Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Уучлаарай, Украйны асуудлаас Хятад хожихгүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“The Diplomat” сайтад Украйн, Хятадын хамаарлын талаар Макаогийн Их Сургуулийн профессор Диндин Чений бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Орос улс Крымийг нэгтгэсэн цагаас эхлэн Хятадын зарим тоймчид Хятад улс энэ хямралаас ихийг хожих боломжтойг баталцгааж бүр цаашилбал Бээжинд хоёрдогч “стратегийн боломжит цаг мөч” ирж байгааг шагшин бичиж байлаа.

Зарим Америкын тоймчид ч үүнтэй санал нийлэн Украйны хямралын цорын ганц ялагч бол Хятад гэцгээж байв.

Энэ дүгнэлтийн цаад логик нь Крымийн хямрал Орос ба Барууныхны хооронд хоёр дахь хүйтэн дайныг өдөөж, ингэснээр АНУ нь анхаарлаа Европт хандуулж эхэлнэ. Энэ эргэлт нь АНУ-ын Хятад дахь дарамтыг ихээр бууруулах юм. Цаашилбал хүйтэн дайн эхэлснээр Орос, Америк хоёул Хятадын дэмжлэгийг авахыг хүсэх ба энэ нь Бээжинд стратегийн том тоглолт хийх боломж олгоно.

Хэдийгээр энэ дүгнэлтэд үнэний хувь байгаа ч эцэстээ энэ боломж нь хоёр бэрх асуудлаас болж бараг бүтэшгүй болоод байна.

Нэгд, Орос ба Барууны харилцаа дээр дурдсанчлан муудах шинжгүй байгаа. Үнэндээ Орос ба Барууны хэн нь ч хямралыг гүнзгийрүүлэх сонирхолгүй, бүр боломж ч байхгүй байна.

Эрчим хүчээ экспортлох сонирхолтой Оросын хувьд Барууны зах зээл чухал хэвээр байна. Оросууд Барууныхны тавьсан эдийн засгийн хоригоос болоод хохирол амсаад эхэлсэн ба хориг чангарвал байдал бүр ч дордохоор байгаа.

Бодит байдал дээр Орос хүчтэйдээ Крымийг эзлээгүй, харин хүч нөлөөгөө алдаж байгаа учраас үүнийг хийсэн. Эдийн засгийн бүтэц талаас нь харвал Орос үүнийг аргагүйдээ л хийсэн гэж үзэж болно. Оросын эдийн засаг эрчим хүчний экспортоос гүнзгий хамааралтай. Энэ нь урт хугацаанд маш их эрсдэлтэй. Ялангуяа ирээдүйд Европ шинэ технологийн ачаар эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах нь гарцаагүй.

Иймээс Оросууд Крымийг авсан явдал нь түрэмгийлэл гэхээсээ илүү өөрийгөө хамгаалах шинж чанартай. Цаашилбал хэдийгээр Оросууд хүйтэн дайныг хүслээ ч түүний цэрэг, эдийн засгийн чадал ингэж дийлэхгүй.

Үүнтэй адилаар Барууныханд ч Оросуудыг барих хүсэл болон чадвар байхгүй. АНУ эдийн засгаа сэргээхийн төлөө тэмцэх явцдаа батлан хамгаалах зардлаа хассан нь түүнийг Оростой хүйтэн дайн хийж чадахгүйг харуулж байна.

Үүнээс гадна, Америкын зарим стратегичид АНУ-ын өрсөлдөгч бол Орос биш, харин Хятад гэдгийг хэлж байгаа. Иймээс Америк нь зөвхөн Вашингтонд ач холбогдолтой гэдэг шалтгаанаар Крым юм уу Украйнаас болж Оростой дайтахгүй, хүсэх ч үгүй.

АНУ нь үсрээд л Польш, Балти хавийн улсуудын аюулгүй байдлыг хангах гэж зүүн Европт түр цэрэг зэвсгээ байрлуулах биз.

Европ бол бүр ч Оростой Крымээс болж муудах сонирхолгүй. Герман гэхэд Оросын байгалийн хийнээс хамааралтай тул “хатуурхаж” чадахгүй. Мөн Франц, Англи ч Оростой хийдэг худалдааны сонирхлоо Крымээс дээгүүр тавьж байна.

Орос дорнод Украйныг эзлэхгүй л бол Москва болон Барууныхны сөргөлдөөн нэгээс хоёр жилдээ арилах нь тодорхой. Нэг үгээр хэлбэл Орос ба Барууныхан шинэ хүйтэн дайн эхлүүлэхгүй. Хамгийн үнэмшилтэй хувилбар нь Украйн улс Орос ба Барууны хооронд зөөлөвч бүс болж үлдэх байх. Путины мэдэгдсэнээр бол тэр дорнод Украйныг эзлэх санаагүй байгаа гэсэн. Гэхдээ энэ нь хэзээ ч ингэхгүй гэсэн үг биш, харин ойрын үед ингэх бодолгүй гэсэн үг гэж ойлгоход болно.

Нөгөө нэг асуудал нь Орос, Америкын аль нь ч Хятадаас тусламж хүслээ гэхэд бодит байдал дээр Хятадын үзүүлж чадах дэмжлэг тун бага. Украйны асуудал эргээд Хятадыг хүнд байдалд оруулаад байгааг санах хэрэгтэй. Хятад нь өөрийн дотоод асуудлуудаас болоод, тухайлбал Тайвань, Төвд, Шинжаан гэх мэт, Оросыг ил тод дэмжих боломжгүй байгаа. Мөн Украйнд болсонтой ижил дотоодын бослого хөдөлгөөн гарах вий гэсэн айдсаасаа болоод Баруунхныг ч олигтой дэмжиж чадахгүй.

Тиймээс Орос, Америк хоёул Хятадаас тусламж хүслээ гэхэд Хятадын үзүүлж чадах зүйл тун бага юм. Харин ч эсрэгээрээ хангалттай тусалж чадаагүйнхээ төлөө тэдний уур цухалдлыг хүргэж магадгүй. Ийм үр дүнд хүрэхийг Хятад хүсэхгүй учраас аль алинд нь тал алдахгүй байх зам сонгож НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган дээр Крымийн асуудлаар түдгэлзсэн байр суурь баримталсан билээ.

Товчхон дүгнэхэд, Хятадын зарим тоймчдын өөдрөг байр суурийг тооцохгүйгээр Крымийн нөхцөл байдлаас Бээжин хожих зарим  нэг боломж байгааг үгүйсгэхгүй. Харин хоёр дахь “стратегийн боломжит цаг мөчийг” дурсаад ч хэрэггүй байх.