Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголд байдал тайван биш байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Русская Планета” сайтад нийтлэлч Александра Суперекагийн бичсэн Өвөр Монголд болж байгаа үйл явдлын тухай мэдээллийг хүргэж байна.

Өвөр Монголд газар нутгийг нь булаахыг эсэргүүцсэн 39 монгол малчныг Хятадын цагдаа нар баривчилжээ. Энэ талаар хүний эрхийн төлөө тэмцэгчдээс мэдээлэл авснаа Пүрэв гарагт Ройтерс агентлаг дамжууллаа.

Малчдыг даваа гарагт Баяннуур хотод болсон жагсаалд оролцсоных нь дараа баривчилсан гэнэ. Гэрчүүдийн мэдээлснээр жагсагчдын эсрэг цагдаа нар цахилгаан бороохой хэрэглэжээ.

Иргэд томоохон компаниуд газар нутгийг нь булааж нүүрсний уурхай, үйлдвэр байгуулахыг эсэргүүцсэн гэнэ.

Баяннуур нь Өвөр Монголдоо хонь болон ямааны тоо толгойгоор тэргүүлдэг бүс нутаг. 2013 оны байдлаар 18,97 сая бог мал, 10 сая орчим бод мал тоолуулжээ.

2011 онд нүүрсний уурхайн байгаль бохирдуулах явдлыг эсэргүүцсэн Монгол малчин ачааны машинд дайруулж амиа алдсанаас хойш эсэргүүцэл тэмцэл улам идэвхжсэн юм. 2013 оны зургаан сард төрийн өмчит ойжуулалтын компани болон зургаан Монгол малчны хэрэг шүүхээр орж шийдүүлсэн. Эцэстээ малчид хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр долоо хүртэл жил шоронд хоригдохоор болжээ. Тэр жилийнхээ гурван сарын 26-28-ны өдрүүдэд Хөх хотод Өвөр Монголд хууль бусаар газар нутаг булаахыг эсэргүүцэж, малын бэлчээрээс Хятад ажилчдыг гаргахыг шаардан Монголчууд жагссан юм.

Тэгэхэд Хятадын цагдаа нар жагсагчдыг хүчээр хөөн тараажээ.

Бээжинтэй эдийн засгийн болон найрсаг харилцаагаа хадгалах эрмэлзлэлээсээ болоод Улаанбаатарын албаныхан энэ үйл явдалд байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм.

Өвөр Монголын хүн ам 24 сая орчим. Харин 20 хувийг эзэлдэг Монгол үндэстнүүд уул уурхайн компанид ажиллахаар Хятад ажилчид олон зуун мянгаараа ирж байгаад дургүйцэн бухимдаж байгаа юм.

Тэмцэл хэдийгээр олныг хамарч чадахгүй байгаа ч сүүлийн жилүүдэд зөрчилдөөн улам нэмэгдэж байгааг Дорно Дахины Судлалын Хүрээлэнгийн Солонгос, Монгол судлаач Владимир Грайворонский батлаж байна.

“Түүхэн шалтгаанаар Монголчууд Хятадуудад таагүй ханддаг. Учир нь Хятадууд тэднийг 200 жил дарлаж байсан. Гэвч өнөөдрийн гол асуудал газар болоод байна. Хятадын уул уурхайн компаниуд Өвөр Монголд шинэ уурхайнууд нээж, Монгол малчдыг бэлчээрээс нь шахаж байна” гэж тэр хэллээ.

Тэр нэмж хэлэхдээ “Монголчуудаас газрыг нь худалдаж авч байгаа ч тэд ажилгүй, амь зуух аж ахуйгүй үлдэж байгаа юм” гэлээ.

Бээжингийн албаныхан Өвөр Монголчуудын энэ дургүйцлын талаар мэдээллийг нууцалж байна. “Хятад улс олон улсын мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл гарахаас их болгоомжилдог. Хэдийгээр Хятад орон социализмыг байгуулж байгаа ч Өвөр Монголд хүний эрхийн үзэл санаа хөгжиж үндсэрхэг үзэлтнүүд, радикалууд бий болсоор байна” гэж тэр дурдлаа.

Бээжинтэй эдийн засгийн болон найрсаг харилцаагаа хадгалах эрмэлзлэлээсээ болоод Улаанбаатарын албаныхан энэ үйл явдалд байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм. “Монгол Улсын Засгийн газар болж байгаа үйл явдлыг ажиглаж мэдэж байгаа ч албан ёсны ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна” гэлээ.

“Энэхүү дургүйцэл, бухимдлаа илэрхийлэх явдал цаашдаа юунд хүрэх нь тодорхойгүй байна. Хятад улс хүч хэрэглэх нөхцөлд ч хүрч болзошгүй” гэж Грайворонский дүгнэж байна.

Хятад улс нь үндэсний цөөнхийн эсэргүүцэл тэмцэлтэй Шинжаан болон Төвдөд мөн байнга тулгарч байгаа. Шинжаан дахь Уйгарууд бүтэн зууны турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, террорист арга замуудыг хүртэл ашиглаж байгаа нь нууц биш юм.