Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж Сорос: Европын 25 жилийн зогсолт эхэлж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нэрт эдийн засагч Жорж Сорос, Украйн болон Европын талаар Блумбергийн Франсин Лакуатай ярилцжээ.

Онцлох хэсгүүдийг нь толилуулж байна.

Европын өнөөгийн байдал:

Европ өнөөдөр эрс өөрчлөлт хийхгүй бол урт хугацааны зогсонги байдалд орох гэж байна. Ийм байдлаас нэгдмэл үндэстэн бол гарч чаддаг. Япон гэхэд 25 жилийн зогсонги байдлаас одоо л гарах гэж оролдож байна. Тэгэхэд Европт энэ нь дөнгөж эхэлж байна шүү дээ. Гэвч Европын Холбоо бол нэгдмэл үндэстэн биш. Энэ бол олон үндэстний хагас дутуу бүрдсэн нэгдэл тул энэ 25 жилийг давж чадахгүй байх.”

Санхүүгийн хямрал ингээд дуусах байх. Гэвч одоо улс төрийн хямралтай тулгарч байна. Евро хямрал нь тусгаар улсууд өөрийн тусгаар байдлаа золиослон сайн дураараа илүү сайн сайхан нийгэм рүү шилжинэ гэсэн анхны санааг шал өөр зүйлээр сольчихлоо.

Одоо энэ харилцаа нь зээлдэгч, өр тавигч гэсэн харилцаа болж өр тавьсан талууд нь өрөө төлж чадахгүй болохоор зээлдэгчид алдагдлыг нь үүрдэг систем болсон. Энэ нь Евро бүсийг зээлдэгч, өр тавигч гэсэн хоёр хэсэгт хуваалаа. Зээлдэгчид, тухайлбал Герман бүх ачаалал, хариуцлагыг үүрч байгаа нь өртэй орнуудыг улам бүр доройтуулж байна. Тиймээс яг одоо Европ бага зэрэг өсөлттэй харагдаж байгаа ч үүний цаана Герман л урагшилж, Итали, Испани мэт улсууд уруудаж байгаа.

Европт учруулах Украйны нөлөөний талаар:

Украйн бол Европт өгч байгаа дохио. Орос, Европын холбооны шинэ өрсөлдөгчөөр тодорч байгааг сануулж байгаа юм.

Путин Оросын эзэнт гүрнийг буцаан сэргээж Европтой өрсөлдөхийг санаархаж, тэр нь ч улс төрийн хувьд амжилттай явж байна.

Путин Оросын эзэнт гүрнийг буцаан сэргээж Европтой өрсөлдөхийг санаархаж, тэр нь ч улс төрийн хувьд амжилттай явж байна.

Эдийн засаг, санхүүгийн хувьд тийм сайнгүй байгаа ч Путин Европоос илүү тоглолт хийж чадаж байна.

Гэвч Украйны иргэд өөрсдийн амь амьдралыг золиослон байж боссон. Тэдний хүсэл Европын нэг хэсэг болох. Энэ бол Европын Холбоонд том сорилт болж байна. Тиймээс Европ дотроо улс бүр нь өөр өөрийн эрх ашгийг илүүд үзэн тэмцэлдэхийн оронд энэ боломжийг ашиглан Европын гэдэг тэр нийтлэг шинжээ дахин тодруулж харуулах хэрэгтэй. Энэ нь Европын Холбоог үүсгэхэд хүргэсэн гол тулгуур зарчмууд болох ардчилал, нээлттэй нийгэм, эрх чөлөө юм.”

Нийгэм ямар байх талаар Путин маш өөр ойлголттой. Тэр хүмүүсийг захирч болдог гэж боддог. Тэр үнэндээ тун харалган байна. Түүний ойлголтыг хүмүүс хар аяндаа л эсэргүүцэх болно. Путин Украйнчууд эсэргүүцээд байгааг Америкчууд, ТТГ, миний сан зэргийн явууллага гэж хардаж байгаа. Үнэндээ бол хүмүүс эрх чөлөөний төлөө л тэмцэж байна.”