Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван саяулаа болоход учир бий

Ж.Өнөржаргал
2014 оны 3 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван сая дахь иргэндээ гурван сая төгрөг, байр өгөхөөр шийдвэрлэсэн. Төв Азийн цээжин дэх гурван сая монгол...

Хүн амаа өсгөж байж, бүл чадалтай болохын чухлыг эрх баригчдаас эхлээд дугаар хорооны Дулмаа хүртэл сайтар ойлгосон цаг үед чихэнд чимэгтэй шийдвэрүүдийн нэг байв.

Мэдээж эдийн засгийн хөшүүргээр төрөлт нэмэгдэж, тэр хэрээрээ хүн ам өсөх учиртай. Гэхдээ өнөө маргаашийн хэрэглээний хэдэн төгрөг, ганц өрөө байраар биш. Бид гурван саяулаа болоход учир бий.

Эмэгтэйчүүдийн болон шүдний эмнэлэг бараг л орц, хонгил бүрт байдаг хэрнээ хүүхдийн гэх тодотголтой төрөлжсөн, нарийн мэргэжлийн, орчин үеийн тоног төхөөрөмжтэй нь хуруу дарам цөөн.

Хамгийн энгийн жишээ дурьдахад л хэзээд хэл ам таталж байдаг сургууль, цэцэрлэг, төрөх болон хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдвэрлэх ёстой.
Эх жирэмсэн боллоо, хаана төрөх вэ. Ачаалал нь хэд дахин нэмэгдсэн одоогийн амаржих газрууд жил ирэх тусам зогсолтгүй нэмэгдсээр байгаа төрөлт хоёр эсрэгцэж байна. Амаржих газрууд ачааллаа дийлэхээ больсноос үүдэж, эх, хүүхдийн эндэгдэл буурахгүй байгааг ч дурьдахгүй өнгөрч болохгүй. Зай, завсрыг нь тааруулаад эсэн мэнд хоёр яс саллаа.

Гэтэл сүүлийн үед янз бүрийн хүчин зүйлсээс болж төрөлхийн эмгэгтэй хүүхдүүд төрөх болсон. Эрүүл хүүхэд байсан ч хамрын ханиад тусахаар эмнэлгийн тусламж шаардлагатай болно. Гэтэл ЭХЭМҮТ-өөс өөр хүүхдийн гэх тодотголтой эмнэлэг манай улсад байхгүй. Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг өвлийн ид оргил ачааллын үеэр ямар байдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Эмч нь хоёр чихээ гараараа таглачихсан, нүд нь эрээлжилчихсэн сууж байсан дүр зураг тун саяхных.

Эмэгтэйчүүдийн болон шүдний эмнэлэг бараг л орц, хонгил бүрт байдаг хэрнээ хүүхдийн гэх тодотголтой төрөлжсөн, нарийн мэргэжлийн, орчин үеийн тоног төхөөрөмжтэй нь хуруу дарам цөөн. Байгаа хэд нь амьжиргааны төвшнөөс хэтийдсэн үнэтэй тул гэр хорооллын нэгэн үйлчлүүлэх боломжгүй. За тэгээд сургууль, цэцэрлэгийн асуудал жилийн жилд асуудал дагуулсан хэвээр.

Би Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч. Миний амьдардаг бүсэд хүн ам нэмэгдэж, тэр хэрээр сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд олширсоор байгаа боловч сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсэнгүй.

Манай хорооны хүн ам байх ёстой хэмжээнээсээ давсан тул шинэ хороо байгуулсан. Бас л сургууль, цэцэрлэг нэмж барьсангүй. Ачааллаа дийлэхээ больсон ЕБС эдүгээ гурван ээлжээр хичээллэж байгаа. Харин цэцэрлэг нь намар бүртгэл явуулах гэж бөөн хэл ам, хэрүүл тэмцэл. Өнгөрсөн намар хүүг минь гурван нас хүрээгүй гээд цэцэрлэгт бүртгээгүй юм. Уг нь бусад цэцэрлэг хоёр нас найман сартайгаас нь эхэлж авдаг юм билээ. Тэгээд хавар ганц, нэг орон тоо гарч магадгүй. Учир нь “Зарим хүүхэд өөр хороо, дүүрэг рүү шилжих буюу ханиад томуунаас болоод цэцэрлэгээсээ гарчихдаг юм. Тэр үед нь ирээрэй” гэлээ.

Тэгээд хэлсэн ёсоор нь энэ сарын 1-ээс хүүгээ өгчих санаатай цэцэрлэгийн багштай уулзвал “200-300 мянган төгрөг өгвөл болно” гэдэг юм байна. Мэдээж хүн гуйж л байгаа юм чинь гарыг нь цайлгалгүй яах вэ. Гэхдээ харьяаллынхаа дагуу цэцэрлэгт оруулах гэж байж ер нь заавал мөнгө төлөх шаардлагатай юу гэсэн асуултад бүдрэв. Хүн сонсоход нэг их мөнгө биш боловч яагаад бүх зүйл ийм шударга бус байгаад гайхсан хэрэг. Мөнгөгүйдээ биш шударга бус байдал СӨБ-ын системд хүртэл байхад Монгол Улс яаж хөгжих вэ дээ гэсэн бодолд ээрэгдсэн хэрэг.

Өнгөрсөн намар цэцэрлэгийн гадаа хонож дугаарлаж байсныг сурвалжилсан болохоор сайн санаж байна. Тэгэхэд эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадна хоносноороо мөнгө хэмнэжээ. Орон тоо байхгүй гэх үгээр ам таглах хэрнээ мөнгө төлбөл асуудлыг шийдэж болно гэж байгаа нь инээдтэй ч юм шиг, ичгэвтэр ч юм шиг.

Бид гурван саяулаа болоход асуудал байгаагийн нэгээхэн хэсэг нь энэ. Хэрвээ хүн амаа өсгөж, бүл чадалтай болохыг хүсч байгаа бол энэ мэтчилэн асуудлыг эхлээд цэгцлэх шаардлагатай байна.

Зураг