гаргах хэрэгтэй.

Өргөдлөөр овоглож байгаа тохиолдолд эцэг тогтоосон бүртгэл хийж байгаа учир Тэмдэгтийн хуулиар тэмдэгтийн хураамжийг авдаг. Тодруулбал, тэмдэгтийн хураамж, бүртгэлийн үйлчилгээний хураамж нийлээд 2500 төгрөг төлдөг.

-Хэрэв эх нь эмнэлэгт биш гэртээ төрсөн бол төрөлт бүртгүүлсэн тухай архивын лавлагааг хаанаас авах вэ?

-Энэ тохиолдолд тухайн эхийг гэртээ төрсөн гэдгийг батлах хөндлөнгийн гурван хүний гэрчийн мэдүүлгээр бүртгүүлж болдог. 

-Насанд хүрээгүй хүүхдээ хойд эцгээр нь буюу өөр хөндлөнгийн хүнээр овоглох бол улсын бүртгэлд хэрхэн  бүртгүүлэх вэ?

-Насанд хүрээгүй хүүхдийг хойд эцгээр нь овоглох бол үрчлэлтийн бүртгэл хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, хойд эцэгт төрсөн эцгийн эрх үүргийг хүлээлгэнэ гэсэн үг. Тиймээс хойд эцэг нь эхтэй нь гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсөний гэрчилгээний лавлагаа, төрсөн эцгийн эрхийн зөвшөөрөл байх ёстой. Харин үрчилж авч байгаа хүн нь цагдаагийн газрын тодорхойлолт авна. Учир нь хуулиндаа ял шийтгэл удаа дараа эдлээгүй байх ёстой гэж заасан байдаг.

Түүнчлэн тухайн хүн тодорхой хэмжээний орлоготой байх ёстой. Тиймээс орлогоо тодорхойлсон баримттай байна. Хүүхэд өсгөх гэж байгаа учир сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй байх нь чухал учир эрүүл мэндийн тодорхойлолт хийлгэх хэрэгтэй. Эдгээр материалыг үндэслэн үрчлэлтийн бүртгэл хийнэ.

Уг бүртгэлд оролцогчид биеэр байлцах шаардлагатай. Харин хүүхэд нь долоогоос дээш настай бол тухайн хүүхдийн өөрийн нь бичгээр гаргасан зөвшөөрлийг шаарддаг. Төрсөн эцгээр нь овоглодог хүүхдийг эхээр нь овоглох болсон ч мөн л эцгийн зөвшөөрөл хэрэгтэй байдаг.

Зураг