Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путины парламентад хэлсэн үгийн тойм

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр ОХУ­-ын ерөнхийлөгч Владимир Путин парламентын хоёр танхимд хандаж Крымийг ОХУ-д нэгтгэх хуулийг хэлэлцэж батлахыг хүслээ. Тэр өнгөрсөн Ням гарагт Крымд болсон бүх нийтийн санал асуулгаас хойш анх удаагаа олон нийтэд хандаж үг хэлсэн юм.

  • Путин парламентын гишүүдэд хандаж үг хэлснийхээ дараа Крымийн бүс нутгийг ОХУ-д нэгтгэх хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Крымийн ерөнхий сайд болон парламентын дарга нар мөн хамт гарын үсэг зурав.
  • Путин хэлсэн үгэндээ Орос хүн бүрийн зүрх сэтгэлд үргэлж “Крым бол Оросын салшгүй хэсэг” гэдэг ойлголт байдгийг дурдлаа. Орос улсын хувьд Крым нь амин чухал асуудал байсаар ирсэн гэлээ.
  • Путин хүн бүрийн айдас болсон Орос Украйны бусад хэсгийг эзлэнэ гэдэг таамаглалыг няцаалаа. “Бид Украйныг хуваах сонирхолгүй, ингэх шаардлага бидэнд байхгүй” гэлээ.
  • Крым дэх үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалахаа илэрхийлж Орос, Украйн, Татар хэлнүүд ижил эрхтэй хэрэглэгдэнэ гэж зарлалаа. Ялангуяа Сталины үед хэлмэгдэж явсан Татарчууд Оросын бүрэлдэхүүнд ороход эргэлзэж байсан нь үүнтэй холбоотой байв.
  • Путин барууныхан Украйны дотоод хэрэгт оролцож, мөн элдэв хориг арга хэмжээгээр Оросыг айлгахыг оролдож байгааг шүүмжлэв. Тэр Орос хэзээ ч Баруунтай мөргөлдөөн хийхийг хүсэхгүй, гэхдээ өөрийн эрх ашгийг хамгаалах болно гэлээ.
  • АНУ тэргүүтэй барууныхны дэлхий дахинд, ялангуяа Ойрх Дорнодод явуулж байгаа цэргийн ажиллагаанууд “зэвсгийн дүрмээр” хийгдэж байгааг тэр сануулав. Харин Оросын Крым дэх ажиллагааг эзлэн түрэмгийлэл гэж шүүмжилж байгаа ч ганц ч буун дуу гаргаагүй болохыг дурдлаа.
  •  Путин Украйны “төрийн эргэлтийн” ард байгаа үндсэрхэг үзэлтнүүд, нео нацистууд, Оросын эсрэг үзэлтнүүд, анти-семитүүдийг буруутгалаа. Тэр радикалууд Киевийн засгийн газрын албан тушаалуудыг эзэлснийг сануулав.