Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Томчуудын 95 хувь нь хүүхдээ машинд буруу авч явдаг

Өдрийн шуудан
2014 оны 4 сарын 8
Өдрийн шуудан
Томчуудын 95 хувь нь хүүхдээ машинд буруу авч явдаг

Энэ сарын 10-нд Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр тохионо.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн гэсэн статистик мэдээг Замын цагдаагийн газраас гаргасан байдаг. Осолд өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь 7 -14 насныхан бөгөөд тэд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явдаг.

Дэлхийн улс орнуудад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг.

Жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осол гарах нь цөөнгүй ч дийлэнх тохиолдолд хүүхдүүд гарцаар гарахгүй, ирж буй автомашины урдуур гүйдэг байна. Түүнээс гадна нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртөж байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчиж явсан хүүхэд осолдсон тохиолдол нь олон.

Замын хөдөлгөөн дунд явж байгаа 7- 15 насны хүүхдүүдийн 82 хувь нь явган хүний гарц байсан ч гарцгүй хэсгээр нь, 47 хувь нь улаан гэрлээр зам хөндлөн гарч, 65 хувь нь машины урдуур шалтгаангүй гүйдэг юм байна шүү, эцэг эхчүүдээ. Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан тохиолдол олон гарсан нь хүүхдэд зориулалтын хамгаалах бүс хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүйтэй тун их хамаатай юм. Нийслэлд ч энэ байдал элбэг.

Нялх хүүхдээ тэвэрчихээд жолоо барьж явах, хүүхдээ хажуугийнхаа сандал дээр зогсоож явах зэрэг нь нэн эрсдэлтэй гэдгийг эцэг эхчүүд мэддэг хэрнээ огт тоодоггүй нь ослын нэг шалтгаан гэдгийг санахад илүүдэхгүй.
 
Нэг үгээр томчуудын 95 хувь нь хүүхдээ машин дотор буруу авч явдаг. Уг нь хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудал хэрэглэээд хэвшчихэд л бид эрсдэлийг тун олон хувиар бууруулж чадах юм.

Харамсалтай нь хамгаалах бүсний хэрэглээ сүүлийн жилүүдэд багассан нь осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн эсэх судалгаа үзүүлэлтээс харагдаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсан байна билээ.

Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг.

Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ хэвшээгүй, автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүрт зориулалтын суудал, хамгаалах бүсний ач холбогдол, ослын үед эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулдаг талаар мэдээлэл өгч энэ талаарх мэдлэг, хандлага, дадлыг хэвшүүлэх нь чухал асуудлын нэг болж байна.

Дэлхийн улс орнуудад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.
 
Шведэд хамгаалах бүсээ хэрэглээгүй жолооч буюу насанд хүрсэн зорчигчийг 1500 крон (-163 евро)-оор, харин 15 нас хүрээгүй хүүхдийг хамгаалах бүсгүйгээр тээвэрлэсэн тохиолдолд уг хариуцлагыг тухайн жолооч хүлээх бөгөөд түүнийг 2500 крон (271 евро)-оор торгох арга хэмжээ авдаг гэнэ.

Зураг